Монголд анх удаа толилуулах гэж буй “Ганц цагаан шувуу” сюрреалист моно дуурийн талаар Монголын урлагийн зөвлөл болон тус дуурийн уран бүтээлчид өнөөдөр /20220.04.18/ мэдээлэл хийлээ.
Тус моно дуурийг нэрт найруулагч агсан МУУГЗ Л. Эрдэнэбулган, МУГЖ дуурийн дуучин Ц.Төвшинтөгс, цомнол зохиолч М.Энхболд, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нарын санаачилсан аж. Моно дуурь нь ганц дүртэй тул зохиолын өрнөл зөрчлийн гол үүргийг симфони найрал хөгжим голлон гүйцэтгэдэг. Мөн гоцлол дуучнаас хоолойн чадал, илэрхийллийн уран мэдрэмж , жүжиглэх чадвар шаарддаг аж.
Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл:
-Монголын сонгодог урлагийн шинэхэн хуудсыг нээх гэж байна. Моно дуурь Монголд анх удаа тавигдаж буй. Урлагийн зөвлөлийн хувьд 20 жилийнхээ ойн хүрээнд тус жүжгийг дэмжин оролцож байгаад таатай байна. Монголын урлагийн зөвлөл нь арилжааны бус мэргэжлийн урлагийн бүтээлийг олон нийтэд хүргэх зорилгоор “Онч Аудит” ХХК-ийн ивээн тэтгэлэг, Монгол улсын Консерватори, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын дэмжлэгтэйгээр энэхүү дуурийг тайзнаа амилуулах гэж байна гэв.
Ганц цагаан шувуу дуурийн хөгжмийн зохиолыг 2014 оноос хойш 8 жилийн хугацаанд бичигдсэн аж. Нэг хүн 50 минутын туршид Би, Оршихуй гэх хоёр дүрд хувирч дуулах бөгөөд тус дуурийн гол утга санаа нь хүний амьдралын гол утга учир эрх чөлөө, дотоод сэтгэл хамгийн чухал гэдгийг илэрхийлэх аж.
Ганц шувуу Моно дуурийн найруулагч Б. Мэндбаяр:
-Миний хувьд нэрт найруулагч Л.Эрдэнэбулгантай их ойр байсан. Энэ жил ОХУ-ын театрын урлагийн академийг хөгжмийн найруулагч мэргэжлээр төгсөх гэж байна. Л.Эрдэнэбулган найруулагчийнхаа гэгээн дурсгалд зориулан тус дуурийг найруулсан. Жүжгийн хувьд Монголын өнөөгийн нийгмийн өнгө төрх илэрхий харагдах болов уу? хэмээн дүгнэж байна. Хүн нийгмийн ямар нэг нөхцөлөөс хамаарч хиймэл баг зүүх хэрэг гардаг. Өөрөө өөрөөрөө байх боломжгүй нөхцөлд амьдарч буй. Тиймээс эцсийн эцэст хүнээрээ үлдэх ёстой хэмээх мөн чанарыг илэрхийлэхийг хүссэн.
Бага тайзны хэлбэрт тавигдах “Ганц цагаан шувуу” моно дуурь /2022.04.12/-нд 19:00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглогдох аж. Тасалбарыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын кассаар болон www.ticket.mn онлайнаар захиалах боломжтой аж.
Ц.Хонгор