Сурвалжлага: Гэр хороолол дундах цэцэрлэгт хүрээлэн

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Гэр хороолол дундах цэцэрлэгт хүрээлэн

Сурвалжлага: Гэр хороолол дундах цэцэрлэгт хүрээлэн

Дундаа нэг унадаг дугуйтай дөрвөн хүүхэд гудамжны үзүүрээс инээлдсээр “Одоо би унана шүү. Эрхэмээ арай л удаан уналаа” гэсээр гарч ирэв. Духанд нь бурзайсан хөлс, улаа бутрах хацрыг харвал энэ хүрэх гэж багагүй зам туулсан нь илт. Тэд Санзайн дэргэд байрлах “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”-д очиж дугуйгаа унахаар явж байгаа нь энэ. Бидний зүг нийлсэн учир хамт явангаа тэдэнтэй ярилцав. Тэд нэг гудамжных гэнэ. Цэцэрлэгт хүрээлэн хүртэл 30 минут зарцуулдаг, өгсүүр газар тул бага зэрэг ядардагаа нуусангүй. Зогсоолд машинаа тавиад, хүрээлэн рүү алхахад 10 минут, автобусны буудлаас нааш алхаж ирэхэд 30 минут зарцуулдаг аж.

Дугуйгаа ээлжлэн унаж, хөөрөлдсөн хүүхдүүд ам булаалдан “Манай гэрийн ойролцоо тоглоомын талбай байхгүй. Гудамжинд дугуй унахаар энд тэндээс автомашин гарч ирээд мөргөчих гээд аюултай. Би нэг удаа шүргүүлэнгээ алдсан” гэж ярив.

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД АЖЛЫН ӨДӨР 150-200, АМРАЛТЫН ӨДӨР 450-500 ХҮН ИРДЭГ

Бид зам зуураа элдвийг ярьж явсаар “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”-д 15.00 цагийн орчимд ирлээ. Үүдээр нь ороход авто зогсоолын төлбөр авах бөгөөд “Нэг цаг нь 1000 төгрөг. Хэрэв энэ цаасыг хаявал 5000 төгрөгийн торгууль төлнө” гэсээр талон өгөв. Үүнийг харсан нэгэн жолооч “Үнийн хөөрөгдлийн хажуугаар торгууль нь ч бас юу вэ” гэж ундууцах нь тэр. Зогсоолд байршуулсан 70 гаруй машинаас харахад хүмүүсийн тус цэцэрлэгт хүрээлэнг зорьж очдог нь илт.  Нэг машинаас  2-3, эсхүл түүнээс ч олон хүүхдүүд бууж ирэх юм.

Гэр хороолол баригдсан тус цэцэрлэгт хүрээлэнд залуус сэмхэн болзож, өөрсдийнхөө унадаг дугуйг унаж, хөгшид нарлан, нялхас тэргэндээ нойрсоно. Хүүхдүүд талбайд ролекоор гулгаж, зарим нь улаа бутартлаа хөөцөлдөж тоглоно. Хөл хорионы улмаас хоёр жил гэртээ хоригдсон хүүхдүүд ёстой л шавайгаа ханатал тоглож байв. Цэцэрлэгт хүрээлэнд ажлын өдөр 150-200, амралтын өдөр 450-500 хүн ирдэг гэнэ.

Энд зургаан настай болов уу гэмээр 18 хүүхдүүд хоорондоо уралдаж тоглоцгооно. Тэд “Би нэгт орсон. Үгүй би нэгт орсон” гэж өөр хоорондоо мэтгэлцэх нь өхөөрдөм. Тэдгээр хүүхдүүд зургаан буудалд байрлах “Сайхан үйлс” өдөр өнжүүлэх төвийн сурагчид аж. Тус өдөр өнжүүлэх төв долоо хоногт нэг удаа хүүхдүүдийг ийнхүү агаарт гаргаж, хүссэнээр нь тоглуулдаг гэнэ. Учир нь, олон удаагийн хөл хорионы улмаас хүүхдүүд утас шагайсаар хичээл хийх сонирхол нь багасч, хөдөлгөөний дутагдалд орсныг багш нь хэлэв. Үүнийг нотлох мэт 300 метрт гүйгээд ирсэн хүүхдүүдээс зарим нь “Багш аа, ядраад байна” гэсээр зүлгэн дээр хэвтээд өглөө. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах талаас нь харвалЭрдмийн цэцэрлэгт хүрээлэн” хамгийн аюулгүй гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз.

"АГААРТ ГАРНА ГЭХЭЭР ХҮҮХДҮҮД  ХИЧЭЭЛЭЭ ГЭРЛИЙН ХУРДААР ХИЙДЭГ"

Хуур хөг” сургалтын төвийн морин хуурйн багш, “Сайхан үйлс” өдөр өнжүүлэх төвийн дуу хөгжмийн багш Д.Даваасүрэн “Манай төвд 1-2 ангийн хүүхдүүд зарим тохиолдолд 3-4 ангийн хүүхдүүд суралцдаг. Хүүхдүүд 08:30-17:30 цагийн хооронд өдөр бүр суугаад хичээл хийхээр бие нь чилнэ. Ээж, аавууд нь ажилтай учраас хүүхдүүдээ салхинд гаргах боломжгүй. Тиймээс хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэхийн хажуугаар агаар салхинд гаргаж тоглуулдаг. Ерөнхийдөө цаг агаар дулаарахаар долоо хоногт нэг удаа агаарт гаргадаг. Өвөл бол утаанд гарахгүй. Угаасаа гарахын эцэсгүй. Агаарт гарна гэхээр хүүхдүүд хичээлээ гэрлийн хурдаар хийнэ шүү дээ” гэлээ. 

Модон сандал дээр суугаад зүлгэн дээр тоглож буй хүүхдүүд, эмээдээ үүрүүлж яваа эрх ач хүүг, ээждээ хөтлүүлсэн аавын жаахан охиныг харахад цаанаа л нэг тайван сайхан. Найзуудаараа инээлдэн хамтдаа яваа охидыг хараад аргагүй зуны улирал ирж байна даа гэсэн бодол төрөх.

"ГЭР ХОРООЛЛЫН ХҮҮХДҮҮДЭД ТОГЛОХ ГАЗАР, ТОГЛООМ Ч БАЙХГҮЙ"

15 настай таван охин хар багаасаа найзалжээ. Тэд өнөөдөр Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”-г зорьж ирсэн байна. Хамгийн хол Хайлаастад амьдардаг. Хичээл сургууль амарсан учраас охид ихэвчлэн гэртээ байх болжээ. Харин өчигдөр уулзалдан, ийнхүү буу халж сууна. Тэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байдаг талаар  шүүмжлэл ч хэлэв.

Нэрээ нууцлахыг хүссэн охин “Гэр хорооллын хүүхдүүдэд үнэндээ нийтийн тоглох газар, тоглоом ч байхгүй. Зарим нэг газарт сагсны шийд таарна. Сагсны шийд гээд хэлэхэд ч хэцүүхэн, ихэнх нь эвдэрсэн байдаг. Би гэр хорооллын хүүхдүүдэд маш гоё тоглоомын талбай барьж өгөөсэй гэж хүсч байна. Учир нь хүүхдүүд тоглоомын талбайгүй учраас машин замын ойролцоо гудамж, талбайд тоглодог. Үүнээс болж авто осолд орох магадлалтай. Манай тэр хавьд осолд орсон хүүхдүүд ч байдаг. Ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд машин зам дээр хөлбөмбөг тоглож, дугуй унадаг. Хүүхдүүд тоглоомын талбай, гоё замгүй учраас машин замын ойролцоо тоглохоос өөр аргагүй. Харин энэ цэцэрлэгт хүрээлэнд ирэхээр үнэхээр гоё тухтай байдаг. Айх машин тэрэг алга” гэлээ.

Тэдний санааг үнийн өсөлт ч мөн зовоох болсон бөгөөд “Энд ирж уух гээд хоёр ус, нэг ундаа, чипс, боорцог авахад 25 мянган төгрөг болсон. Автобусны буудлаас нааш алхахад 30 минут зарцуулдаг учраас бид такси барьсан. Гэтэл таксины хүн гурван км газарт 5000 төгрөг нэхсэн. Уг нь 3000 төгрөг гарах байх гэж бодож байсан юм. Юмны үнэ бүр арай л өсч байна” гээд толгой сэгсрэв.

Ерөнхийдөө нийслэл хотод иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдээ цэвэр агаарт гаргах цэцэрлэгт хүрээлэн хуруу дарам цөөн. Тиймдээ ч үеийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бужигнасан олон хүнтэй байсаар ирсэн. Нөгөөтэйгүүр алслагдсан дүүргүүдэд амьдардаг иргэд хүүхдээ аятайхан газар тоглуулахаар хотын төв бараадахын тулд хамгийн багадаа хоёр автобус дамждаг байна. 

“Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн" 2019 онд ашиглалтад оржээ. Хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн хэмжээ нь 108×72 метр бөгөөд олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлгэн талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн зургаан зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээн зохион байгуулах бүрэн боломжит 2000 хүний суудалтай аж. Тус талбай нь дэлхий дахины спорт болсон хөнгөн атлетик, хөлбөмбөгийн төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулах, хүүхэд, залуучууд хичээллэх, мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх нөхцөл боломж бүрдүүлж байгаагаараа ихээхэн онцлог.

Тус цэцэрлэгт хүрээлэнд үүрэг гүйцэтгэж байгаа харуул хамгаалалтын ажилтан “Өнөөдрөөс цаг агаар тогтуун болж, хүмүүс их ирж байна. Ер нь ажлын өдрүүдэд хүн сийрэг. Амралтын өдөр л олны хөлд дарагдана. Өмнөх жилүүдээс хавь илүү хүмүүс ирж байна. Бид хог хаясан, тамхи татсан иргэдэд шаардлага тавьдаг. Шаардлага тавихад иргэд дургүйцдэггүй. Зарим нэг тохиолдолд үл тоомсорлон өнгөрөх хүмүүс таарна. Гэхдээ нэгэн үеийг бодвол хүмүүсийн хандлага эерэг болсон” гэв.

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж