Гоё залуус, чалхгүй төр

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Гоё залуус, чалхгүй төр

Гоё залуус, чалхгүй төр

Элдэв сүржин үгтэй, цүнх баригчдын даржин жагсаалаас огт өөр жагсаалыг орчин үеийн оюутан залуус үзүүлэв. Наанаа сайхныг амлаад, цаанаа намаараа нийлж “цусалдаг” төрийг “огцор” гэсэнгүй. Цалин, тэтгэвэр нэмэхийг ч шаардсангүй. Бэрдээс бурхан гуйх шиг аманцар төрийг ажлаа хийхийг шаардав. Нийтээрээ хямралд нэрвэгдсэн байхад тансаг хэрэглээгээ тана гэж ичгүүргүй цэцэрхсэн улстөрчдийг “Хэмнэлтээ өөрсдөөсөө эхэл” хэмээн мадлав. Тэрхүү бичгээ ч бодож, сэтгэж бичсэн нь илт. Бичгийн цааснаас үнэгүй болчихсон бутархай дэвсгэртийг хаягдал цаасан дээр үсэг болгон эвлүүлж, үг бүтээсэн нь бодит байдлыг хүүрнээд өгөх шиг.

Товчхондоо, эрх баригчдын ганц хийж чадахгүй зүйлийг залуус нэхлээ.

Ингэхдээ бэлдсэн, хэвлэсэн, үнэтэй лоозон барьсангүй. Дэвтэрээ гаргаж ирээд, нэгнийхээ нурууг ширээ болгон бичсэн охидын уриа “Манайд юу доогуур байгаа гэнээ… Санаагаа зовоо, ич…”, “Бүгд л сэтгэлээрээ байвал болчихно”, “Ах аа, нар ичддэггүй юм уу” гээд хөврөх бол хаягдал цаас дээр хайнгадуу бичсэн залуусын лоозон “Амьдрачихийнсссссс…!!! Амьдарчих юмсан…!!!”, “Амь зогоох бус амьдрах гэж хөдөлмөрлөмөөр байна”, “Юмны үнэ арай дэндлээ. Ажлаа хий, л*лр**даа”, “Хуулиа өөрчил”, “Эх орондоо амьдрах боломж өг”, “Халамжаа зогсоо”, “НӨАТ-аа багасга” гэхчилэн өөрсдийнхөө хэлэх үгээ бичжээ. Тэдний дундуур эрх баригч намын “цүнх баригчид” үймүүлэх гэж оролдож, “Огцор” гэх үгсийг орилж, увайгүй загнах агаад, залуус тэднээс зайгаа барих нь бахархмаар.

Алдсан ч өөрийнхөөрөө, үзэл бодол, үнэт зүйлстээ үнэнч залуус арчаагүй төрийг ажлаа хийхийг шаардав. Тэд зөв шаардлагыг соёлтой илэрхийлэв. Огтоос ондоо үе Монголд өсч, өндийж байна.

Тэд хүчирхийллээс зайлсхийж, үймээнээс өөрсдийгөө хамгаалж байв. Тэдний байдлыг харсан цагдаагийн залуус ч энгийн хувцсаа өмсөөд, эвлэлдэн нэгдмээр буйгаа шивнэлдэж сонсогдсон. Харин тэднийг өдөөн хатгаж, үймүүлэн саармагжуулж, замбараагүй байдал үүсгэж, буруу зүйлд уриалж, бялуу хүртэх дараагийн ээлжээр тодрох гэсэн бузрын бодолтой болчимгүй эрх баригч намын залуус энд тэнд бишгүй харагдсан. Харанхуй болохын хэрээр харх шиг олноороо үзэгдэнэ лээ.

Залуусыг тодорхой шаардлагатай болъё гэж зүсээ хувиргасан намчид зөвлөж байсан ч өнөө, маргаашийн өдрөө аргацаасан шийдвэр бус зүй тогтол, тогтолцоог өөрчлөхөөр туйлын зорилготой залуус эрх мэдэл бус хийж буй ажилдаа эзэн болохыг л хүсч байна.

Тэд хэн нэгний татаас, ар өврийн хаалга, авлигааар амьдралаа дээшлүүлдэг бус, хийснийхээ хэрээр сайхан амьдардаг хэм хэмжээ нь тэгш нийгмийн төлөө л жагсаад байх шиг. Энэ л өөр өөрсдийн ертөнцтэй, өнгө зүс, хэв маяг өөр өөр тэднийг нэгтгэж, нэг цул болгож чадаж байна. Эрх баригчдын хувьд хамгийн зовлонтой нь хийж чадахгүй ажлыг нь, хэлсэн шигээ байхыг л шаардсан учраас хэлэх үггүй болсон Ерөнхий сайд нохойд барьдаг мод шиг Х.Нямбаатараа гаргасан ч хүлээж авсангүй.

Залуусыг хамгаалахын тулд цагдаагийн хүчийг нэмэгдүүлсэн гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдэл хийсэн ч үнэндээ өдөөн турхирагч, өөдгүй залуусаас тэднийг хамгаалж чадсангүй. Ц.Нямдорж худлаа инээж байгаад “Өчигдөр орой жаахан тийм юм болчихлоо” гэж ирээд, ажилтнаа өмөөрснийг анхааралтай ажиглавал асуудлыг бий болгосон хэн, цаана хэн байсан бэ гэдэг ядаж цөхөх юмгүй ойлгогдоно.

Залуусын жагсаалыг зориуд үймээн самуун болгож иргэд, цагдаа хоёрыг хооронд нь хагаралдуулаад, эцэст нь өөрсдөө хождог улстөрчдийн увайгүй үйлдэл л үнэртээд, үзэгдээд байх.

Өөрийгөө залуу хүн, эрч хүч, энэ цагийн хүн гэж тодорхойлж, боломж гарвал бусдад буруугаа чихэж суудаг засгийн тэргүүн тэднээс суралцмаар. Ичих нүүр байдаг бол ичмээр.

Залуу хэрнээ зулгуй, зусарч, өөрийн чадалд биш бусдын суганд хавчуулагдаж, ичгүүргүй шимэгчлэн амьдардаг нам дагасан залуусаас огт ондоо үе ирж явна. Тэдний цаг үед шимэгчид шившгээ хутгаж, амьсгалах агааргүй болно гэдгийг ийнхүү дохиолов.

Хайлах цаснаар цухуйх нялх яргуй шиг шинэ цагийн гоё залуусын тэмцэл гоёор өндөрлөөсэй гэж хүснэ. “When injustice becomes law (resisyange) becomes a duty /Шударга бус байдал хууль болох цагт эсэргүүцэх нь үүрэг болж хувирдаг/” гэх лоозонгоо барьсан залуугийн уриа тодоос тод Төв талбайд цуурайтаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж