ОХУ-аас Украиныг түрэмгийлснийг эсэргүүцэн Оросын найман дипломатчийг хөөж байгаагаа Японы засгийн газар мэдээллээ. Японы гадаад хэргийн яамны төлөөлөгч Хикарико Оно өчигдөр энэ талаар мэдээлж, Дотоод хэргийн сайд Такео Мори нь тус улсад суугаа ОХУ-ын элчин сайд Михаил Галузинд мэдэгдэл хүргүүлсэн байна.
Түүнчлэн Японы ерөнхий сайд Фумио Кишида Их-7 бүлэгтэй зөвшилцсөний дагуу ОХУ-ын эсрэг нэмэлт хориг тавих бололтой. Их-7 бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтаар ОХУ-ын нүүрс, байгалийн хийн импортод хориг тавих талаар ярилцсан аж. Япон нь өмнө нь цэргийн зорилгоор ашиглагдах боломжтой бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлохыг хориглож, ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй улстөрчдийг хар жагсаалтад оруулан, олон улсын мессежийн сүлжээнээс орос банкуудыг хассан юм.
Зүүн Ази дахь нөлөөлөлдөө анхаарч буй Япон улс нь Украинд дэмжлэг үзүүлэх олон улсын харилцаанд тэргүүлэх үүргийг гүйцэтгэхээр хичээж буй. Зүүн Азид Хятад улс нь цэргийн ажиллагаагаа нэмэгдүүлсэнд Япон санаа зовниж буй аж.
ОХУ, Украины дайнаас үүдэн Москватай харилцаа муудсан Европын орнууд Оросын олон дипломатчийг албадан гаргасан юм. Үүний зэрэгцээ АНУ, Европын орнууд Оросын нүүрсний импортод хориг тавих зэргээр Москвагийн эсрэг олон арга хэмжээг авч буй.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ