УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Цар тахал, хил гаалийн гацалт, Орос Украины асуудлын улмаас үнийн өсөлт нийгэмд дарамт учруулж байна. Иргэдийн бухимдал өндөр байгаа учраас жагсаал, цуглаан хийх болсныг ойлгож байна. Үүнд хүндэтгэлтэй хандана. Тиймээс жагсагчдын санал, хүсэлтийг УИХ-ын тамгын газар холбогдох байгууллагууд хүлээж авсан.
УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл, шийдэл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам нарын гишүүд бий. Энэ ажлын хэсэгт Т.Доржханд гишүүнийг орж ажиллахыг урьсан. Эдийн засагчдын төлөөллийг тэгш байдлаар оролцуулахыг хүсч байна.
Ажлын хэсгийн зорилго нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар болон бодлогын шийдлийг ярилцана.
Ирэх зургаан сар амаргүй байх төлөвтэй байна. Олон улсын нөхцөл байдал хүнд байна. Тиймээс дор бүрнээ хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй. Ажлын хэсгийн түвшинд зөвлөлдөөд, төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай, хэмнэлтийг дээрээсээ эхэлье гэж шийдсэн. Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийг зогсоолоо. Төсвийн "бүс"-ийг чангалж, 660 тэрбум төгрөгөөр хэмнэсэн боловч өөр илүү бодлогын шийдэл гаргах шаардлагатай байна. Чуулганы хуралдааны дараа ажлын хэсэг хуралдаж, үүний дараа гишүүдэд мэдээлэл өгнө” гэлээ.
Холбоотой мэдээ