Монгол Улсын Засгийн газрын урилгаар ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд ноён Дирк Нийбел тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үр дүнтэй холбогдуулж, хоёр улсын сайд нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сангийн сайд С.Баярцогт мэдээллийнхээ эхэнд ХБНГУ манай Европ дахь гол түнш бөгөөд 1990 оноос хойш үзүүлсэн тусламжаараа хоёрт орж байгаа гэлээ. Тус улс өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 290 сая еврогийн тусламж үзүүлжээ. Одоо харин шинээр хэрэгжих төсөлд зориулж гурван сая еврогийн тусламж үзүүлэхээр болоод байгаа юм. Дээрх мөнгийг уул уурхайн компаниудын засаглалыг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бичил уурхай, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэгт зарцуулах нь зүйтэй гэж ХБНГУ-ын тал үзсэн байна. Тиймээс дээр нэр дурдсан ажлуудад уг хөрөнгийг зарцуулах юм байна. Мөн ноён Дирк Нийбел Тавантолгойн төсөлтэй газар дээр нь очиж, танилцахаар болсныг сайд С.Баярцогт онцлов. Харин ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбел “Герман, Монгол Улсын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, хөгжлийн түншлэлийн шинж чанартай болж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтын ажиллагааг бодит байдлаар хөгжүүлэхийг хүсч байна. Монгол Улсын Засгийн газар бидний хүсэлтийг нааштай хүлээж авсан. Хоёр тал ядуурлыг бууруулж, эдийн засгийн хөгжлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл байгуулахад хамтран ажиллахад бэлэн байна. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлснээр ядуурлыг бууруулах нэгэн томоохон зорилгод хүрэхэд үр дүн авчирна. Ил уул уурхайг ашиглах тал дээр ч чиглэл, зөвлөгөө өгнө. Нэг үгээр хэлбэл, энэхүү дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтын чадавхийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг зогсоож, хэрэгсэхгүй болгох талаар санал гаргасанд Герман улсын Засгийн газар талархлаа илэрхийлж байна” гэсэн юм.
Г.Дарь