Украины хил дээр 24 мянга орчим галт тэрэг гацаад байна

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Украины хил дээр 24 мянга орчим галт тэрэг гацаад байна

Украины хил дээр 24 мянга орчим галт тэрэг гацаад байна

Украины баруун хэсэгт Польштой хиллэдэг төмөр замын боомт дээр Мягмар гаригийн байдлаар нийт 24190 чингэлэг галт тэрэг гацсан байсан. Үүнд ургамлын тос, төмрийн хүдэр, метал, химийн бодис, нүүрс зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн байжээ. Дээрх 24190 галт тэрэгний 1100 нь үр тариа ачжээ. "Укрзализница" төрийн өмчит төмөр замын компанийн худалдааны хэлтсийн орлогч дарга Валерий Ткачов хэлэхдээ, нийт ачааны тал орчим буюу 10320 галт тэрэг Польш руу хиллэдэг гол боомт болох Изов тосгоны уулзвар дээр хүлээгдэж байна гэв. Уг уулзвар нь Львовоос хойд зүгт 130 км зайд оршдог ба Польшийн Гданьск далайн боомтод хүрэх гарц болдог. Львовын ойролцоох бүс нутагт хил орчмын хамгаалалт маш чанга байгаа аж.

Өмнөд эргийн дагуу дайн үргэлжилж, гол боомтууд хаагдсаны улмаас Украин улс үр тариа болон бусад бараа, бүтээгдэхүүнээ экспортлохоор тэмцэж байэа гэж тус улсын засгийн газрын албан тушаалтнууд болон салбарын мэргэжилтнүүд мэдэгдэв. Бараа, бүтээгдэхүүн ингэж ихээр овоорч буй тул галт тэрэгнээс эхлээд ажилтнуудын хомсдол хүртэл асуудал болоод буйг салбарынхан онцолжээ.

Дэлхийн хамгийн том үр тариа экспортлогчдын нэг Украин улс дайнаас өмнө үр тарианыхаа 98 хувийг Хар тэнгисээр дамжуулан гаргадаг байсан. Экспортын багахан хэсэг төмөр замаар дамждаг бөгөөд тээврийн зардал нь өндөр байдаг ажээ. Украинаас үр тариагаа импортолдог Хятад, Египет, Турк, Индонез зэрэг орнууд өөр нийлүүлэгч хайж олох шаардлагатай, эс бөгөөс хүнсний хомсдолд орно гэж тусламжийн агентлагууд анхааруулав.

Нөгөөтэйгүүр үр тарианы экспорт Украины эдийн засгийн тулгын чулуу бөгөөд тус улсын нийт экспортын тавны нэгийг эзэлдэг аж. Гэтэл боомтууд хаагдсаны улмаас энэ үзүүлэлт өнгөрсөн сард аравны нэг болж буурсан байна. “Украины боомтуудад тавьсан бүслэлт ойрын хугацаанд цуцлагдахгүй бол дэлхийн олон зуун сая хүн хоол хүнсгүй болно” гэж Украины Хөдөө аж ахуйн яам мэдэгдэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж