Ж.Нэргүй: Сонгуулийн түүхийг бүтээлцэх ховор завшаан надад тохиосон

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Ж.Нэргүй: Сонгуулийн түүхийг бүтээлцэх ховор завшаан надад тохиосон

Ж.Нэргүй: Сонгуулийн түүхийг бүтээлцэх ховор завшаан надад тохиосон

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий Хороо байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус хорооны хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөр 26 жил ажилласан Ж.Нэргүйтэй  ярилцсан юм. Тэрээр, энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын 15 удаагийн сонгуулийн үйл ажиллагааг мэдээлэх, мэдээлэх ажлыг зохион байгуулахад  оролцжээ.

-Сонгуулийн байгууллага анх байгуулагдсан түүхээс ярилцлагаа эхлэх үү?

Сонгуулийн байгууллагын түүх нь сонгуулийн түүхтэй салшгүй холбоотой. Тухайлбал, 1921 онд “Ардын засгийг бэхжүүлэх талаар Ардын түр засгийн газрыг байгуулсан тухай”, “Орон нутгаас төлөөлөгчдийг ирүүлэх тухай”, “Улсын түр цагийн хурлыг байгуулах бичиг ба дүрэм”, “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”-ээс гадна 1923 онд нутгийн Ардын Хурлуудыг, 1924 онд Улсын Их Хурлыг сонгох журмыг тус тус хуульчлан тогтоож, тэдгээрийг мөрдөж байжээ. Энэ бүгд шинэ цагийн сонгуулийн үзэл санаа нэвтэрч эхэлж байсны илэрхийлэл байсан юм.

Монгол Улсын анхны Үндсэн хуулиар иргэдийн сонгох, сонгогдох эрх болон сонгуулийн зарчмыг анхлан тогтоосон байдаг.

Гэвч   ард түмний нэг хэсгийн сонгох, сонгогдох эрхийг хасаж байсан үе байсан. Нийгэм, улс төрийн амьдралд хэлбэрийн төдий сонгуулийн ардчилал хэрэгжиж байсан  цаг үе ч бас байсан билээ.  Депутатад нэр дэвшүүлэхээс эхлээд сонгуулийг дээрээс журамлан зааварладаг, депутат нарын нийгмийн бүрэлдэхүүнийг урьдчилан тогтоодог, дарга нарыг тойргуудад хуваарилдаг, өрсөлдөөнгүй ганцхан нэр дэвшигчтэй зэрэг “сонголтгүй” сонгууль болж байсныг мөн түүнд иргэдийн 99.99 хувь нь “идэвхтэй” оролцож  байсан нь тун саяхан билээ.

-Тэр үед сонгууль зохион байгуулахдаа эрх зүйн ямар  баримт бичиг мөрддөг байсан бэ?

Тухайлбал, 1950 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаар зарлигаар БНМАУ-ын Их Хурлын сонгуулийн дүрмийг баталсан байдаг. Түүнээс хойш болсон 11 удаагийн сонгуулийг уг дүрмээр зохион байгуулж байсан байна. Эдгээр сонгуулийг түр байгуулагдан ажилладаг Сонгуулийн комисс зохион байгуулж байжээ. Мөн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1963 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 8 дугаар зарлигаар  баталсан “БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох сонгуулийн дүрэмд, “БНМАУ-ын Ардын Их Хурлыг  сонгох сонгуулийн төв комисс нь үйлдвэрчний эвлэл, хоршооллын байгууллага, намын байгууллага, залуучуудын байгууллага, хөдөлмөрчдийн нийгэмлэг, түүнчлэн үйлдвэр ба албан газрын ажилчин, албан хаагчдын хурал, цэргийн ангийн албан хаагчид, хөдөлмөрчин ардын хурал ба сангийн аж ахуйн хамт олны хурлаар сонгогдсон төлөөлөгчдөөр бүрдэл болно” гэж заасан байв.

1990-ээд онд болсон БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн, орон нутгийн Ардын Хурлын 16 дахь удаагийн сонгуулийг зохион байгуулахаар нутаг дэвсгэрийн болон тойрог, хэсгийн 9963 комисс байгуулагдаж тэдгээрт 40 гаруй мянган хүн орж ажиллажээ.

Үүний өмнөх түүхээс дурдвал,  санал хураах асуудлыг зохион байгуулах эрх  бүхий төв комисс нь улс орон даяар тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураах үүрэгтэйгээр  1945 онд байгуулагдаж, баг, сум, аймаг, хотод 3304 комисс байгуулан  тэдгээрт 17.720 хүн ажиллаж байжээ.

Тэр үеийн сонгууль, санал хураалт зохион байгуулж байсан түүх, тоо баримтаас  цухас ярихад ийм байна.

-Байнгын ажиллагаатай сонгуулийн байгууллагын асуудал анх хэдийд хөндөгдсөн  бэ?

1992 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд, сонгууль бэлтгэн явуулах ажлыг эрхлэн хэрэгжүүлэхийн тулд “Улсын Их Хурлын дэргэд Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн тойргийн хороо, сонгуулийн хэсгийн хороог тус тус байгуулна гэж зааж, “Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг улсын хэмжээгээр эрхлэн явуулах үүрэгтэй байнгын байгууллага мөн” гэж байнгын үйл ажиллагаатай гэдгийг анх удаа хуульчилж байв.

Улсын Бага Хурлын 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18 тоот тогтоолоор УИХ-ын дэргэд Сонгуулийн Ерөнхий Хороо байгуулагдаж түүний бүрэлдэхүүнийг нь баталсан байдаг. Мөн тогтоолоор 1992 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн СЕХ-ны шинэ бүрэлдэхүүнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг зөвшөөрч байжээ.

СЕХ байгуулах асуудал анх яригдаж байхад түүний ажил хэргийн шаардлагыг харгалзан удирдлагын төлөөлөлтэй байгуулах, эсвэл зөвхөн улс төрийн намын төлөөлөлтэй байх, холимог байх, СЕХ-ны дэргэд Улс төрийн зөвлөлдөх зөвлөл байх эсэх зэрэг санал  гаргаж байв.

Бүрэлдэхүүнтэй холбоотой анхны төсөлд, СЕХ-ны даргад С.Лхагвасүрэн, нарийн бичгийн даргад Д.Баяндүүрэн нарыг, гишүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас гадна зарим яам, тодруулбал, Сангийн, Хөдөө аж ахуйн, Хөдөлмөрийн, Хууль зүйн дэд сайд нар,  Цагдаагийн ерөнхий газрын дарга, МИАТ нэгтгэлийн дарга зэрэг зарим газар, нэгтгэлийн дарга, Улаанбаатар хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах нэгдсэн төвийн их эмч, бөөний худалдааны нэгдлийн мэргэжилтэн нарыг томилуулахаар  саналын төсөл оруулж ирж байсан.

Мөн Сонгуулийн Ерөнхий Хорооны бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, радио, телевиз, “Ардын эрх” сонин, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын төлөөлөл оруулах санал гаргаж байлаа.

Хэлэлцүүлгийн явцад бүрэлдэхүүнд нь нэлээд өөрчлөлт орсон бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо анх 15 гишүүнтэй байхаар батлагдсан юм.

СЕХ байгуулагдсаныхаа дараа анхны сонгуульд бэлтгэх хүрээнд УИХ-ын сонгуулийн хуульд заагдсан үйл ажиллагааг цаг хугацааны хувьд тодорхойлсон хүснэгт гаргаж байв. Түүнд тухайлбал, санал авах өдрийг 1992 оны 6-р сарын 28, сонгууль зарлах нь 4-р сарын 14-ний өдөр, сонгуулийн дүн гаргах нь 7-р сарын 8, сонгуулийн зардлын тайланг төрийн төв хэвлэлд нийтлэх нь  9-р сарын 28-ны өдөр байх  зэргээр хийх ажлын хуваарийг нарийвчлан гаргаж байсан.Түүнээс гадна Улсын Бага Хурлаас сонгуулийн 21 тойрог байгуулах, УИХ-ын сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх журам, маягтуудыг тэдгээрийн дотор “Намуудын нэрийн жагсаалтаар нийт сонгогчийн өгсөн саналын дүнг гаргаж, УИХ-ын гишүүний мандат хуваарилах журам”,“Сонгуулийн сурталчилгаа явуулах журам”, “Сонгогч саналаа гаргах журам”, “УИХ-ын сонгуульд намууд эвсэл байгуулж оролцох журам”, “УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх журам”, “Санал авах хуудасны загвар батлах”-тай холбоотой зэрэг төсөл гарган баталж байлаа.

Улсын Бага Хурлаас сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай тогтоол гаргаж байв. УИХ-ыг сонгох 1992 оны сонгуулийн зардлын нийт хэмжээг 21.0 сая төгрөгөөр баталж, зардлын тооцоо гаргахдаа,  нийт хүн амын тоо 2,154,646, сонгуулийн насны хүний тоо 1,202,704 байхаар тооцож, сонгогчийн саналын хуудас хэвлүүлэхэд 4834,4 мянга, сонгуулийн хууль хэвлүүлэх зардлыг 100,0 мянга, төрийн сурталчилгааны зардал 1488,0 мянга, СЕХ-ны зардал 117,5 мянга, сонгуулийн хороодод ажиллуулах өндөр настны цалинд 3200,0 мянган төгрөг байх зэргээр төсөвлөж байсан.

Тэр үеэс эхлэн сонгуулийн байгууллагын хөгжлийн түүхийн цоо шинэ үе эхэлж, сонгуулийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, тогтолцооны зарчим, журам өмнөхөөс эрс ялгаатай болж, бие даасан үйл ажиллагааны цар хүрээ үлэмж нэмэгдсэн билээ. 2006 онд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг баталснаар сонгуулийн байгууллагын эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулсан, бие даасан төрөлжсөн анхны хуультай болж, улмаар үйл ажиллагаагаа бие дааж, хараат бус байдлаар явуулах эрх зүйн цоо шинэ орчин бүрдүүлж өгсөн юм. Энэ хуулиар СЕХ-ны гишүүн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараг өргөдөг уламжлал тогтоосон.

2011 оны 11 дүгэр сарын 10-ны өдөр баталсан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиар Монгол Улс дахь бүх хэлбэрийн сонгууль болон ард нийтийн санал асуулгыг зохион байгуулан сонгуулийн дүн гаргах ажиллагаанд автомат тоолох хэрэгсэл ашиглах зарчим, журмыг тодорхойлж, түүнийг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан юм. Энэ хууль батлагдсанаас хойш  сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийг 2012, 2016 оны УИХ-ын болон орон нутгийн, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахад анх амжилттай ашиглаж эхэлсэн билээ.

-Сонгууль зохион байгуулах үеэр хүндрэл, бэрхшээл цөөнгүй тохиолдож байсан санагдана. Энэ талаар ярина уу?

Өмнө нь байнгын ажиллагаатай сонгуулийн байгууллага байгаагүй, сонгууль зохион байгуулж байсан туршлага ч хомс, хууль эрх зүйн зохицуулалт нь бүрэн төгс бус зэрэг асуудалтай тулгарч байсан.

Ер нь сонгуулийн байгууллага байнгын шүүмжлэл, хардлагад өртдөг. Магтаал, сайшаал хүртсэн тохиолдол тун цөөн. “Зөвд мянган эзэнтэй, бурууд нэг эзэнтэй” гэгчээр сонгуулийн үеэр буруутгадаг нэг “эзэн” нь сонгуулийн байгууллага байлаа.

Сонгуулийн өмнө буюу явцын дунд сонгогчдын саналыг худалдаж авахыг оролдсон, хүмүүсийг бөөнөөр нь шилжүүлэн санал өгүүлэх, архидуулахын зэрэгцээ эмх замбараагүй байдал бий болгох санаархал  цөөнгүй гарч байв. Сонгуулийн нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороодын бүрэлдэхүүнд нэг намын гишүүдийг давамгайлан оруулсан, сонгогчийн үнэмлэхийг хавтгайруулан давхардуулан олгосон, нэг сонгогч хэд хэдэн удаа санал өгөх бололцоо олгож байна, нам бус иргэдийг сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд оруулахгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байлаа. Тэр байтугай санал хураалтын дүнг нэгтгэх явцад гудамжнаас нөлөөлөх гэж оролдож байв.

Зарим жишээ дурдахад, УИХ-ын 2008 оны сонгууль зохион байгуулах үеэр “сонгуулийн хороодын үйл ажиллагаанаас шалтгаалан ихэнх тойрогт сонгууль будилан, булхаатай болсон” талаар зарим намууд, нэр дэвшигчдээс гомдол гаргаж  байсан. Тухайлбал, тэр үеийн СЕХ-ны даргын “Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй иргэдийг санал өгүүлж болох талаар хийсэн мэдээлэл нь сонгуулийн үр дүнг ноцтой гажуудуулахад нөлөөлсөн”, “олон мянган хүн нэрсийн жагсаалтгүйгээр санал өгсөн”, “СЕХ-ны даргын удирдамж нь зөвхөн томоохон хотуудад үйлчлэхээр чиглэсэн, хуульд заасан “эрх тэгш байх зарчим алдагдахад хүргэсэн”, “Тиймээс дахин санал хураалт явуулах асуудлыг  хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх”-ийг шаардсан гомдлыг зарим намууд СЕХ-нд хандаж  гаргаж байлаа.

Орон нутгийн оюутнуудын сонгох эрхийг хамгаалах түр хороо СЕХ-нд шаардлага хүргүүлж, түүндээ оюутанд түр оршин суугаа газрын харьяаллын дагуу  иргэний үнэмлэх, суралцаж буй сургуулийн тодорхойлолт, сургуулиас сонгуулийн байгууллагад ирүүлсэн нэрсийн жагсаалт зэргийг үндэслэн санал өгөх боломжоор хангахыг шаардаж байв. Саналын тоог засварлах, дүнг буруу гаргах тохиолдол ч гарч байсан. Тухайлбал, УИХ-ын 2008 оны сонгуулийн 25, 7 дугаар тойргийн хорооны зарим хэсэгт саналын тоо засварласан, сонгуулийн дүнг буруу гаргасан асуудалд прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв.

Үүнээс гадна 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тухайлбал, “Чингэлтэй дүүргийн сонгуулийн 4-р хороонд 100 гаруй хөдөөгийн хүмүүсийг 2 машинаар ачиж ирж саналыг нь өгүүлсэн”, “иргэний үнэмлэхгүй сонгогчид хорооны Засаг даргын тодорхойлолтоор санал өгүүлж байна”, “явуулын хайрцгаар санал авахдаа аль ч намын ажиглагчгүйгээр явдаг” гэхчлэн гомдол, мэдээлэл ирж байж билээ.

Хүн амын тоо бүртгэл, иргэний шилжилт хөдөлгөөн, хаягийн бүртгэл, бичиг баримтжуулах ажлын эмх замбараагүй байдал нь сонгогчдын нэрийн жагсаалтыг буруу гаргах улмаар хардлага сэрдлэг, гомдол, маргаан гарах үндэс болж байсан.

Үүнтэй холбогдуулан тэр үеийн СЕХ-ны дарга  2007 оны 3-р сарын 21-ний өдөр Ерөнхий сайд М.Энхболдод хандаж Иргэний бүртгэлийн улсын үзлэг явуулах тухай  хүсэлт гаргаж байв. Тэр үед нийт хүн амын тоо, сонгогчдын тоог аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Үндэсний статистикийн газар, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс албан ёсоор гаргуулан авдаг байсан билээ. Эдгээр байгууллагаас ирүүлсэн тоо хоорондоо ихээхэн зөрүүтэй гардаг байсан бөгөөд зарим аймгуудад 1235-12118 хүнээр илүү буюу дутуу, нийслэлийн Чингэлтэй, Багахангайгаас бусад дүүрэгт 4016-63849 хүнээр дутуу зөрүүтэй гарч байлаа. Сум, дүүргийн сонгогчдын тоо ч дэндүү их зөрж байв. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 2-р хороо 14257, Ховд аймгийн Жаргалант сум 8335 сонгогчийн зөрүүтэй гарч байсан.

Сонгогчдын нэрийн жагсаалтад 116568 иргэний 239777 хаяг давхардаж бүртгэгдсэнээс 2 хаягтай 110199, 3 хаягтай 6106, 4 хаягтай 255, 5 хаягтай 7, 6 хаягтай 1 иргэн байсныг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийнхөн тогтоож байв. Түүнээс гадна тус байгууллагаас сонгогчдын нэрийн жагсаалт гаргахтай холбогдуулан орон даяар хүн амын хаягийн бүртгэл явуулж, түүний үр дүнд 37115 сонгогчийг нэмж бүртгэн нэрийн жагсаалтад оруулж, эрх зүйн чадамжгүй 2733, нас барсан 6252, харьяатаас гарсан 561, хорих газар ял эдэлж байгаа 2628 иргэнийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасаж байж билээ.

Энэ мэт бүртгэлийн дүн статистик тоотой их зөрдөг, өрх нэг бүрээр орж бүртгэл хийдэггүй, баримт бичгийн зөрчил их, хаягийн давхардал олон байсан зэрэг нь тэр үед сонгууль зохион байгуулахад их хүндрэл учруулж байлаа.

Ийнхүү төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл төдийгүй Монгол Улс нийт хэдэн иргэнтэйгээ мэдэхгүй байна гэж  СЕХ-ны дарга мэдэгдэхэд хүргэж байв.

-СЕХ-г огцруулах шаардлага ч гаргаж байсан санагдана?

Нэг бус удаа. Зарим нам, улс төрчдийн дарамт, шахалт, хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого хэрээс хэтэрч байсан. Тиймээс ч СЕХ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа үйл ажиллагаагаа бие дааж, хараат бус  байдлаар явуулах боломжгүй байгааг үндэслэн  зарим гишүүдээс нь гаргасан саналыг хэлэлцээд  бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай асуудлыг УИХ-д гаргах эсэх асуудлыг хэлэлцэж байлаа.

“2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуулийн тов зарлагдахаас өмнө СЕХ нийт сонгогчдын 11 хувьтай тэнцэх хэмжээний буюу 80000 сонгогчийн үнэмлэхийг илүү хэвлэж, түүнийгээ МАХН-ыг хатуу дэмжигч нарт давхардуулан олгож буйг гэмт үйлдэл” хэмээн үзэж АН, Эх орон нам, БНН-ын сонгуулийн Ерөнхий менежерүүд СЕХ-г бүрэн бүрэлдэхүүнээр огцруулах, сонгуулийн хороодыг улс төрийн намуудын тэнцвэртэй төлөөлөлтэй бүрдүүлэх, намуудын хяналтын дор сонгогчийн үнэмлэхийг шинэ загвараар дахин хэвлэх зэрэг арга хэмжээ авахыг шаардаж байлаа.

Ийм маш хүнд, хурц,тун ширүүн уур амьсгалд сонгуулийн ажил явагддаг байсан.

-Хэдийнээс эхэлж гадаадын ажиглагчид манай сонгуулийг ажиглах болсон бэ?

Түүхийн хуудсыг эргэн сөхөхөд, 1945 онд болсон БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний  санал хураалтыг ажиглахаар Дундад иргэн улсын ДЯЯ-ны дэд сайд Лэй Фа Жан тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирж ажиглаж байсан баримт байдаг.

1992 оны УИХ-ын анхны сонгуульд  7 орны 23 ажиглагч ирж байсан бол хамгийн олон ажиглагч ирсэн нь 2016 оны УИХ-ын сонгуулийг ажиглахаар 40 гаруй орноос 400 гаруй ажиглагчид бүртгүүлснээс талаас илүү хувь нь буюу 200 гаруй нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид байв. Тэд урт, богино хугацаагаар ирдэг байсан бөгөөд тайлан ч их сонирхол татдаг.

Тэд тайландаа манай сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд сайн үнэлгээ өгч, СЕХ үүргээ сайн биелүүлж ажилласан, санал авах өдөр орон даяар ерөнхийдөө дэг журамтай явагдаж өнгөрсөн, сонгуулийн дүнг орон даяар шууд дамжуулан үзүүлсэн зэргийг онцлон тэмдэглэж байсны зэрэгцээ хууль эрх зүйн орчин сайжруулахтай, сонгуулийн хууль тогтоомжийн өөрчлөлтийг сонгуулийн үеэр хийхгүй байх,  хийхдээ талуудын оролцоог хангах, хэлэлцүүлэг өрнүүлэх, тойргийн хуваарилалтыг тогтоохдоо сонгууль болохоос хангалттай хугацааны өмнө хийх хэрэгтэй зэргийг зөвлөж байлаа.Түүнээс гадна тухайлбал, “төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх, татварын хугацаа хэтэрсэн өр зээлтэй, хугацаат цэргийн алба хаасан байх талаарх хуулийн заалтууд сонгогдох эрхийн олон улсын хэм хэмжээтэй нийцэхгүй байгаа”-г анхааруулж байсан.

-Үеийн үед нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаанд их анхаарал тавьж ирсэн байдаг. Тэр түүхээс ярина уу?

Сурталчилгаа бол сонгуулийн “амин сүнс” гэж хэлж болно. Үеийн үед  үүнд ихээхэн ач холбогдол өгч байсан. Бас дахин  түүхийн  хуудсыг сөхөж нэг баримтыг дурдахад, 1945 оны тусгаар тогтнолын талаар санал асуулгын ач холбогдлыг үнэлсэн сурталчилгааны олон бүтээл туурвиж иргэдийг идэвхтэй оролцуулах талаар ажиллаж байсан түүх бий.  Уриа лоозон, зурагт хуудас, самбар зэргээс гадна тэр үеийн  зохиолч, яруу найрагчдын хүчийг ашиглан сурталчилгааны бүтээл хийлгэн ашиглаж байжээ.Тухайл. Лхамсүрэн “Төрийнхөө тусгаар тогтнолыг батална би”, “ Д.Сэнгээ “Ардын минь үг”, “Д.Тарваа “Би энэбал, Ч улсын эзэн нь”, “П.Хорлоо “Дурсгалт өдөр”, “Тусгаар улсын чөлөөт иргэн миний үг”, “Б.Лхамсүрэн  “Эрэлхэгээр гараа өргөнө”, “Б.Бааст “Эх орон минь гэхэд эрэлхэг зориг минь бадарна” гэх мэт шүлэг, магтаал гаргаж байжээ.

Шинэ үеийн түүхээс гэвэл, 1992 оны УИХ-ын анхны сонгуулийн үеэр Хэвлэлийн төв ажиллуулж байсан. Энэ төв нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн ажилтнууд, гадаадын ажиглагч нарт Үндсэн хуулийн танилцуулга хийх, улс орны нийгэм, эдийн засгийн байдал, зарим салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар мэдээлэл өгч, тэдэнд сонгуулийн тойргуудаар явж сонгуулийн бэлтгэл ажлын болон санал хураалтын явцтай танилцуулах, СЕХ-ноос гадна нам, эвсэл, бие дааж нэр дэвшигчид, ажиглагчид мэдээлэл хийх үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байв.

Тэр үед Сонгуулийн Ерөнхий Хороо Тамгын газаргүй, орон тооны бус хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллуулж байсан. Ажлын хэсгийн ажилтнуудын ажил үүргийн хуваарийг СЕХ-ны анхны даргын захирамжаар гаргаж байсан бөгөөд  6 ажлын хэсэг байгуулагдаж тэдний нэг нь хэвлэл, мэдээллийн ажлын хэсэг байв. Тэр нь бүх чиглэлийн хэвлэл, мэдээллийн ажил, сонгуулийн хугацаанд сурталчилгаа хуулийн дагуу явж буй эсэхэд хяналт тавих, холбогдох арга хэмжээ авхуулах зэрэг үүрэг хүлээж байлаа. Сүүлд, хуульд заасны дагуу СЕХ-ны дэргэд Хэвлэл, мэдээллийн зөвлөл ажиллуулдаг болсон.

Төрийн сонгууль цэвэр ариун, ил тод байх, шударга болох эсэх нь манай хэвлэл, мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн төвийг сахисан байр суурь, тэнцвэртэй бөгөөд үнэн бодитой мэдээллээс ихээхэн хамааралтай байдаг. Иргэд сонгогчдыг соён гэгээрүүлэх, зөв, хариуцлагатай ухамсарласан сонголт хийх боломжийг бүрдүүлэхэд тэд их үүрэг гүйцэтгэсэн. Мөн сонгуулийг “мөнгөний” гэсэн тодотголоос салгах, албан тушаалыг  мөнгөөр хэмждэг буруу сэтгэлгээг өөрчлөхөөс гадна мөнгөнд хууртагдах, худалдагдахаас зайлсхийх, төрийн хуулийг гажуудуулсан аливаа үйлдлийг зоригтой илчлэх, бодит байдлыг тогтоох эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг тэмдэглүүштэй.

-Гадаадад байгаа иргэдээс санал авах асуудал хэдийнээс эхэлсэн бэ?

Түүхийн хуудсыг дахин сөхвөл, БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалтын үеэр тэр үеийн ЗХУ-д суралцаж, ажиллаж байсан монгол хүмүүсийн санал хураах комиссын даргаар Ж.Самбуу ажиллаж байсан бөгөөд тус комиссоос санал хураалтын дүнг хотуудаар жагсаан гаргаж байсан баримт архивд хадгалаастай байдаг.

1992 оны Үндсэн хуульд иргэний сонгох, сонгогдох улс төрийн эрхийг хуульчилж өгсөн байсан. Гэхдээ гадаадад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажлыг зохион байгуулж чадаагүй. Харин 2005 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхтэй” гэж Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг нь баталгаажуулсан ч энэ эрхээ хэрэгжүүлэх арга механизмыг хуульчлаагүй орхигдуулсан байсан. Тодруулбал, гадаадад амьдарч байгаа иргэд УИХ-ын сонгуулийн аль тойрогт хамаарагдах, саналаа яаж өгөх, ямар баримт бичгээр саналаа өгөх, санал авах ажлыг хэрхэн зохион байгуулах,  санал авах өдөр хэзээ байх, саналын хуудсаа хэрхэн хүргэх, хүлээн авах, тоолох гэх мэт процессын асуудлыг хуульчлаагүй орхигдуулсан. Тэр үед гадаадад байгаа иргэдийн бүртгэлийг регистрийн дугаар, засаг захиргааны харьяаллаар нь нарийвчлан гаргах боломжгүй, нарийн бүртгэлийн сан байхгүй, сонгогчийн нэрийн жагсаалт гаргахад хүндрэлтэй байсан.

Холбогдох хуульд “гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг СЕХ батална” гэж л заасан байв.

-Сонгуулийн байгууллагын 30 жилийн түүхийг Та хэрхэн үнэлдэг вэ?

Хамгийн үнэн, бодитой үнэлгээг манай иргэд сонгогчид өгөх байх.

Үндсэн хуулийн дагуу төрийн эрх барих дээд байгууллагаас  байгуулагдсан анхны байгууллага нь Сонгуулийн Ерөнхий Хороо байсан. Энэ нь түүний үүрэг, хариуцлага, нийгмийн үнэ цэн, ач холбогдол ямар их байсныг илтгэнэ.

Өнгөрсөн хугацаанд үе үеийн Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага, гишүүд, ажлын албаныхан, мэдээлэл, технологийн төвийнхэн   сонгуулийн ардчиллын үнэт зүйлсийг хэрэгжүүлэхтэй холбоотой шинэчлэлийн шинжтэй  олон ажил, арга хэмжээ авч амжилттай  хэрэгжүүлсэн. Тухайлбал, сонгуулийг бүрэн автоматжуулсан. Энэ нь олон улсад жишиг болон өндөр үнэлэгдлээ. Сонгуулийн санал хураалтын явц, дүнг орон даяар шууд дамжуулан үзүүлдэг болсон. Гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авдаг боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийнхээ сонгуулийн эрхийг хангахад илүү анхаарах болов.

Хамгийн гол нь сонгууль  зохион байгуулах өндөр чадвартай, өргөн мэдлэг, боловсрол, туршлагатай, ёстой л олон сонгуулиар ажиллаж “хат” суусан үндэсний мэргэшсэн сонгуулийн техник, технологийн баг бүрэн бэлтгэгдэж, бие даан үйл ажиллагаа явуулах боллоо. Төрийн жинхэнэ болон үйлчилгээний олон мянган албан хаагч сонгуулийн байгууллагын ажилтны мэдээллийн санд бүртгэгдэж бүх шатны сонгуулийг зохион байгуулахад оролцох болов.

Өөрсдөө ч гадаадын сонгуулийг ажиглах бүрэн эрхтэй  болж, ажиглагчийн хувьд олон улсын сонгуулийг явцыг ажиглаж дүгнэлт гаргадаг боллоо.

Өнгөрсөн хугацаанд сонгуулийг цэвэр, шударга болгох, нэр хүндийг нь дээшлүүлэх, сонгогчдынхоо итгэлийг авахад ихээхэн анхаарч ажиллаж ирсэн. Энэ нь үр дүнгээ өгсөн билээ.

Монголын сонгуулийн байгууллагын олон улсын нэр хүнд, үйл ажиллагааных нь цар хүрээ үлэмж нэмэгдлээ.

Эцэст нь тэмдэглэж хэлэхэд, миний бие Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөр байгуулагдсан цагаас нь эхлэн 26 жил ажиллаа. Сонгуулийн түүхийг бүтээлцэхэд өчүүхэн боловч үүрэг хүлээж ажиллах ховор ач завшаан надад тохиосонд их баяртай байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж