Монголын оюутны V их наадмын гандболын тэмцээн өчигдөр/2022.04.06/ өндөрлөж, аваргуудаа тодрууллаа. 2020 оны арваннэгдүгээр сард эхэлсэн уг тэмцээн цар тахлын улмаас жил гаруйн хугацаанд завсарлаж эргэн ирсэн нь энэ байлаа.
Медалийн төлөөх тоглолт бүр ширүүн өрсөлдөөнтэй болсон. Эмэгтэйчүүдийн төрөлд Үндэсний батлах хамгаалахын их сургууль/ҮБХИС/ түрүүлж, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль мөнгөн медаль, МУИС хүрэл медаль тус тус хүртэв. Харин эрэгтэйчүүдийн төрөлд ШУТИС түрүүлж, Үндэсний биеийн тамирын дээд сургууль /ҮБТДС/-ийн баг мөнгөн медаль, МУИС-ийн баг хүрэл медалийн эзэд болжээ.
Эрэгтэй, эмэгтэй төрлийн алтан медалийн төлөөх тоглолтууд тун сонирхолтой өрнөсөн. Үндэсний батлах хамгаалахын их сургууль ердөө нэг онооны илүүтэй ялалт байгуулсан бол эрэгтэй төрөлд ШУТИС торгуулийн шидэлтээр өрсөлдөгчөө буулган авсан.
Багийн нийлбэр дүнгээр Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус алтан медаль, Р.Гантулга дасгалжуулагчтай МУИС мөнгөн медаль, Д.Шүрэнцэцэг дасгалжуулагчтай ҮБТДС хүрэл медаль тус тус хүртэв.
Энэ удаагийн оюутны V их наадамд шилдэг нь байж, бусдыг манлайлсан тамирчдаас Азийн наадамд оролцох Монголын шигшээ багийг бүрдүүлэх юм.
Монголын оюутны V их наадам жүдо, таеквондо, ширээний теннис, шатар, футзал, чирлидинг, чөлөөт бөх, волейбол зэрэг төрлүүдээр үргэлжлэн явагдана.
Гэрэл зургийг Э.Харцага
Холбоотой мэдээ