"Энэ нийгэмд удаан тэсэх арга алга"

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

"Энэ нийгэмд удаан тэсэх арга алга"

"Энэ нийгэмд удаан тэсэх арга алга"

Төв талбайд өчигдөр /2022.04.07/ болсон жагсаалд оролцогчдын дийлэнх нь залуу үеийн төлөөлөл. Түүний дунд бяцхан үрсээ тэвэрч ирсэн гэр бүл олон байв. Тэдгээр хүмүүс ажил, сургуулиасаа чөлөө авч, жагсаалд нэгдэх болсон шалтгааныхаа талаар ярилаа.

П.АНГАРАГИЙН ГЭР БҮЛ: ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ӨГӨХӨД Ч ХҮНДРЭЛТЭЙ НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙНА

Бид хоёр ажил хөдөлмөр эрхэлдэг. Сард татвараа төлөөд тодорхой хэмжээний цалин авдаг ч зээл болоод бусад хэрэглээний зардал гээд хаана ч хүрдэггүй. Хүүхдээ цэцэрлэгт өгөхөд хүртэл бэрхшээл тулгарч байна. Нийгэмд болж байгаа зүйл тун цөөхөн. Covid-19-өөс хойш шатахуун, хүнс гээд үнэ нэмэгдээгүй бараа, бүтээгдэхүүн байхгүй.

Иргэд бүсээ чангалаад ч амьдрахад хүнд байна. Тэр дундаа залуу гэр бүл. Гэтэл төрөөс ард иргэд бүсээ чангалах хэрэгтэй гэх юм.

Ажил хийж байгаа хүмүүст нийгмийн даатгалын шимтгэл хүндээр тусч байна. Цалин тодорхой хэмжээнд нэмэгдсэн гэх ч татвар татаас нь ихэсдэг. Энэ бүх утгагүй шимтгэл, нэмэгдэлд хяналт зохицуулалт хэрэгтэй. Залуу гэр бүлийн ихэнх нь гадаад руу явахыг л хүсч байна. Учир нь хүүхэд төрсөн цагаас зардал нэмэгдэж, ажил хөдөлмөр эрхлэх эрх зүйн таатай орчин байхгүйн улмаас Монголд жил ирэх бүр амьдрахад хүнд болж байна. Үүнийг эрх барьж байгаа хүмүүс ойлгодоггүй бололтой. Тиймээс төв талбайд үзэл бодлоо илэрхийлж, залуусын гаргасан санаачилга, уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлэхээр ирсэн.

Б.БОЛОРТОЛЬ: ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ҮР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЭДЭЛЖ БАЙНА

Иргэд нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж байгаад баяртай байна. Хэдийгээр би бага насны хүүхэдтэй, долоон сартай жирэмсэн хэдий ч энд ирж нэгдэхийг хүссэн. Учир нь цөөнхийн эрх ашгаас үүдэж Монголын залуу үе ирээдүйд хохирох ёсгүй. Монгол ядуу буурай орон, хөгжиж байгаа улс гээд ард иргэд нь хараат байна гэсэн үг биш. Иргэд олон жил хүлцэнгүй байснаас болж эрх баригчид ажлаа хийхгүй, нийгмийн өрнөлийг ойлгохгүй байна. Тиймээс залуусын эрин үе ирж байгааг сануулах нь зөв. Хүсвэл иргэд нэгдэж, нийтийн эрх ашгийн төлөө Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадна. Энэ бол ардчилсан улс.

Миний хувьд бага насны хүүхдээ цэцэрлэгт ч хамруулж чадаагүйдээ бухимдаж байна. Сугалаа явуулаад тэнцээгүй. Мөнгө байдаг бол гадаад руу явах л бодол төрөх юм.

Энэ гэхдээ зөвхөн надад төрж байгаа бодол биш. Залуус эх орондоо хайртай, амьдрах сонирхолтой ч энэ нийгэмд удаан тэсэх арга алга. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө үр хүүхэдтэйгээ эдэлж байна.

"ХОЁУЛАА ГАДААД ЯВЖ ЧАДАХГҮЙ ЮМ ЧИНЬ ЯДАЖ НӨХРӨӨ ЯВУУЛДАГ ЮМ УУ ГЭЖ БОДСОН"

Амьдрал өдөр ирэх бүр хүндэрч байна. Covid-19 намжиж, бизнес сэргэх нь гэж бодсон ч эсрэгээрээ. Харин ч уруудсан. Сард манай гэр бүл хоёр сая төгрөгийн лизингээ төлөөд, үлдсэн жаахан орлогоороо хэрэгцээт зүйлсээ авдаг. Ямар сайндаа хоёулаа гадагшаа явж чадахгүй юм чинь ядаж нөхрөө явуулдаг юм уу л гэж бодож байна. Энэ жагсаал тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймдээ ч нөхөр, хүүхэдтэйгээ ирсэн.

Иргэд туйлдаж байна. Нэг нь ажил хийгээд, амьдралаа авч явах гэж хичээж байгаа ч нялх хүүхэдтэй учир үнэхээр хэцүү байна.

Төрийн ордонд сууж байгаа хүмүүс бодит дэмжлэг үзүүлнэ гэж хий хоосон амлалт өгч байснаас ажлаа хийх хэрэгтэй. Сонгууль болохоор тойргоосоо яаж гардаг билээ. Тиймээс иргэн хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн.

Н.ЦЭДЭНБАЛ: БИ ЕСДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧ Ч ГЭСЭН ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛНЭ

Талбай дээр жагсаал болж байгаа талаарх мэдээллийг цахимаас авсан. Хичээлээ тараад, найзуудтайгаа ирж оролцож байна. Хүмүүс ерөнхий боловсролын сурагчид юу мэддэг юм бэ гэх байх. Гэхдээ бид ээж, ааваасаа хэрэглээний мөнгө авч, худалдан авалт хийдэг. Ганцхан жишээ хэлэхэд, нэг литр гаазтай ундаа 4500 төгрөгт хүрч, сүү литр нь 3900 төгрөг болсон. Өмнө нь манай байрны доод талын дэлгүүр ундаа 4000, сүү 3200 төгрөгөөр зарж байсан. Худалдагчаас яагаад ийм үнэтэй болсон талаар асуухаар цаанаасаа нэмэгдэж ирж байгаа л гэдэг. Энэ бол энгийн жишээ. Хичээлийн хэрэглэгдэхүүн авахад хомсдол үүсээд, үнэ нь өссөн бараа ч их байна. Иймд хүн бүр үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлж чадвал ядаж барааны үнийг нэмэхгүйгээр энэ хэвээр барьж болох байх. Би хэдийгээр есдүгээр ангийн хүүхэд ч гэсэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнийг бидэнд нийгмийн ухааны хичээлээр заадаг.

Гэрэл зургийг Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж