Монгол, Австралийн Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай санамж бичгийг өнгөрсөн сарын 31-нд байгуулсан. Санамж бичиг зурагдсанаар Монгол Улсын 100 залуу 2022 оны долдугаар сарын 1-нээс эхлэн Австралид “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах, энэ үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломж бүрджээ.
Энэ талаар Монгол дахь Австралийн Элчин сайдын яамтай холбогдож тодруулахад “Одоогоор бүртгэл хэзээ эхлэх талаар мэдээлэл гараагүй. Виз хүсэгч Монгол Улсын иргэнд тавих шаардлагыг гаргасан. Тухайлбал, 18-30 настай байх, асран хамгаалалтад нь байдаг хүүхэд хамт зорчихгүй байх, хувийн хэрэгцээндээ зарцуулах санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байх зэрэг.
Мөн эрүүл мэнд, зан төлөвийн шаардлага хангах, ижил төстэй хөтөлбөрт хамрагдаагүй байх, дээд боловсролтой болон их, дээд сургуульд хоёроос доошгүй жил сурсан байх шаардлагатай. Эдгээрээс гадна хэрэглээний түвшний англи хэлний мэдлэгтэй байх шалгуур тавьж байна" гэлээ.
Австралийн Цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, олон үндэстний асуудал хариуцсан сайд Алекс Хоук энэ визийн талаар хэлэхдээ “Австралид оршин суугаа монгол иргэдийн тоо бусад оронтой харьцуулахад хэдийгээр цөөн ч гэсэн манай нийгэмд бодитой хувь нэмрээ оруулж байгаад бид баяртай байна. Энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцол бэхжиж, олон монгол залуу Австралид ирж ажиллангаа аялах, суралцах боломжийг нээж байгаад нэн баяртай байна” гэсэн билээ.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Удаан хугацаанд хүлээсэн энэ баримт бичиг өнөөдөр ийнхүү бодит ажил хэрэг болж, биеллээ олж буйд бид мөн баяртай байна. Монгол, Австрали хоёр орны залуус хоорондын харилцаа, харилцан ойлголцол, итгэлцэл, соёлын солилцоо цаашид улам бэхжиж, олон монгол залуу Австралид ирж, танай сайхан орны олон үндэстнээс бүрдсэн нийгэм, соёлд өнгө нэмж, нийгэм, эдийн засгийн хөгжилд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн австрали залуус Монголд аялж, ажиллан, улсын хөгжил дэвшилд үлэмж хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэсэн юм.
Австралийн “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар эхний ээлжид Монгол Улсын 18-30 насны 100 залуу тус улсад ажиллах, суралцах эрхтэй болсон. Хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэ тоо жилээс жилд нэмэгдэх боломж нээгдэж буй. Гэхдээ хэзээнээс албан бичгийн дагуу бүртгэл эхлэх талаар мэдээлэл гараагүй байна.
Холбоотой мэдээ