"Залуучууд аа, та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна"

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

"Залуучууд аа, та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч уулзахаар боллоо. Залуус эрх баригчдыг огцрох бус, үнийн өсөлтийг бууруулж, тэгш боломж, хувийн хэвшлийнхнийг дэмжих зэрэг асуудлаар өнөөдөр хоёр дахь өдрөө төв талбайд жагсч байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Залуучууд та бүхэнтэйгээ өнөөдөр тав талбай дээр шууд ардчиллын хэлбэрээр уулзаж байгаад миний бие баяртай байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд орсон 30 жилд бид үзэл бодлоо илэрхийлснээр хөгжин дэвшсээр байна. Өчигдөр гарч ирэхийг маш их хүссэн. Амаргүй дүрэм журмыг давж, та бүхний өмнө зогсч байгаа юм шүү. Залуучууд аа, өнөөдөр хамтдаа шийдэл хайх ёстой. Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийг хичээж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдад огт хүч хэрэглэж болохгүй гэдгийг хэлж байсан. Зарим нэг болзошгүй иргэдээс сэргийлэх хэрэгтэй байсан юм гэж хэлж байсан. Залуучуудыг сулласан. Өөр ямар нэгэн зүйл байгаа бол хариуцлага тооцоход бэлэн.

Залуучууд аа, та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйя. Засгийн газарт чадах чадахгүй зүйл байна. Вакциндаа хамрагдсан та бүхэнд баярлалаа. ОХУ, Украинд хямрал гарч байна. Бензин шатахууны үнэд бид нөлөөлж чадахгүй. Ийм нөхцөл үүссэнд чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Уучлаарай та бүхэн.
Залуучуудын зүгээс тавьж буй шаардлагыг бүгдийг хүлээн авсан. Хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна. Та бүхний дундаас ажлын хэсэгт нэгдэж ажиллаж болно. Авлига, хээл хахуулийн хэрэгт ялын бодлогыг чангатгана. Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар гаргаж тавьсан. Засгийн газар та бүхэнтэй адил байр суурьтай байна. Хөгжлийн банктай холбоотой улстөрчдийг түдгэлзүүлж шалгуулах ёстой. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байна уу ялаа авдаг байх ёстой. Залуучууд та бүхэн хамт байгаарай. Авлига, хүнд сурталтай холбоотой асуудалтай хамтдаа тэмцэх ёстой. Бодит үнэнээ хэлэх ёстой.
Эрхэм залуучууд аа, Монгол Улс төдийгүй дэлхий даяар өссөн байгаа нь үнэн. Засгийн газар үнэ барих хууль оруулж ирсэн. УИХ-ын гишүүд энэ хуулийг батална гэдэгт итгэлтэй байна. Энэ хууль батлагдсанаар шатахууны үнийг барих асуудлыг ярьж байна. Зах зээлийн үед шатахууны үнийг барина гэдэг амаргүй. Гэхдээ Засгийн газар мах, гурил, эм эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ гэхдээ амаргүй. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Авлигад идэгдсэн албан тушаалтан ял завшдаггүй байх, ялын бодлогыг чангатгах талаар ярьсаар ирсэн. Ирэх долоо хоногт Засгийн газрын хурлаар оруулъя. Хамтдаа шахъя. Уг хуулийг Засгийн газраас оруулж ирье. Хамтдаа шахацгаая. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг өнөөдөр шүүгч, хууль хяналтынхан сонсч байгаа болов уу. Хууль хяналтынхан шалгаж, нэр бүхий улстөрчдийг зарласан. Ерөнхий прокуророос энэ хүмүүсийг яагаад оруулж ирэхгүй байна вэ. Улсын ерөнхий прокурор тэднийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхийг шаардъя. Тиймээс Улсын ерөнхий прокурорыг санал оруулж ирээсэй гэж хүсч байна. Та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амалъя. Хууль зүй, дотоод хэргийн сайд ямар нэгэн хүнийг барьсан асуудал байхгүй гэж хэлсэн. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхэд бэлэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Та бүхнээс уучлал гуйя. Өнөөдрийн байдлаар хоригдсон хүн байхгүй байна. Удахгүй та бүхэнд албаны шалгалтыг талаар танилцуулна. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх долоо хоногт оруулж ирж байна. Торгодог биш, сануулдаг зохицуулалт орж ирсэн. Мөн Эрүүгийн тухай хуульд өөрчлөх оруулах та бүхний шаардлагыг хүлээн авсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Бүсгүйчүүдийн төлөөлөлд баярлалаа. Монголын залуучууд энэ нийгмийг өөрчлөх нь зүйтэй. Санал нэг байна. Цэцэрлэгүүд баригдаж байна. Чадах зүйлээ Засгийн газар хийж байна. Ерөнхий сайдын хувьд та бүхний бухимдлыг ойлгож байна. Гэхдээ энийг нэг өдрийн дотор шийдэх боломж хэцүү гэдгийг хэлэх нь зүйтэй. Дотоод итгэл үнэмшлийнхээ хувьд та бүхэнтэйгээ хамт байна. Өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийнэ. Биднээс шалтгаалахгүй зүйл бас бий. Хамтдаа асуудлаа шийдэхийн төлөө хичээнэ.

Сонгуулийн хуультай асуудал яригдлаа. Хар машинд эргэлзэж байгаа бол гараар тоолоход асуудал болохгүй. Дөрвөн жилийн өмнө хар машиныг эсэргүүцэж, цагдаад дуудагдсан асуудал байдаг. Цаашдаа итгэл үнэмшилдээ үнэнч байна.

Залуучууд аа, бидний хамгийн чухал нь ойлголцох. Сая авлигын хэрэгтэй холбоотой, УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрх, авлигын эсрэг тууштай тэмцээч ээ гэсэн шаардлага тавилаа. Энэ бүхний төлөө би бүхнээ зориулна. Амь насаа зориулахад бэлэн байна. Харин та бүхэн надад хүч мөхөстөх үе ирвэл надтай хамт байгаарай. 30 жилийн авлига, хүнд суртлын гинжийг таслахад бэлэн байна.

Төв банктай холбоотой асуудал байгаа. Биднээс хамаарахгүй асуудал бий. Тиймээс би хэнийг ч буруутгахгүй. Сая бид УИХ-д өргөн барьсан хуульд мөнгөний бодлогыг зохицуулах эрхийг Засгийн газарт өгөөч ээ гэж байгаа юм. Түр хугацаанд Монголбанкийг дэмжиж ажиллана. Төв банк ганцаараа асуудлыг шийдэж чадахгүй байна. Ардчилсан улс учраас хуулийн хүрээнд ажиллах ёстой.

Залуучууд аа, би та бүхний өмнө бодитой байдлыг хэлэх гэж гарч ирсэн. Та бүхэн миний ярьж буй зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй. Үнэнийг бодитоор нь хэлэхгүй бол өмнөх 30 жилийн алдааг давтана. Энэ саналуудаа нэгтгэх хэрэгтэй. Яаралтай Засгийн газрыг хуралдуулна. Та бүхний шаардлагад аль болох яаралтай хариу өгнө. Хамгийн олон давтамжтай асуудлаас эхлэн нэгдүгээрт гэж эрэмбэлнэ.

Албан тушаалтантай холбоотой хуулийг ирэх долоо хоногт Засгийн газарт оруулна. УИХ-ын гишүүний цаана гэмт хэрэг нуугдаж байна гэдэг асуудал үүсч байна. Та бүхний шаардлага маш чухал шүү. Та бүхэн итгэх ёстой. Та бүхэн төлөөллөө оруулах хэрэгтэй. Хамтдаа 30 жилийн хугацаанд хийсэн гинжийг таслая. Та бүхэнд нээлттэй байдлаар мэдээлээд явна. Надад зохион байгуулалтын систем хэрэгтэй. Зохион байгуулалтад ороод, нээлттэй ярилцах хэрэгтэй. Та бүхэн СТӨ-д уулзалт зохион байгуулж болно. Талбай дээрээс бүх зүйлийг ярилцах боломжгүй.

Та бүхний шаардлагыг хүлээж авлаа. Одоо ороод дээрх асуудлаар Засгийн газрыг хуралдуулна. Шударга ёсны тэмцлээс та бүхний их шаардсан Хөгжлийн банк болон авлигын эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхийн төлөө, хамтдаа шийднэ. Хамтдаа бүгдээрээ амаргүй цаг үеийг эв нэгдэлтэй даван туулж, олон төслийг үр дүнтэйгээр хөдөлгөх ёстой. Ингээд тайвнаар Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлсэн, Монголын ирээдүй болсон залуучууд та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж