ЗГ малчдыг нүүлгэн шилжүүлэхэд 15 сая төгрөг нэмж өгнө
УИХ-ын гишүүн Г.Ганбат:
-270 өрхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 дахин үржүүлээд, нэг айлд дунджаар 15 сая төгрөг өгнө гэж ойлгосон. Гэтэл сая сайдын ярианаас өөр ойлголт гараад ирлээ. Биет бус нөхөн төлбөр нь ямар хуулийн зохицуулалтаар явах юм бэ. Нөхөн төлбөрийг зохицуулдаг хууль эрх зүйн орчин байна уу. Нөхөн олговрыг яаж тооцож олгож байгаа юм бэ. Иргэн бүрд 15 сая төгрөг өгөхийн тулд 1251 өрхийг нэг өрх нь дунджаар дөрвөн хүнтэй гэж тооцвол нийтдээ 70-80 тэрбум төгрөг шаардагдах юм биш үү. Тэр их мөнгө хаанаас гарах вэ. Өвөлжөө, хаваржааны газрыг нүүлгэхтэй холбоотой зардал олгох нь зөв. Гэтэл араас нь биет бус нөхөн төлбөрийн асуудал ороод ирэхэр гайхаж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд ямар ажлууд амжуулав?
УИХ-ын гишүүн Н.Тавинбэх:
-Нөлөөлөлд 270 өрх өртөж байна. 270 өрхийн 1251 иргэн бий. Одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар зөвхөн нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардал болон үндсэн хөрөнгийн үнэлгээ хийж үнэлгээний дүнг үндэслэж нөхөн олговор олгоно. Энэ нь малчин иргэдэд тохирохгүй буюу нөхөн олговрын хэмжээ хэт бага гарч байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд автаж байгаа айл өрхийн 100 орчим нь 270 мянган төгрөгөөс 10 сая төгрөг аваад 20-30 жил нутагласан өвөлжөө, хаваржаагаа орхиод нүүх шаардлага тавьсан. Тиймээс Засгийн газраас нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын тогтоолоор нөлөөлөлд өртсөн иргэн бүрт 15.1 сая төгрөг олгохоор болсон. Өнгөрсөн гурван сарын хугацаанд гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулсан. Зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулах хүсэлтийг Сангийн яам Хятадын Экзим банкинд хүргүүлсэн. Тус банк хүсэлтийг хүлээн авч хэлэлцэл эхлүүлсэн.
Долоо хоног бүр уулзалт зохион байгуулж байна. Ажил урагштай явж байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймаг, сумын хэмжээнд хийж гаргасан. Өөрөөр хэлбэл, нөлөөлөлд өртсөн иргэдийн нүүж очих газрыг тодорхой болгосон. Нөлөөлөлд өртсөн иргэд үндсэндээ гурав хуваагдаж байна. Нэг хэсэг нь нөхөн олговроо аваад газраа чөлөөлөхөд бэлэн, нөгөө нь нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх, үлдсэн хэсэг нь ямар ч тохиолдолд газрыг чөлөөлөхгүй гэж байна. Тиймээс нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлсэн. Засгийн газар зургаан сар ярилцсаны эцэст энэ шийдвэрийг гаргасан. Иргэд нарийвчилсан үнэлгээний дүнд мөн сэтгэл дундуур байгаа учраас үнэлгээг дахин хийж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-УИХ-аас ямар дэмжлэг шаардлагатай байна вэ?
УИХ-ын гишүүн Н.Тавинбэх:
-Засгийн газар дээр биет бус нөлөөллийн нөхөн олговрын асуудал дээр маргаан үүсгэсэн. Ер нь цаашдаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг явуулахдаа иргэдтэй ойлголцох нь маш чухал. Тиймээс эрхзүйн зохицуулалтад нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх, нөлөөллийг бүрэн арилгах тооцооллыг боловсронгуй болгох шаардлагатай. Одоо байгаа эрхзүйн зохицуулалтаар зөвхөн үндсэн хөрөнгийг үнэлж нөхөн олговор олгож байгаа нь малчин, газар тариаланчдын нөлөөллийг бүрэн арилгаж чадахгүй.
Малчдын үндсэн хөрөнгөд хамаарах зүйл бага байна
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Иргэд, төр хоорондоо ойлголцохгүй байгаа нь төслийн байгаль орчны үнэлгээ хийсэн компанитай холбоотой шүү. Нөлөөллийн бүсэд орсон хүмүүсийн амьдрах орчин, шийдэх шийдлүүдийн талаар маш хариуцлагагүй ажиллаж байна. Эрчим хүчний сайдыг Ховд аймагт очиж ажиллахад би хамт явсан. Ховд аймгийн иргэдийн асуудлыг оруулаагүй байсан. Сүүлд сумын засаг дарга 17 өрхийн асуудлыг нэмж оруулж ирсэн шүү. Зөвхөн өрх гэх байдлаар үнэлж байна. Тэнд 1300 орчим иргэн байна. Иргэн нэг бүрийн асуудлыг ярихгүй өрхөөр нь багцаалж хийдэг үнэлгээ гэж байхгүй. Төслийн байгаль орчны үнэлгээ дээр би маш их эргэлзэж байна.
УИХ-ын гишүүн Н.Тавинбэх:
–Нөхөн олговрын үнэлгээний хувьд хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани бие дааж хараат бусаар хийдэг. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөл албажуулдаг. Иргэд үнэлгээний мөнгөнд сэтгэл дундуур, гомдолтой байвал гомдол гаргаж, дахин үнэлгээ хийлгэх боломжтой. Энэ үнэлгээ бол эцсийнх биш. Одоо байгаа эрхзүйн зохицуулалтаар иргэдэд олгох нөхөн олговрыг зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээгээр олгоно. Малчин өрх, газар тариалан эрхэлдэг иргэдэд тохирохгүй байгаа нь харагдаж байна. Тиймээс Засгийн газраас биет бус нөлөөллийн үнэлгээ хийж, иргэн бүрт мөнгөн нөхөн олговор олгох шийдвэр гарсан.
Зээлийн тусгайлсан хэлэлцээрээр Монголын талын оролцоо 50 хүртэл байна гэж заасан. Гэхдээ Эрчим хүчний яамнаас тодорхой компанийн нэр санал болгох нь хууль зүйн хувьд боломжгүй. Монголын талаас барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, хилийн боомтоос төслийн талбар хүртэл тээвэр хийх, төслийн талбарын цахилгаан хангамж, барилгын ажилд оролцох боломжтой. Засгийн газрын хувьд бүтээн байгуулалтын ажилд дотоодын компаниудыг оролцуулах хүсэлтэй байна. Монголд нэмүү өртөг үлдэх ёстой. Энэ төслөөр боловсон хүчнээ бэлдэх учиртай. Харин хэдэн хувь байхыг тодорхой болгоно.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Нэг өрх дунджаар 120-150 сая төгрөгийн нөхөн олговор олгох юм байна. Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй, дээр нь Хятадын Элчин сайд руу бичиг явуулсан ИТХ-ын даргад заавал хариуцлага тооцоорой. Төр нь төр шиг байх ёстой. Иймэрхүү этгээдүүд байвал Монголын төр өөдлөхгүй. Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар баруун таван аймаг цахилгаанаар бүрэн хангагдаж, эрчим хүчний системийг Ховд аймагт авчирна. Үүний үр дүнд Дөргөний УЦС нийтдээ 12 Мкв, Мянгадын нарны цахилгаан станц 10 Мкв, нийтдээ 22 Мкв эрчим хүчийг Ховдод өөрийнх нь үнээр борлуулах боломжтой. Дөргөний УЦС 1 Мкв-ыг 36 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Бага үнээр эрчим хүчээ хангавал Ховд аймаг үйлдвэрлэлийн диваажин болно. Хүн бүр ажлын байртай болно. Эрдэнэбүрэнгийн УЦС 2025 онд ашиглалтад орно. 2024 онд АН Ховд аймагт ялах болно. Тэр үед дээрх бодлогыг бид хэрэгжүүлнэ.
УИХ-ын гишүүн Н.Тавинбэх:
-Нөхөн олговрыг одоо үйлчилж байгаа хуулиар олговол нөлөөлөлд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлж, үндсэн хөрөнгийг үнэлж тэр хэмжээгээр нөхөн олговор олгоно. Энэ нь малчин иргэдэд тохирохгүй байна. Учир нь нөхөн олговрын хэмжээ маш бага. 270 өрхөөс 100 орчим өрхөд 270 мянган төгрөгөөс 10 сая төгрөг хүртэлх нөхөн олговор олгоно. Малчин айлд үндсэн хөрөнгийн шинж агуулсан зүйл гэвэл өвөлжөө, хаваржаа байшин л байна. Энэ нь үнэлгээний буруу биш. Үндсэн хөрөнгөд хамаарах зүйл малчдад бага байгаатай холбоотой. Тиймээс Засгийн газар биет бус нөлөөллийн нөхөн олговрыг иргэн бүрт өгнө. Өөрөөр хэлбэл, 1270 өрх нөлөөлөлд өртөж байна. Үүний цаана 1251 өрх бий. Засгийн газар иргэн бүрт 15 сая 100 мянган төгрөгийн биет бус нөхөн олговор олгоно. Дөрвөн хүнтэй айл байлаа гэхэд иргэн бүр 15 сая төгрөг, нийтдээ 60 сая төгрөгийн биет бус нөлөөллийн нөхөн олговор үндсэн хөрөнгийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардал дээр нэмэгдэж очно.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацаасан хүмүүст хариуцлага тооцно
Ажлын хэсэг:
–Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалтын зардлын хувьд тогтоосон тоо байдаггүй. Дэлхий нийтэд ганцхан тоо бий. Тэр нь 1 Мкв-ын өртөг 3.6 сая ам.доллараас дээш гарвал эдийн засгийн хувьд өгөөжгүй гэж үздэг. Түүнээс биш байгаль орчин, тогтоц, станцын хүчин чадлаас хамаараад 1Мкв-д ногдох зардал ялгаатай байдаг. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хувьд гэрээ хийсэн үнийг 271.6 сая ам.долларт хувааж үзэхэд 2.9 сая ам.доллар гарна. Өөрөөр хэлбэл, олон улсын эдийн засгийн өгөөж боддог тооцоогоор эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж гарсан. Эрдэнэбүрэнгийн УЦС нь Монголын эрчим хүчний системийн 90 гаруй хувийг үйлдвэрлэдэг хатуу түлшээр ажилладаг технологитой маш сайн зохицож ажиллана. ТЭЗҮ-ээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын 1 Мкв-ын үнэ 5.6 цент гарсан. Үүн дээр дамжуулах, түгээх хангах үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ. Энэ зардал өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1.7 цент гарсан. Энэ үнийг эцсийн байдлаар хэрэглэгчдэд ямар үнээр зарах вэ гэдгийг Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.
11 ААН 594 Мкв-ын хүчин чадалтай 11 нар, салхины эх үүсвэрийг ашиглалтад оруулахаар төрд шахаад сууж байгаа талаар сайд хэлсэн. Сэргээгдэх эрчим хүч болох нар, салхины цахилгаан станцын тусгай зөвшөөрлийг сунгах эрх нь хуулиар Эрчим хүчний зохицуулах хороонд байдаг. Сунгах, хүндэтгэн үзэх олон шалтгаан байгаа талаар бидэнд мэдээлэл ирүүлсэн. Энэ тусгай зөвшөөрлүүдийг цуцалбал маш их хэмжээний торгуулийн хүү төлөхөөр юм билээ. Анхнаасаа хэт нэг талыг барьсан гэрээ хийсэн. Хошигнож хэлэхэд энэ нь жижигхэн "Оюутолгой"-н гэрээ шүү. Ер нь цаашдаа иймэрхүү гэрээ хиймээргүй л байна. Тухайн үед төрийн алба хашиж байсан хүмүүсийн сэтгэлгүй буруутай үйл ажиллагаа гэж боддог.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
–Залуус хэрсүү болж, ухаажсан байна. Тэд талбай дээр Засгийн газар ажлаа сайн хий гээд жагсч байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг урагш явуулмаар байна. 270 өрхийг нүүлгэхэд есөн тэрбум төгрөг төсөвт суусан гэсэн. Үнэн үү. 2024 он хүртэл цахилгаан шугам сүлжээний өргөтгөл хийхэд хэдий хэр мөнгөөр ямар ажлууд хийхээр байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Мэдээж Эрдэнэбүрэнгийн УЦС чухал ач холбогдолтой төсөл. Баруун бүс өнөөдөр эрчим хүчний хэрэглээнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас импортоор авч байна. УЦС ашиглалтад орвол баруун бүсийг дотоодын ногоон эх үүсвэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломжой болно. УЦС тохируулгын горимд ажиллаж чаддаг эх үүсвэр учраас шаардлагатай үед дэд бүтцээ байгуулж чадвал төрийн эрчим хүчний нэгдсэн системд эрчим хүч нийлүүлнэ.
Монголын эрчим хүчний салбар горимын тохируулгаа хийж чадахгүй байгаа. Өндөр үнээр импортын эрчим хүчээр тохируулгаа хийдэг. Үүнийг хийж чадах нь Эрдэнэбүрэнгийн УЦС. Тиймээс заавал ашиглалтад оруулна. Засгийн газар хичээж ажиллаж байгаа ч ганцхан асуудал тулгамдаад байна. Энэ бол нөлөөлөлд өртсөн малчдын асуудал. Иргэдтэй ойлголцож, уг төслийг урагшлуулна. Үе шаттай арга хэмжээг бид авч байна. Харамсалтай нь, уг ажлыг хуулиар гардан зохион байгуулах үүрэгтэй орон нутгийн нөхдүүд маш хариуцлагагүй байна. Тэд хариуцлагагүй үйлдэл нэг биш удаа гаргасан шүү. Ялангуяа Увс аймгийн сумын нөхдүүд зохион байгуулалтад орж буруу ташаа мэдээлэл иргэдэд өгөх, иргэдийг турхирч байна. Энэ нь туйлын харамсалтай. Удахгүй тэдэнд хуулийн дагуу арга хэмжээ авна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
–Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацаасан Увсын нөхдүүд АН-ынх гэж яриад, энэ том төслөө унагаж болохгүй шүү. Үндсэн гол зарчмын зүйлийг та нар олж харж чадахгүй байна. Та нар үнэхээр уг төслийг явуулахаар шийдсэн бол Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилдог юм уу, эсвэл төслийн удирдагч нар газар дээр нь очоод ажилллах хэрэгтэй. Өөрсдөө газар дээр нь ажиллахгүй бол төсөл урагш явахгүй. Ярих амархан. Харин үйлдэл буюу гүйцэтгэл хамгийн чухал. Шалтгаан, буруутан олох бол амархан. Асуудлыг улс төржүүлье гэвэл хэн ч чадна. Бид та бүхнээс үр дүн л хүсч байна. Үүний төлөө тууштай яваарай.
УИХ-ын гишүүн Н.Тавинбэх:
-Би улс төржөөгүй шүү. Бодит байдлыг л хэлсэн. Бодит байдал үнэхээр төвөгтэй хүнд байна. Намайг ажил авснаас хойш Увсын нөхдүүд зохион байгуулалттайгаар хүндрэл учруулж байна. Төслийн нэгж, яам, орон нутаг хамтраад ажиллаж байна. Бид тасралтгүй ажиллаж байна. Газар дээр нь ч ажлыг зохион байгуулж байна. Гэхдээ нөлөөлөлд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох асуудал одоо байгаа хууль эрх зүйн зохицуулалтаар орон нутгийн үүрэгт хамаарна. Орон нутаг эсрэг байр суурьтай байхаар ажил яаж явах вэ дээ. Төрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас болоод маш том хүндрэл үүсч байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
–Айл өрхийг нүүлгэлээ гэхэд хаваржаа, өвөлжөө барих газар ховор. Тэнд хоёр том оршуулгын газар бий. Уг асуудлыг хэрхэн шийдэх вэ?
УИХ-ын гишүүн Н.Тавинбэх:
-Төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг бие даасан хараат бус хувийн компани гүйцэтгэж байна. Үүнд, төр захиргааны төв байгууллага оролцох ямар ч боломжгүй. Нөлөөлөлд автсан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэг багийн иргэд 100 хувь хүлээн зөвшөөрч, нүүхээр болсон. Орон нутгийн удирдлагууд маш сайн ажилласан. Иргэд ойлгож, дэмжсэн. Би газар дээр нь ажилласан. Уг нь баян-өлгийчүүд суурьшмал амьдралтай. Гэхдээ уг төслийн ач холбогдлыг ойлгож дэмжсэнд талархаж байна. Шинээр суурьших газрын хувьд Баян-Өлгий, Увс, Баяннуур, Өмнөговь сум, бусад зэргэлдээх сумдаас Увс, Өмнөговь газар зохион байгуулалтад багтсан. Иргэдэд нүүж суурьших шинэ газрыг танилцуулсан.
Иргэд янз бүрийн байр суурьтай байна. Зарим нэг нь зөвшөөрөөд нүүхэд бэлэн гэж байхад таньж мэдэхгүй газар очихгүй гэж байна лээ. Өөр газар гаргаж өгөх хүсэлт тавьсан юм билээ. Үүнийг орон нутгийн удирдлагууд шийдэх боломжтой. Түүхийн дурсгалт газрууд бас нөлөөлөлд орж байна. 84 байрлалд 206 иж бүрдэл түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд бий. Эдгээрийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийнэ. Үүн дотор хоёр оршуулгын газар багтсан. Орон нутаг иргэдийн төлөөлөлтэй уулзаж, хэрхэн шилжүүлэх талаар ярилцсан. Түүх заншил, өв соёл, ёс заншлыг хүндэтгэн үзэж, нүүлгэлт хийнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-“2022 онд нийт 91 өрхийг нүүлгэн шилжүүлэх санхүүжилт улсын төсөвт суусан. Төслийн нөлөөлөлд өртөж буй дийлэнх иргэд газар өмчлөх эзэмшлийн гэрчилгээгүй байгаа нь одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу иргэдийн газрыг үнэлэх, нөхөн олговрыг ижил түвшинд тогтооход хүндрэл учруулж байна. Иймд нөлөөлөлд өртөж буй Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн 125 өрх, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн 145 өрхөд 2022-2024 онд иргэн бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар тооцсонтой тэнцүү хэмжээний нөхөн олговор олгоно. Нүүлгэн шилжүүлэх зардлыг олон улсын туршлагын дагуу малчдын амьжиргааг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, шинээр усалгааны системтэй малын тэжээлийн ургамал тарих талбай болон бэлчээр бэлтгэх жижиг, дунд үйлвэрлэл эрхлэх, шинээр өвөлжөө, хаваржааны газар олгох, шинэ багийн төвийг төлөвлөх зэргээр ажлыг цогцоор нь хэрэгжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл ямар нэг хилийн усны маргаангүй учраас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг олон улсын хараат бус хөндлөнгийн байгууллагаар хийлгэх шаардлагагүй.
Сонсголтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Эрчим хүчний салбар 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
–Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар хэлэлцэж байхад тэс хөндлөн зүйл асууж байгаад уучлаарай. Гэхдээ Багануур, Говь-Сүмбэр, Сайншандын аж үйлдвэрийн парк руу хийх цахилгааны шугамын тендер зарлагдсан гэсэн. Энэ ажил юу болов. Хоёрдугаарт, Дорноговь аймагт сэргээгдэх эрчим хүчний маш олон төсөл хэрэгжсэн шүү дээ. Хамгийн том салхин станц бий. Үр дүн нь хэр байна. Улаанбаатар хот ирэх жилээс хөлдөх аюултай гэу гишүүд ярих болсон. Н.Тавинбэх сайд ч цахилгааны үнэ нэмэх талаар яриад байгаа. Үүн дээр эдийн засгийн тооцоолол байна уу. Нийслэлд цахилгааны шинэ эх үүсвэр байна уу?
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
–Эрчим хүчний хэрэглээний өсөлттэй холбоотойгоор эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэр барьж, ашиглалтад оруулах шаардлагатай байна. Мөн шинээр тавих цахилгаан шугам олон бий. Үүний нэг нь Чойр, Сайншандын 234 км урттай цахилгаан шугам бий. Уг ажил нь газрын маргааны улмаас Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-наас санхүүжих ажил нэг жилээр хойшилсон. Улмаар газрын маргааныг шийдэж, шинэ шугам тавина. Энэ талаар ЕСБХБ-д мэдэгдсэн. Банкнаас экспертүүд гаргаж шалгаад, газар бэлэн болсон байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд, санхүүжилтийн асуудлыг банк дотроо яриад, өнгөрсөн хоёрдугаар сард банкны албан ёсны төлөөлөл ирж уулзалт хийсэн. Уг төслийг ЕСБХБ-наас санхүүжүүлэхээр болж, тодорхой хувийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон. Энэ ажлын санхүүжилтэд зориулж авах зээлийг Сангийн яаман дээр зээлийн тусгайлсан хэлтэс дээр бэлтгэж байна. Үүний дараа гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдана. Энэ жилдээ багтаж ажлыг эхлүүлнэ. Дорноговь аймагт хувийн өмчлөлийн нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд байгаа ч хүндрэлүүд бас байна. Тэнд туйлын хариуцлагагүй бодлогогүй, замбараагүй олгогдсон олон тусгай зөвшөөрөл бий. 2009-2019 оныг хүртэл 39 ААН-д 1560 Мкв-ын хүчин чадалтай нар салхины эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл олгосон. Энэ нь Монгол Улсын суурилагдсан хүчин чадалтай тэнцүү гэсэн үг.
Гаднын улс орны жишгийг харвал энэ орон зайг 10 хувиас хэтрүүлэхгүй байна. Цаана нь нарийн технологийн болон үнэ тарифтай холбоотой учир шалтгаантай байдаг. Одоо байгаа эх үүсвэрүүд технологи, үнэ тарифын хувьд хүндрэлтэй байна. Манай хэрэглэгчийн үнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйлдвэрийн үнэ 2-3 дахин үнэтэй байна. Төлбөрийг ам.доллараар хийхээр тухайн үеийн ханшаар тооцож, гэрээ хийгдсэн. Дэлхий нийтэд нар салхины эх үүсвэрээсээ шалтгаалж тогтвортой үйлдвэрлэл явуулж чаддаггүй учраас хувьсах эх үүсвэрт ордог. Энэ үед нөхөж ажиллах эх үүсвэр улсын хэмжээнд одоогоор алга. Тиймээс ОХУ-аас өндөр үнэтэй импортын эрчим хүч авч байна. Дээр нь горимын тохируулга хийхийн тулд өндөр үнэтэй импортын эрчим хүч захиалдаг. Энэ нь эрчим хүчний салбар санхүүгийн дарамтад орох маш том хүчин зүйл болж байна. 2021 оны жилийн эцсийн тайлангаар эрчим хүчний салбар 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Тэгэхэд одоо ажиллаж байгаа нарны зургаа, салхины гурван эх үүсвэр 60 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 11 ААН 594 Мкв-ын хүчин чадалтай 11 нар, салхины эх үүсвэрийг ашиглалтад оруулахаар шахаад сууж байна. Алдаатай хийсэн гэрээнүүд хууль зүйн дутмаг зохицуулалтаас ч болсон. Ийм хүнд байдлыг эрчим хүчний салбар туулж явна.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаарх асуулгын хариуг сонсоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад, Ш.Адьшаагаас Эрчим хүчний сайдад тус тус хандаж “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.
Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын хувьд хөрөнгө оруулалтыг Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.
Төслийн нийт төсөвт өртөг 288.5 сая ам.доллар болно. Хөрөнгө оруулалтаа 19.5 жилд нөхөх тооцоо гаргажээ.
Улмаар улсын тусгай хэрэгцээнд авсан 28 мянган га талбайгаас 9871.1 га газарт шинээр усан сан үүсэх бөгөөд энэхүү газарт амьдарч буй 258 айл өрх төсөлд хамрагдахаар байна. Тухайлбал, Увс аймгийн Өмнөговь сумын нутагт хамаарах 4576 га газар буюу Ховд голын зүүн захаар амьдарч буй 113 өрх, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт хамаарах 5182.3 га газар буюу Ховд голын баруун захаар амьдарч буй 145 айл, мөн нийт 74 байрлалд байгаа 192 иж бүрэн түүх соёлын үл хөдлөх дурсгалыг тус тус нүүлгэн шилжүүлэх судалгаа хийгдсэн байна.
Айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт суулгаж, төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 47 сарын дотор буюу 2025 оны долдугаар сараас өмнө нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттай зохион байгуулна.
УЦС баригдах сум, аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг бууруулах, үндсэн өртгөөр нь борлуулах тохиолдолд тарифын зөрүүгээс үүсэх хөрөнгийн эх үүсвэрийг тэргүүн ээлжид шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ.
Холбоотой мэдээ