Тойм: Хөөрөгний наймаагаар авлига, хар зах зээлийг илрүүлж болно

Хуучирсан мэдээ: 2022.04.09-нд нийтлэгдсэн

Тойм: Хөөрөгний наймаагаар авлига, хар зах зээлийг илрүүлж болно

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагыг тоймлон хүргэж байна.


"ЗАСГИЙН ГАЗАР БҮХ БУРУУГАА ТӨВ БАНК РУУ ЧИХЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ"

Эдийн засагч Ө.Ганзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Монголбанкнаас  төгрөгийн уналт, инфляци өсөлтийг хязгаарлахын тулд мөнгөний бодлогын хүүг есөн хувьд хүргэсэн. Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү нэмэгдэнэ, бараа, бүтээгдэхүүний үнэ өснө, иргэдийн худалдан авах чадвар буурна.  Бодлогын хүүг нэмэхээс өөр арга байна уу?

-Хаврын саруудад барилга, уул уурхай, газар тариалан зэрэг гол салбарууд маань зээл авч, бизнесийн циклээ эхлүүлдэг. Гэтэл зээл авахын өмнө ийнхүү бодлогын хүүг огцом нэмснээр арилжааны банкууд зээлийн хүүгээ 2-3 нэгж хувиар өсгөхөөс өөр аргагүй байдалд хүрч байх шиг байна. Мэдээж, энэ нь эргээд барилга, газар тариалан, худалдааны компаниуд дээр дарамт болж очно. Нэмэгдсэн эцсийн үнийг жирийн иргэд л төлнө. Өөрөөр хэлбэл, инфляцитай тэмцэх биш, харин өөгшүүлсэн зүйл болж байна.

-Арилжааны банкууд ам.долларын худалдан авалтад хязгаарлалт тогтоох болсон. Валютын нөөц буурснаар эдийн засагт ямар сөрөг нөлөө гарах вэ?

-Манай гадаад валютын нөөц сүүлийн саруудад буурч байгаа нь санаа зовоосон асуудал юм. Гэхдээ бодлогын хүүг нэмэх замаар, эсвэл валютын гүйлгээг бүрмөсөн хорих маягаар төгрөгийн ханшийг хамгаална гэдэг үр дүн муутай. Иргэдэд төгрөгт итгэх итгэл өгөхийн тулд ажиллах ёстой. Ялангуяа төгрөгийн ханш сулрах бүрт Засгийн газар болон Улсын их хурал хамаг буруугаа Монголбанкинд чихдэгээ одоо болих хэрэгтэй. УИХ-аас  үр ашиггүй, үрэлгэн төсөв баталж, Засгийн газар тийм санал оруулснаар өнөөгийн байдал үүсч байна.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.


ХӨӨРӨГНИЙ НАЙМААГААР АВЛИГА, ХАР ЗАХ ЗЭЭЛИЙГ ИЛРҮҮЛЖ БОЛНО

Бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч Б.Лхагважавтай ярилцлаа. 


-УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын буцаан олголтыг 40 хүртлэх хувь болгох санал гаргасан.  Энэ зөв үү?

-УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ыг буцаалтыг 40 хүртлэх хувь нэмэгдүүлэх санал гаргасныг сонссон. Н.Учрал зөв санаагаа маш буруугаар ойлгуулчихав уу гэж харсан.  Олон нийтийн сүлжээнээс харахад гишүүнийг амьдралаас тасарчихсан зүйл ярилаа гэж иргэд бухимдаад байх шиг байна лээ.  Ер нь НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ өндөр байх тусам иргэдийн тусламжтай далд эдийн засаг хумигдана.

Ойрын хугацаанд хар зах зээл, авлигатай тэмцэх хоёрхон аргыг  НӨАТ-аар шийдэж болно. Эхний ээлжид хар зах зээлийг илрүүлэх тусам НӨАТ-ын буцаан олголтын ө хувийг эргүүлэн  өг.  Би дахиад л хэлье, НӨАТ-ын 80 хувийг буцаан олго.  Энэ бол эцсийн хэрэглэгч төлж буй татвар.

Иргэн цалингаас бүх даатгал татвар төлсний дараа үлдсэн мөнгөө дэлгүүр худалдааны төвд дахин 10 хувийн НӨАТ төлж үйлчлүүлж байна. Энэ бол их харгис татвар. Иймд энэ татвар аль болох бага, буцаан олголт нь өндөр байх ёстой. Тэгвэл иргэд НӨАТ-ын 80 хувийг буцаан авснаар үйлчлүүлж буй аж ахуйн нэгжийн бүх төрлийн татварыг улсад төвлөрүүлж чадна. Уг нь Засгийн газар хуралдаад шийдэж болох  хялбар асуудал шүү дээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Н.ЭНХБАЯР: ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХГҮЙ БОЛ ДЕФОЛТЫН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Монголын эдийн засгийн чуулга уулзалт хоёр жил завсарласны эцэст дахин эхэлж, тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж байна. Бид асуудлуудыг олон жил ярьсаар ирсэн. Шийдэгдэлгүй явсаар өнөөдөр байдал бахь байдгаараа. Та энэ чуулганаас ямар үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна вэ?

-Форумын зорилго төр, хувийн хэвшил аль аль талаасаа бодлого, зорилтоо ярилцах, харилцан ойлголцох гэж ойлгож байна. Одоогийн нөхцөлд форумын зорилго УИХ-аас өнгөрсөн онд “Шинэ сэргэлийн бодлого” баталсан учраас үндсэндээ түүнд чиглэгдэж байх шиг байна. Тулгамдсан асуудал дээрээ илүү төвлөрч ярилцах нь зөв болов уу. Бонд, гадаад худалдаа, дэд бүтэц, ложистик энэ бүхэн хамгийн чухал суурь эрчим хүч. Үүнийгээ шийдэхгүй бол бусад асуудал бүгд хэрэгжих боломжгүй гэсэн үг. Одоо явж буй төслүүд ч гэсэн. Бид төсөв дээрээ яг энэ тулгуур асуудал дээрээ илүү ач холбогдол өгч, эхний ээлжид шийдэх ёстой. Үүнийг олон улсын байгууллагууд байнга хэлсээр ирсэн. Бид тэргүүлэгч бодлогоо сонгоогүй. Одоо яг ингэж ярилцаж байгаа үед ялангуяа бодлого, шийдвэр гаргаж байгаа хүмүүс ядаж энэ дээрээ ойлголцох хэрэгтэй. Энэ амаргүй нөхцөл байдалд тулж байна, байгаа хөрөнгөө оновчтой зарцуулах хэрэгтэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"БАЙР, МАШИНТАЙ ХҮМҮҮСИЙГ ХҮНСНИЙ ТАЛОНООС ХАССАН"

ХННЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  С.Дамбийтай  ярилцлаа.


-Амьжиргааны түвшинээс доогуур орлоготой айл өрхөд хүнс тэжээлийн нэмэгдлийг олгодог. Гэтэл хувийн сууцтай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-аас дээш малтай иргэд хүнсний талон авч байгааг мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар амьжиргааны түвшин дээгүүр орлоготой нийт хэчнээн иргэн хүнсний талоноос хасагдаад байна?

-Хүнсний талоны хамгийн гол зорилго нь амьжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой өдөр тутмын хоол хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй зорилтот бүлгийн хүмүүст олгох зорилготой. Гэтэл хүнсний талоныг маш олон хүнд олгосон тоон баримт байна. Тиймээс энэ асуудлыг засч залруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэх чадвартай хөдөлмөрийн насны амжиргааны боломжтой хүмүүсийг нийгмийн сангийн дэмжлэгээс хасах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулж амьжиргааны түвшинг тодорхойлох дата мэдээлэлд үндэслэж 200-гаас дээш толгой малтай, олон машинтай, орон сууцтай зэрэг 50 мянга орчим иргэнийг хассан.

Тодруулбал, гуравдугаар сарын эхний байдлаар /нэг сарын өмнөх/ 9000 өрхийн  50 мянга орчим иргэнд хасалт хийсэн гэсэн үг. Мөн иргэд сайн дураараа хүнсний талоноос татгалзаж байна. Үүнээс  хэмнэсэн хөрөнгө нь жилд дунджаар  таван тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Энэ мөнгийг зорилтот бүлэг рүү бусад хөтөлбөрт зарцуулах боломж бүрдэж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж