Н.Энхбаяр: Хариуцлагатай байхгүй бол дефолтын эрсдэл өндөр байна

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: Хариуцлагатай байхгүй бол дефолтын эрсдэл өндөр байна

Н.Энхбаяр: Хариуцлагатай байхгүй бол дефолтын эрсдэл өндөр байна

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-Монголын эдийн засгийн чуулга уулзалт хоёр жил завсарласны эцэст дахин эхэлж, тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж байна. Бид асуудлуудыг олон жил ярьсаар ирсэн. Шийдэгдэлгүй явсаар өнөөдөр байдал бахь байдгаараа. Та энэ чуулганаас ямар үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна вэ?

-Форумын зорилго төр, хувийн хэвшил аль аль талаасаа бодлого, зорилтоо ярилцах, харилцан ойлголцох гэж ойлгож байна. Одоогийн нөхцөлд форумын зорилго УИХ-аас өнгөрсөн онд “Шинэ сэргэлийн бодлого” баталсан учраас үндсэндээ түүнд чиглэгдэж байх шиг байна. Тулгамдсан асуудал дээрээ илүү төвлөрч ярилцах нь зөв болов уу. Бонд, гадаад худалдаа, дэд бүтэц, ложистик энэ бүхэн хамгийн чухал суурь эрчим хүч. Үүнийгээ шийдэхгүй бол бусад асуудал бүгд хэрэгжих боломжгүй гэсэн үг. Одоо явж буй төслүүд ч гэсэн. Бид төсөв дээрээ яг энэ тулгуур асуудал дээрээ илүү ач холбогдол өгч, эхний ээлжид шийдэх ёстой. Үүнийг олон улсын байгууллагууд байнга хэлсээр ирсэн. Бид тэргүүлэгч бодлогоо сонгоогүй. Одоо яг ингэж ярилцаж байгаа үед ялангуяа бодлого, шийдвэр гаргаж байгаа хүмүүс ядаж энэ дээрээ ойлголцох хэрэгтэй. Энэ амаргүй нөхцөл байдалд тулж байна, байгаа хөрөнгөө оновчтой зарцуулах хэрэгтэй.

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг зарим хүн амьдралаас хол бодлого гэж шүүмжилж байна. Энэ бодлого хөрсөн дээр хэр сайн буух бодлого гэж та дүгнэж байна вэ?

-2020 оны хавар Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Түүнийг мөрдөж буй. Шинэ хуулиар бид урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлоготой. Яг энэ хүрээнд бүх бодлого гарсан. Сонгуулийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөр, таван жилийн төлөвлөгөө, улсын хөрөнгө оруулалт гээд маш олон бодлого гарсан. Одоо батлагдсан, хүчинтэй байгаа богино, дунд, урт хугацааны бодлогуудаа хэрэгжүүлэх ёстой. Одоо нэг төвөгтэй байдал үүсч байна. Юу вэ гэхээр, 2020 оны зун баталсан Улсын хөгжлийн төлөвлөгөө гэж бий. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр. Бүх төслүүдийг жагсаасан. Сая баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” үндсэндээ түүний тодорхой нэг хэсэг болчихож байгаа юм. Энэ дээр бидний урьд нь ярьж байсан бодлогын давхардал бий болох гээд байна шүү дээ. Тиймээс энийгээ арилгаад, “Шинэ сэргэлтийн бодлого”-доо бүх түвшиндээ ач холбогдол өгөөд, ойлгож байгаа бол өмнө баталсан тэр таван жилийн төлөвлөгөөнийхөө тодорхой хэсэг, зүйл заалтуудыг хүчингүй болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол жишээлбэл, Сангийн яам ирэх оны төсвийг өргөн барилаа гэхэд түүн дээр яг ямар бодлогыг нь оруулах вэ гэдэг эргэлзээтэй болно. Бүгдийг нь УИХ баталсан, хэрэгжүүлэх ёстой. Их хурлын гишүүд тойрог тойрогтоо юм хийдэг. Тэд юу гэж ярих вэ гэхээр манай тойрог дээр энэ асуудал таван жилийн төлөвлөгөөнд бий. Энэ объектыг барих ёстой гэнэ. Энэ нь өнөөгийнхөө нөхцөл байдалд нийцэхгүй болно. Тэгэхээр бодлогын уялдаа холбоог хангах ажлаа бид хийх ёстой. Дээр нь бидний анх төлөвлөж байсан хөрөнгийн эх үүсвэр хүрэлцэхгүй нь тодорхой болж байна. Манай эдийн засгийн бизнесийн цикл, мөчлөг саардаг цаг үе яг энэ цаг үетэй давхцаж байна. Энэ нөхцөл байдлаа бид сайн ойлгоод, хөрөнгөө зөв хуваарилах асуудал маш чухал болсон байна.

-“Монгол Улсын өр Ази, Номхон далайн орнууд дундаа үлэмж өндөр байна” гэсэн дүгнэлтийг Дэлхийн банкны Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирал Марселло Эстивао илтгэлдээ дурдаж, онцгойлон анхаарууллаа. Өр нэмэгдэхгүй байх тал дээр ямар бодлого барих нь зүйтэй вэ. Одоо барьж буй бодлого байгаа онохгүй байгаа юм биш үү гэсэн бодол төрж байна. Та юу хэлэх вэ?

-Өрийг хязгаарлах ёстой хэд хэдэн бодлогын баримт бичиг бий. Нэгдүгээрт, Өрийн талаар баримтлах дунд хугацааны стратеги гэж УИХ-аас баталдаг бичиг баримт байна. Түүн дотор өрийг яаж үүсгэхгүй байх вэ, яаж өрийн удирдлагын менежмент хийх вэ гэдэг чиглэлүүд бий. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Түүнд төсвийн алдагдлыг хэд байлгаж болох вэ, зарлагыг ямар хэмжээтэй өсгөж болох вэ гэдэг бий. Тэгэхээр энэ хоёр хууль төсөв, мөнгөний бодлогын хүрээнд бүгдийг цогцоор харж байх ёстой. Харамсалтай нь, бид УИХ дээр төсвөө хэлэлцэхдээ үүнийгээ мартчихаад байгаа байхгүй юу. Тухайн жилийн төсөв маш чухал гээд өрийн, төсвийн тогтвортой байдлаа мартдаг. Өнгөрсөн жил бүр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийнхаа зүйл заалтыг өөрчлөөд, алдагдлынхаа хязгаарыг нэмчихсэн. Цаашдаа ингэж болохгүй. Өрийн дарамт маш их гэж бүх түвшинд ярьж байна. Дэлхийн банкнаас сая гаргасан Зүүн Өмнөд Азийн тайланд байна. Монгол Улсын нийт өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувь гэж зарлаж байна.

"ЗАРЛАГА, ӨРӨӨ ЯАХ ВЭ ГЭДЭГ ХУВИЛБАРТАЙ ТООЦООЛЛУУД ХЭРЭГТЭЙ"

-УИХ нийт өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 67 хувь гэж зарласан?

-Олон улсын түвшинд ангиллаараа тооцоод 80 хувь. Тэгэхээр Зүүн Өмнөд Азийн орон дотроо хамгийн өндөр өртэй орон болж байна. Цаашид өрийг тэлэх боломж байхгүй. УИХ-аас өмнө нь баталсан Өрийн дунд хугацааны стратеги баримт бичгээ цаг үетэйгээ нийцүүлээд шинэчлэх ёстой байх. Түүн дээр өрийн тааз хязгааруудыг нэмж тавих ёстой. Тухайлбал, энэ дотор своп хэлцлийн хязгаар байхгүй. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр ч байхгүй. Алдагдал, гадаад өрийн нийт хэмжээ бий. Гэтэл тухайн жил дээр нэмээд шинээр үүсгэж болох өрийн хязгаар байхгүй. Хүсвэл нэмж болохоор байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрний хязгаар байх хэрэгтэй. Одоо цаг үе хүндэрлээ гээд ОХУ-тай своп хэлцэл байгуулах тухай ярьж байна. Тэгвэл дахиад хязгаар хэрэгтэй. Яагаад вэ гэвэл, бид 2008 онд Хятадтай төгрөг юанийн своп хэлцэл хийхдээ зөвхөн тухайн үеийн ам.долларын хомсдлыг даван туулах зорилгоор хийсэн. Оронд нь юань аваад, юаниар төлбөр хийх гэсэн агуулгатай. Энэ чинь солилцоо байхгүй юу. Гэтэл тэр нь явсаар байгаад Хятадын төв банкны зээл болж хувираад, одоо 15 тэрбум юанийн зээлийн өртэй болсон. Энэ бол нөгөө өрийн нэг хэсэг, хугацаатай, хүүтэй.

Хэрвээ бид гурав, гурван жилээр сунгаж байгаа юанийн зээлийн төлбөрийг сунгаж чадахгүй бол яг адилхан бондын төлбөртэй адилхан олон улсын санхүүгийн зах зээл дээр дефолт болно.

Монгол Улс өртэй, өрөө төлж чаддаггүй. Ийм аюул, эрсдэл байгаа учраас бид шинээр үүсгэх своп хэлцэл, бусад төрлийн өрийн үүсгэж буй бүхий л хэлбэрийн хязгаарлалтыг тавьж өгөх хэрэгтэй. Одоо нэгэнт өрнөдийн орнуудаас авч буй хориг арга хэмжээ 1-2 жил үргэлжлэх нь тодорхой нөхцөлд бид өр үүсгэж буй хягаарлалтуудаа маш сайн тавьж, хоёр жил хариуцлагатай байхгүй бол ийм байдлаар явж огт болохгүй.

-Дефолт зарлах эрсдэл өндөр байна, тийм үү?

-Хариуцлагатай байхгүй бол. Хэрвээ импортоор хүндрэл үүсч, экспорт нэмэгдэхгүй он дуустал энэ хэвээр явбал мэдээж хүндрэл үүснэ.

-Олон улсын валютын сангийн төлөөлөгч “Монгол Улс Ази, Номхон далайн орнууд дотроо хамгийн өндөр инфляцитай орон” гэж хэллээ. Инфляци цаашид өссөөр байвал яах вэ?

-Энэ дахиад Covid-19-өөс үүдэлтэй хилийн түгжрэл саатлаас үүдэлтэй. Анхаарах ёстой зүйл гэвэл бидний хүсэл сонирхлоос үл хамаардаг хүчин зүйл байгаль цаг уур, Covid, геополитикийн ийм нөхцөл байна гэдгийг бид урьдчилан мэдэх ёстой. Гэнэт гарч ирдэг. Геополитикийн эрсдэл ингэж огцом өснө гэж бид бодоогүй. Гэхдээ үүсч болзошгүй. Бүх асуудал энэ гурваар дуусахгүй шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг үзэгдэл байнга цаашаагаа үргэлжилж байна. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж олширч байна гэж олон улсын байгууллагуудын бүх тайлан дээр гарч байна. Монгол Улс Төв Азийн өндөрлөг газарт байрладаг, уур амьсгал хуурай маш эмзэг гэдгийг бас хэлж байна. Ган, зудын эрсдэл дуусаагүй. 2023, 2024 онд дараагийн нэг эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Ган, зуд ч юм уу. Яагаад вэ гэхээр, олон улсын байгууллагуудын уур амьсгалын тайлангууд дээр бий. Ирэх 2024, 2025 он нарны идэвхжлийн дараагийн максимум гэж. Энэ нь байгаль цаг уурын дахин нэг өөрчлөлт гарна гэсэн үг. Эрсдэл, өөрчлөлт гарна. Номхон далайн орнуудын аль нэгд үер болох ч юм уу, байгалийн хүндрэл учрах тохиолдол гарна. Тэр нь манай нутгаар дайрах уу, үгүй юу гэдгийг бид одоогоор мэдэхгүй байна. Хэрвээ дайрвал бид мэднэ. Байгаль, цаг уурын бэрхшээл манай эдийн засагт нөлөөлсөн, тухайлбал 2009, 2010 оны зуд байна. Өнөөдөр Улаанбаатар хотын гацааг үүсгэсэн суурь шалтгаан тэнд байна. Иргэдийн шилжилт хөдөлгөөн идэвхжсэн.

-Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед байгаль, цаг уурын гамшиг тохиолдвол жинхэнэ аюул болно биз дээ?

-Тийм. Тэгэхээр бүх юмаа сайхан байна гэж бид төсөөлж болохгүй. Харамсалтай нь, өнгөрсөн 2, 3 жилд эдийн засаг сайн байхад бид байнга 36 сая тонн нүүрс гаргах юм шиг бодоод, маш өөдрөг төлөвлөлттэй явж ирлээ. Болохгүй юм байна гэдгээ сүүлийн хоёр жил ойлголоо. Эрсдэл байдаг юм байна, Монгол Улс эмзэг юм байна гэдгийг ч ойлголоо. Монгол Улс түүхий эдээс маш их хамааралтай. Маш жижиг эдийн засагтай. Бид дотор нь суусан учраас 14 тэрбум ам.доллар 40 их наяд төгрөг, маш том мөнгө гэж бодоод байна. Дэлхийн зах зээл дээр бид нэг хүнд ноогдох орлогоороо 140, 145-д ордог улс. Маш жижиг эдийн засаг. Хөрш орнуудтай харьцуулбал, Өвөрмонголоос жижиг, Эрхүү мужаас жижиг. Тэгэхээр бид ийм жижиг эдийн засгаа айхтар том эдийн засаг гэж ойлгоод, үрэлгэн зараад байж болохгүй. Түрүүн дурдсан, байгаль цаг уур, Covid гээд энэ бүх эрсдэл бидэнд байнга бэрхшээл учруулж байна. Түүнд тохирсон олон талын хувилбартай бодлого байнга хэрэгтэй. Нэг жилийн төсөв, үндсэн чиглэл гээд бүх юман дээрээ бид хувилбартай эрсдэлүүдийг тооцсон байх ёстой. Сайн бол орлого олно. Орлого орохгүй бол бид яах вэ?  Зарлага, өрөө яах вэ гэдэг хувилбартай тооцооллууд хэрэгтэй.

ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ХОРИГТ ОРООД УДВАЛ ГАДААД ХУДАЛДААНЫ ТАРИФАА БУУРУУЛАХ АЛХАМ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ

-Өнөөдөр хамгийн их санаа зовоож буй асуудал долларын өсөлт. Манай улсад ам.долларын үнэ өсмөгц бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд, буцаад буудаггүй. Харин засгийн газар “урт нэртэй” хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьж, Эдийн засгийн байнгыy хороо дэмжсэн. Энэ хуулийн төсөлд Лондоны хөрөнгийн биржийн үнэ дээр 5 хувь нэмж, гадаад дотоодоос алт худалдаж авна гэж заасан байсан. Гадаадаас алт авна гэхээр валютын нөөц маш их асуудалтай байна гэсэн үг үү?

-Гаднаас биш. Агуулга нь иргэдийн гар дээр байгаа алтыг худалдаж авна гэсэн үг. Урд нь 2020 онд Covid-ийн үед бас ийм арга хэмжээ авч байсан. Төв банк алтны нөөцөө арвижуулах шаардлагаар. Одоо жишээлбэл, алт олборлож байгаа компаниуд алтаа тушаагаагүй байж болно. Олборлолт нь бэлэн шороон ордууд бий. Тэдгээрийн үйл ажиллагааг идэвхжүүлэх урамшуулал байхгүй юу. Хэрвээ идэвхжүүлбэл алтыг нь төв банк арай ахиу үнээр авах юм. Алтны нөөцөө ахиулна гэдэг Монгол Улсын валютын нөөц бэхжиж байгаа нэг хэлбэр. Валютын нөөц ахиу байж байж бид интервенц хийх бололцоо бүрдэнэ. Эрсдэлээ бууруулж буй хэлбэр. Тэгэхээр энэ бол байж болох заалт.

-Төсөв, мөнгөний бодлого уялдахгүй байгаагийн гол шалтгаан юунд байна гэж та бодож байна вэ?

-Эхлээд бид түрүүний ярьдаг шиг гадаад төсөөллөө маш сайн хийх хэрэгтэй. Бид биднээс үл хамаарах хүчин зүйлсийг хамаарах юм шигээр тооцоолоод байна. Бид 36 сая тонн нүүрс олборлож чадах ч гэсэн түүнийг авах уу, үгүй юү гэдэг нөгөө талын асуудал байхгүй юу. Зэсийн баяжмал ч мөн адил. Дээр нь байгаль, цаг уурын бэрхшээл, геополитикийн асуудал биднээс хамаарахгүй байна. Бид хамаарахгүй хүчин зүйлсээ өөрснөө төлөвлөөд, түүнийгээ тооцсон төсөв хийгээд байгаа нь буруу юм. Сүүлийн гурван жилийн алдаа энэ. Зүүн Европын Унгар ч юм уу улс ийм хэмжээний төсөөлөл хийж болно. Аж үйлдвэржсэн, эдийн засгийн бүтэц нь зөв. Жишээлбэл, Зүүн Өмнөд Азийн Вьетнам улс эдийн засгийн маш зөв бүтэцтэй. Эдийн засгийн савлагаа болоход эдийн засгийн бусад салбарууд нь зөв учраас түүхий эдийн үнээс хамаарал нь маш бага. Аж үйдвэр, үйлчилгээний салбар нь маш өндөр хөгжсөн. Зүүн Өмнөд Азидаа энэ жил эдийн засаг нь хамгийн сайн өсөлттэй орнуудын нэг нь Вьетнам байна. 2020 онд эдийн засаг нь хасах руу ороогүй, нэмэхтэй гарсан улсын нэг. Ийм байгаа нөхцөлд бид өөдрөг төсөөлөл хийж болно. Гэтэл манай улс хоёрхон хөрштэй, хамаарал нь маш өндөр байгаа учраас тийм өөдрөг төсөөлөл хийж ерөөсөө болохгүй. Үүнтэйгээ нийцсэн мөнгөний бодлого хийх хэрэгтэй. Төсвийн бодлого хэт өөдрөг яваад байна гэсэн үг. Бид Монгол Улсын бизнесийн цикл мөчлөгөө маш сайн харах ёстой. Монголбанкны, доктор Ган-Очирын бичсэн бүтээлүүд бий. Монгол Улсын бизнесийн цикл Вьетнам улсынхтай харьцуулахад богинохон. Вьетнамынх 6, 8 жил байж магадгүй. Манайх 3, 4-хөн жил. 2017 оноос хойш өсөлт гуравхан жил. Өнгөрсөн 20 жилийн түүхийг харвал дандаа ийм байна. Манай эдийн засаг 3-4 жилд ямар нэг шалтгаанаар саарч байна. Дэлхийн эдийн засгийн хямрал, Covid, түүхий эдийн уналт, геополитикийн улмаас ч юм уу. Мөчлөг ийм байгаа учраас бидэнд мөчлөгөө ойлгосон бодлого хэрэгтэй. Дээр нь улс төрийн сонгуулийн мөчлөг байна. Энэ бол маш тодорхой. 2024 онд сонгууль болно. Эдийн засагт нөлөөлнө. Энийгээ бодсон эдийн засгийн төлөвлөлт хэрэгтэй.

-Орос, Украины мөргөлдөөн манай эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Цаашид ямар эрсдэл тулгарахаар байна вэ?

-Эхлээд мэдээлэл сайтай олон улсын байгууллагууд юу гэж үзэж байна вэ гэдгийг харах ёстой. Дэлхийн банк, ОУВС, Европын сэргээн босголтын банк гээд олон улсын байгууллагууд эхний төсөөллөө гаргаж байна. Тэр төсөөллөөс бид нөлөөлөл нь юу болох вэ гэдгийг эхлээд харах ёстой. ОХУ-ын эдийн засаг хасах 10, Украиных хасах 20 гэж байна. Дараа нь speed lower гэдэг хүндрэл гардаг. Тэр улсын эдийн засаг хүндрээд, түүнтэй холбоотойгоор эдийн засагт аажмаар нөлөөлж эхэлнэ. Тэр нөлөөллийг бид дагаж судлах ёстой. Одоо Дэлхийн банк, ОУВС-гаас гаргаж буй тайланд speed lower гэдэг эффектийг хараахан гаргаагүй байна. Дөнгөж нэг сар болж байна. Арай гүнзгийрсэн судалгаа хийгээд, 6, 7 сараас тайлан дээр орж эхэлнэ. Тэр үр дагавраас манайд яг ямар ямар зүйлүүд илүү гүнзгий нөлөөлж болох вэ гэдгийг харах ёстой. Үргэлжлэх хугацааг бид одоогоор хэлж мэдэхгүй байна. Одоо ганцхан тодорхой зүйл нь эдийн засгийн хориг арга хэмжээ. Одоо ч авч дуусаагүй, улам нэмээд л байна. Энэ хориг арга хэмжээ маш хүчтэй байна. Удаан үргэлжиллэх нь тодорхой, 1-2 жил болно. Үүнээс үүдээд харилцаа, төлбөр тооцоонд гээд зарим талаар хүндрэл учирна. Нөгөө талаар эерэг ч гэж хэлэх юм уу. ОХУ-ын эдийн засаг хоригт ороод удвал эдийн засгаа дэмжиж, гадаад худалдааны тарифаа бууруулах алхам хийж болзошгүй. Тэр авах арга хэмжээнийх нь эерэг нөлөөлөл нь жишээлбэл, Монгол Улсаас авах хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний татварыг бууруулдаг ч юм уу, газрын тосны бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг багасгадаг ч юм уу ийм алхам хийж болзошгүй. Энэ нь манайд нэмэх талтай нөлөөлж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж