Японы эрчим хүчний оффшор эх үүсвэр

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Японы эрчим хүчний оффшор эх үүсвэр

Японы эрчим хүчний оффшор эх үүсвэр

Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор Японы засгийн газар эрчим хүчний хангамжийн асуудалтай тулгараад буй. Энэ цөвүүн цагт далайн салхинаас эрчим хүч гаргаж авах нэг шийдэл бий. Орос улс дэлхийн томоохон эрчим хүч нийлүүлэгчдийн нэг учир дайнаас улбаалаад Япон тэргүүтэй бусад олон оронд цахилгааны үнэ өссөн. Япон улс Москвад эдийн засгийн хориг арга хэмжээ авч буй хэдий ч тус улсын ерөнхий сайд Кишида Фүмио энэ сарын 1-ний өдөр "ОХУ-д хэрэгжүүлдэг эрчим хүчний төслөөсөө гарахгүй" гэж нийтэд зарлав.

Одоогоор Япон улс ОХУ-д Сахалин-1 ба 2 гэсэн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн төсөл хэрэгжүүлдэг. Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хагиүда Коичи хэлэхдээ “Бид Орос дахь төслүүдээ урт хугацаанд үргэлжлүүлэхийг хүсч байна. Үнийн өсөлттэй тулгараад буй өнөөгийн нөхцөл байдалд бид эрчим хүчээ зах зээлийн үнээс хямдаар авах боломжтой. Энэ нь эрчим хүчний аюулгүй байдалд нэн чухал асуудал юм” гэжээ. Японы засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлын улмаас Оростой эдийн засгийн хамтын ажиллагаагаа тийм амар зогсоож чадахгүй нь ойлгомжтой.


ДАЛАЙН САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧ

Японы эрчим хүчний аюулгүй байдалд геополитикийн хямрал нөлөөлж буй. Иймд тэдний хувьд хэрхэн бие даасан, нүүрстөрөгчийн саармагжуулсан эрчим хүч гаргаж авах вэ гэдэг чухал болоод байна. Энэ асуултын хариулт далайн салхины эрчим хүч байж мэдэх юм. 2021 оны аравдугаар сард Япон улс зургаа дахь удаагийн стратегийн эрчим хүчний төлөвлөгөөгөө танилцуулсан. Энэ хүрээнд "Фүкүшима Дайчи" атомын цахилгаан станцад болсон ослоос хойших 10 жилийн эрчим хүчний бодлогын ахиц дэвшлийг судалжээ.

Түүнчлэн 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийнээс ангид эрчим хүчний стратеги хэрэгжүүлэхээ зарласан. Нүүрстөрөгчийн хийг халах зорилгодоо хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүч ашиглахаар төлөвлөж буй. Тэд далайн салхины эрчим хүчийг өөрсдийн нууц зэвсгээ гэж үзэж байна.

Японы засгийн газар 2018 онд Далайн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан, эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийг хөгжүүлэх тухай хууль баталж байсан. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сард энэ хуулиа албан ёсоор мөрдөж эхэлжээ. Уг хуулийн хүрээнд далайн бүс нутгийг нөхөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор гэрчилгээжүүлж, тусгай зөвшөөрөл бүхий далайн бүс нутгийг орон нутагтай уялдуулах, холбогдох бусад хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.

Хууль эрх зүйн орчин батлагдсанаар Япон улс 2040 он гэхэд дэлхийн гурав дахь том салхины эрчим хүч үйлдвэрлэгч болох учиртай гэж үзэж байна. Тодруулбал, далайн салхины эрчим хүчээр цөмийн 45 реакторын цахилгааны гаралттай тэнцэх буюу 45 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх аж.


Уг актыг үндэслэн Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам болон Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамд хамтарч тендер зарлажээ. Энэ нь далайн салхины эрчим хүчийг нэвтрүүлэх боломжит бүс нутаг, компанийг тогтоох зорилготой тендер юм. Тендерийн үр дүнд 2021 оны зургаадугаар сард анхны хөвөгч цахилгаан станцыг барихаар Тода корпораци тэргүүтэй зургаан компани шалгарчээ. Байршлын хувьд Нагасаки мужийн Гото хотын далайн бүсийг сонгосон байна. Энэ үйл ажиллагаа нь цаашид тасралтгүй өргөжин тэлсээр, Ноширо, Хойд Юрихонжо, Өмнөд Юрихинжогийн бүс нутаг мөн сонгогдсон. 2021 оны арванхоёрдугаар сард Мицубиши корпораци тэргүүтэй консорциумууд далайн салхины эрчим хүчний оператор нийт гурвыг барихаар болжээ.

ДЭЛХИЙН КОМПАНИУД ЯПОНД ХӨРӨНГӨ ОРУУЛНА

Олон улсын байгаль орчны мэргэжилтнүүд Япон улсыг нүүрстөрөгчийг халах үйл явцын хувьд хоцрогдмол гэж шүүмжилдэг. Үүний зэрэгцээ дэлхийн салхины эрчим хүчний томоохон компаниуд энэ чиглэлээр Японд хөрөнгө оруулах сонирхолтой байдаг аж. Тухайлбал, дэлхийн хамгийн том далайн салхин цахилгаан станц бүтээгчдийн нэг болох Шотландын “SSE PLC” компани Япон руу нүүхээр шийджээ. Түүгээр зогсохгүй, дэлхийн хоёр дахь том далайн салхины эрчим хүчний компани болох Германы “RWE Renewables” энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн. Мөн АНУ-д салхи, сэргээгдэх эрчим хүчний хамгийн том төсөл хэрэгжүүлдэг “Pattern Energy” компани Хоккайдо мужийн Ишикари хотод далайн салхины эрчим хүчийг хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Японд далайн салхины эрчим хүчний системийг нэвтрүүлэхэд тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь эрчим хүчийг Токио болон бусад томоохон хотуудад дамжуулах явдал юм. Дамжуулах хүчин чадал дутмаг байгаа нь Японы далайн эрэг дээрх салхины эрчим хүчний бодлогод саад учруулсан тул тус улсын засгийн газар энэ санхүүгийн жилийн төсвийн тодотголд таван тэрбум иенийг төсөвлөжээ.
2021 онд Японы түүхий нефтийн импортын 3.6 орчим хувь, шингэрүүлсэн байгалийн хийн импортын 8.8 хувийг Орос бүрдүүлсэн. Стратегийн үүднээс авч үзвэл, Орос Украин руу довтолсон нь Японд цөмийн шинэ реактор бүтээхээс илүү далайн салхин цахилгаан станцуудыг эрт ашиглалтад оруулахад түлхэц болжээ. Японы өнөөгийн эрчим хүчний үндсэн бодлогод энх тайвны зорилгоор атомын эрчим хүчийг ашиглах тухай тусгасан боловч Орос-Украины дайн нь цэргийн онцгой байдлын үед атомын цахилгаан станцууд стратегийн хувьд эмзэг болохыг харуулж байна.

Япон нь дэлхийн зургаа дахь том эдийн засагт тооцогддог бөгөөд далайн салхины эрчим хүчний нөөц маш өндөр юм. Онолын хувьд далайн салхины эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэж болох жилийн цахилгаан эрчим хүчний нийт хэмжээ 3460 тераватт/цаг ажээ. Энэ нь 2020 онд Японы хэрэглэсэн цахилгаанаас гурав дахин их гэсэн үг юм.
Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж