Шанхайд Covid-19-өөр оношлогдсон гэр бүлийг тусгаарлалтад авч явахдаа тэжээвэр нохойг нь хэрцгийгээр алсан хэрэг гарч, маш их шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, корги нохойны эзэд тусгаарлагдах байр руу ачигдахдаа хайртай нохойгоо гэртээ ганцаараа олон хоног үлдэж, өлбөрөхөөс сэргийлэн гудамжинд сул тавьжээ. Нохой эзнийг нь авч яваа бүхээгт тэрэгний араас дагаж гүйсэээр, удалгүй хоцорч үлдсэн байна.
Гэтэл бүхээгт машин хол явсны дараа орон сууцны харуул нохойг хүрзээр гурван удаа цохиж алжээ. Нохой гаслан үхэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсанаар ийнхүү иргэдийг сэрдхийлгэжээ. Орон нутгийн албаныхан хэрцгийллээ тайлбарлахдаа "Сул яваа нохой өвчин тараахаас болгоомжилсон" гэжээ.
Хятадын эрх баригчид Covid-19-ийг тэглэх бодлогын дагуу хатуу арга хэмжээ авахыг тушаасан нь орон нутгийн албаныхан, иргэд хооронд зөрчил үүсгэх болжээ. Орон нутгийн албаныхан өөрсдөө хатуу шийтгэлтэй хариуцлага хүлээхгүйн тулд ямар ч аргаар хамаагүй цар тахлыг хязгаарлахыг хичээж байгаа аж. Тухайлбал, хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж, тусгаарласан зэрэг нь шүүмжлэл, эсэргүүцэл дагуулж байгаа юм.
Шанхайд цар тахлын халдварын тархалт өндөр байгаагийн дээр иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэл ч их байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 28-наас хойш Пудон гудамжинд хөл хорио тогтоосноо дахин хугацаагүйгээр сунгасныг шүүмжилж байна. Нөгөө талд өчигдөр Шанхайд цар тахлын 19982 тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POST
Холбоотой мэдээ