
Ингээд ТЕГ-аас улсын нууц задруулсан гэх хэрэгт Ц.Жаргалсайханыг 87.1-ээр зүйлчлэн хэрэг үүсгэн шалгаж байсан бол хууль хяналтаас хэрэг хянах явцад зүйл анги өөрчлөгдөж 79.1-ээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх зүйл ангид зааснаар “Улсын нууцад хамаарах баримт бичгийг гадаадын улс орон болон тусгай тагнуулын албанд дамжуулсан бол 16-25 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр түүний зүйл анги өөрчлөгдөх болсон нь Ц.Жаргалсайханы нууц задруулсан гэх үйлдэл нь нэг удаагийнх биш бололтой. Тэрбээр ТЕГ-т шалгуулах явцдаа “Би улсын нууц задруулаагүй, тэдгээр баримт бичгийг нууцын зэрэглэлд хамаардаг гэдгийг мэдээгүй” гэж мэдүүлэг өгч байжээ. Мөн дуулиан тарьсан уг хэргийн талаар хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 12-ны өдөр хяналтын прокурор Ё.Сагсайгаас тодруулахад “Улсын нууцтай холбоотой учраас мэдээлэл өгөх боломжгүй. Уг хэрэгт Б.Болор, Г.Байгальмаа нарыг шалгах үед гэмт хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдож хэрэгсэхгүй болгосон” гэсэн тайлбар өгсөн юм. Чингэлтэй дүүргийн шүүхээс энэ хэргийг хэлэлцээд холбогдогч Ц.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчлэлийн дагуу “Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн” хэмээн чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Ц.ЖАРГАЛСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ
Ц.Жаргалсайхан нь БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Д.Цахилгааны хүү юм. Тэрбээр 1990-1996 онд төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины гадаад мэдээллийн албанд сэтгүүлчээр ажиллаж байсан. Үүний дараа “UB post” сонин байгуулан, 1998 оныг хүртэл эрхлэгчээр нь ажилласан. Харин 1998 онд сэтгүүлзүйгээс хазайж, ЮНЕСКО-гийн төсөлд ажиллах болжээ. Улмаар 2000 оноос УИХ-ын Тамгын газарт зохион байгуулагчаар ажилд орсон ба 2002 онд тушаал дэвшин УИХ-ын Тамгын газрын зөвлөх, 2007 онд дэд зэр¬гийн түшмэлийн зэрэг, дэв хүртсэн юм.
Н.Түвшин