Автын ослоор гэмтэж бэртсэн болон амь насаа алдсан хүүхдийн тоо сүүлийн үед ихэсчээ. Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар 298 хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэн, гурван хүүхэд автын ослоор амиа алджээ. Гэтэл энэ жил эхний долоон сарын байдлаар 308 хүүхэд автын осолд орж, долоон хүүхэд амиа алдсан гэх харамсалтай баримтыг Замын цагдаагийн газраас гаргажээ. Хоёр хоногийн өмнө л гэхэд бага насны дөрвөн ч хүүхэд осолд өртөж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тухайлбал, Саппорогийн урд талын авто зам дээр таван настай охиныг дайрч, жолооч нь хэргийн газраас зугтсан байна. Түүнийг хяналтын камерийн тусламжтайгаар цаг алдалгүй илрүүлжээ.
Автомашины осолд ихэвчлэн бага насны хүүхдүүд өртөж байгаа тул эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналттай байлгахыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
П.Наран