М.Энхболдын замыг туулж яваа Л.Оюун-Эрдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

М.Энхболдын замыг туулж яваа Л.Оюун-Эрдэнэ

М.Энхболдын замыг туулж яваа Л.Оюун-Эрдэнэ

“М.Энхболд гэж хувь хүнтэй тэмцээгүй. Харин бид энэ шударга бус системийг, баялгийг булааж буй дэглэмтэй тэмцэж байгаа”. Тэрбээр гурван жилийн өмнө ингэж хэлээд, “МАНАНгийн дэглэмийн эсрэг” жагсаалыг зохион байгуулж, М.Энхболдыг УИХ-ын даргаасаа огцрохыг шаардаж явлаа.

Тэгвэл өнөөдөр төв талбайд жагсаж буй залуусын өмнө, Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар гарч, тэдний тавьсан шаардлагад нь хариулт өгч зогсоно. Түүх давтагддаг гэдэг. Энэ удаагийн жагсаалын бай нь Л.Оюун-Эрдэнэ, эрх барьж буй намын, тэр нэг өдөр М.Энхболдын атгаж явсан тамга түүнийх болжээ. Тэр өнөөдөр яг М.Энхболд шиг “хайчин” галын дунд зогсож байна.

НЭГ.

Бараа таваарын хомсдол, үнийн өсөлтөөс болж, Монголд эдийн засгийн хямрал хэдийнэ нүүрлэн, энгийн иргэдийн авдаг мөнгө аманд ч үгүй, хамарт ч үгүй болсон. Иймээс залуус төв талбай дээр гарч эрх баригчдаас ажлаа хийхийг шаардлаа. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ гэж хувь хүнээс биш, Монгол Улсын Засгийн газраас үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ аваач ээ л гэж жагссан юм.

Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулж асан гурван жилийн өмнөх жагсаалаас өөр нь залуус эрх мэдлийн төлөө биш эх орондоо сайхан амьдрахыг хүсч байна. Даанч, эрх баригчдын дабль стандарт, илүү тэгш эрх, төсөв мөнгөний хулгай, төрийн өмчийг тонож идсэн хэргүүд нь иргэдийг ийнхүү талбай дээр гаргав.

Ерөнхий сайдыг төлөөл өчигдөр  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар талбай очиж, жагсагчидтай уулзсан боловч нэмэр болсонгүй.  Нөгөө болдоггүй бор өвгөний нисдэг бор морийг нь идээд ир гээд явуултал нисдэггүй морь морийг нь идчхээд ирдэг үлгэр шиг л болов.  Ядаж байхад нь цагдаа нар жирийн залуусыг баривчилж саатуулаад, зодож нүдээд бөөн хэрэг тарьчихаж.

Тиймээс  олон нийтийн шахалт, шаардлагад орсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр төв талбайд, жагсагчидтай уулзахаас өөр арга байсангүй.

Жагсагчдын шаардлагад өгсөн Ерөнхий сайдын тайлбар нь “Монгол Улс төдийгүй дэлхий даяар өссөн байгаа нь үнэн. Засгийн газар үнэ барих хуулийн төсөл боловсруулж, УИХ-д оруулсан.  УИХ-ын гишүүд энэ хуулийг батална гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар мах, гурил, эм эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ гэхдээ амаргүй. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Авлига, хээл хахуулийн хэрэгт ялын бодлогыг чангатгана. Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар гаргаж тавьсан. Засгийн газар та бүхэнтэй адил байр суурьтай байна. Хөгжлийн банктай холбоотой улстөрчдийг түдгэлзүүлж шалгуулах ёстой”.

ХОЁР.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 оны өвөл УИХ-ын дарга асан М.Энхболдын улаан нүүр рүү нь харж байгаад “Та зүгээр огцрох өргөдлөө өг. ҮХЦ-ийн эцсийн дүгнэлт гартал таныг чуулганы хуралдааныг даргалахгүй байхыг шаардаж байна” гэж явсан бол эсрэгээрээ өнөөдөр жагсагчид түүний улаан нүүр рүү харж байгаад уур бухимдлаа сад тавилаа.

М.Энхболд ажлаасаа чөлөөлөгдөхдөө “Хэн нэгнийг алдаршуулж, “ард түмний хайртай хүү” болгох, өөр нэгнийг бүхнийг шийдэгч болгон харуулахад намайг харлуулах, муучлах шаардлага байсан байж магадгүй” гэсэн нь өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн толгойд торхийтэл орж байж ч мэднэ.   Учир нь, тэр М.Энхболдын зовлонг илүүтэй мэдэрч яваагийн хувьд. Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнийг муулчлах шаардлага албан бус зөвлөх асанд ч, Ардын намынханд ч байгаа. Хөгжлийн банк гэж дарьтай торхон дээр тэр хэдийнэ гараад суучихсан хүн шүү дээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “Засгийн газар ид шидтэн биш” нь ойлгомжтой. Гэхдээ тэд бодлого тодорхойлогчид. Бодлого тодорхойлогчийн хувьд үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авахаас өөр аргагүй.  Үүнийг хийхийн тулд тэр Ерөнхий сайд болсон шүү дээ.

Гадааднаас импортлогдож буй хямралыг Л.Оюун-Эрдэнэ зогсоох боломжгүй. Хоёр том гүрний дунд, урдаа цар тахлын хоригтой, хойноо дайн байлдаантай, жижиг улсын Ерөнхий сайдын хувьд түүнд зовлон мундахгүй их. Гэхдээ  Г.Занданшатарын хэлснээр хэмнэлтийг иргэдээсээ биш эрх мэдэлтнүүдээс эхлэх ёстой.  Эрх баригчид ямар үед юу хэлэх, хэлэхгүйгээ тооцож байхгүй үгийн алдаа үйлдэл болж хувирч мэднэ.  Нөгөө талаар энэ хүнд цаг үед төсвийн мөнгөөр айрагны өргөө гэх мэт авлигын шинжтэй хөрөнгө оруулалтаас Засгийн газар татгалзах шаардлагатай. Сайд нарын унаа тэрэг, утасны мөнгөнөөсөө хэмнэлт гаргах учиртай.  Амласан шигээ Ардын намын цагаан байрнаас авлигатай тэмцэх ажлаа эхлүүлэх шаардлагатай. Үгүй бол тэр М.Энхболдын замаар өгсөж, М.Энхболдын замаар уруудна гэсэн үг.

ГУРАВ.

Нэг талаар Ерөнхий сайд нь өөрийн биеэр жагсагчидтай уулзаж, төв талбайд амлалт өгөөд зогсч байгаа нь Монголд ардчилал бас амьтай, голтой байгаагийн шинж. Нөгөө талаар асар их үнээр олдсон тусгаар тогтнол, ардчиллаа хамгаалах үүрэг иргэнд ч, эрх мэдэлтэнд ч бий.  Учир нь, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар хамгаалдаг ч эргээд үймээн, самуун үүсгэвэл үүрэх хариуцлагагыг нь Үндсэн хуульд суулгаж өгсөн байдаг юм. Иймээс эрхээ нэхэн жагсаж байгаа залуус бас энэхүү эрх чөлөөгөө хамгаалж, хайрлах үүрэгтэй юм шүү, дэлхийн улс төр, цаг үеийн нөхцөл байдлаа бодсон ч.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж