"Монгол Улс хүссэн, хүсээгүй тусгаарлагдчихаж магадгүй"

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

"Монгол Улс хүссэн, хүсээгүй тусгаарлагдчихаж магадгүй"

"Монгол Улс хүссэн, хүсээгүй тусгаарлагдчихаж магадгүй"

Монголын эдийн засгийн чуулга уулзалт бүтэн хоёр жил завсарласны эцэст Төрийн ордонд өнөөдөр (2022.04.07) эхэлж, амжилттай үргэлжилж байна.

Тус форумын хүрээнд болсон "Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал" салбар хуралдаанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги, судалгааны хүрээлэнгийн зөвлөх, доктор Р.Болд, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр, Монгол Улсын Стратеги, судалгааны хүрээлэнгийн судлаач Н.Энхбаяр нар оролцож, модератороор Үндэсний аюулгүй байдлын судлаач, докторант Т.Төрболд ажиллав.

Энэхүү салбар хуралдаан дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги, судалгааны хүрээлэнгийн зөвлөх, доктор Р.Болд дараах байр суурийг илэрхийллээ.

МАНАЙ УРД АЙЛ БИДЭНТЭЙ ХАРЬЦАХДАА "ЦАДСАН МУУР ШИГ" БОЛЧИХСОН БАЙНА

-Монгол Улс хөгжлийн хэд хэдэн томоохон хөтөлбөрүүд, ялангуяа цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй үеийг даван туулахаар "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд төр засгийн зүгээс юуг анхаарах ёстой вэ? Нөгөө талаас гадаад буюу геополитикийн хүчин зүйлийн хувьд гол анхаарах ямар асуудал байна вэ?

-Монгол Улс газар зүйн байршлын хувьд их таатай гэж зарим улсууд үздэг. Би хувьдаа Монгол Улс газар зүйн байршлын хувьд хамгийн таагүй улсуудын нэг гэж үздэг. Хоёрдугаарт, бид болж буй үйл явдалд дүгнэлт хийхдээ олон талын эх сурвалжийг харьцуулж үзэх ёстой байх. ОХУ манай мөнхийн хөрш. Украин бол манай мөнхийн хөршөөс ялгагдахгүй харилцаатай улс. Үндсэндээ хуучин ЗХУ-ын үед хойно бэлтгэгдсэн боловсон хүчний гуравны нэг буюу 15 мянган монгол Украин улсад боловсрол эзэмшсэн. Бид аль аль талд нь хүндэтгэлтэй хандах ёстой. Нэг түүхийг санах ёстой. Хуучин ЗХУ-ыг хэн унагачихлаа даа. Холливудын жүжигчин л унагасан шүү дээ. Та бүхэн санаж байгаа байх. Тиймээс басч болохгүй.

Бид хүссэн, хүсээгүй өөрсдөө тусгаарлагдчихаж магадгүй. Газар зүйн байршлын хувьд, болж буй үйл явдлын улмаас биднээс үл хамааралтайгаар тусгаарлагдчихаж магадгүй. Манай улс транзит улс, транзит эдийн засагтай болно гэсэн зорилго дэвшүүлсэн. Гадаад харилцаа хаагуур яаж явж байна вэ? Бараг 70-80 хувь нь урд хөршөөр дамжин явж байна. Үлдсэн 20 хувийн тал нь хойд хөршөөр дамжиж байна. Бид Ази, Номхон далайн бүс нутаг руу анхаарлаа илүү идэвхтэй хандуулахад анхаарах ёстой болж байна.

Одоо ОХУ дотроо Дорно зүгийнхээ бодлогыг идэвхжүүлье гэж ярьж байна. Бид тусгаарлалтаас гарахын тулд Ази, Номхон далайн бүс нутгууд руу чиглэхээс өөр аргагүй. Тийш гарахын тулд урд хөршөөр дамжиж гарахаас өөр аргагүй. Энэ дээр бас том бодлогын асуудал гарч ирнэ. Ази, Номхон далайн бүс нутаг болж буй үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын хүлээж байснаас жаахан тааруу байр суурь илэрхийлсэн. Ихэнх нь ОХУ-ын үйлдлийг буруушаасан НҮБ-ын тогтоолд нэгдэж орсон, нэг хэсэг нь хориг арга хэмжээнд нэгдэж орсон. Тэр хориг арга хэмжээнд нэгдэж орсон 4, 5 улс манайтай нэлээн гайгүй харилцаатай улсууд. Индонез, Бангладеш, Тайланд гээд Украинаас үр тарианыхаа нэлээн хэсгийг авдаг. Украин үндсэндээ гадагшаа үр тариа нийлүүлэхээ зогсоочихлоо. Ази, Номхон далайн бүс нутаг ялангуяа Индонез бараг тэрбум орчим ам.долларын үр тариа Украинаас худалдаж авдаг байсан. Одоо шинэ зах зээлд гарч, ойр хавийнхаа улсуудаас үр тариа авах, нийлүүлэх боломжийг эрэлхийлж, Ази, Номхон далайн улс орнууд, түүний дотор манай аж ахуйн нэгж, байгууллагад хандах явдал сүүлийн үед нэмэгдэж байна. Бүс нутаг руу гарахын тулд БНХАУ-аар дамжиж гарахаас өөр аргагүй.

-Монгол Улсын кибер аюулгүй байдал хэр байна вэ? Сорилттой тулгарч байна уу? 

-Дэлхийн улс орнууд дийлэнх нь кибер аюулгүй байдлын бодлогынхоо дагуу сүүлийн арваад жил бодлого, үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улс энэ дээр нэлээн хоцорч байгаа юм. Кибер аюулгүй байдлын тухай хууль баталлаа. Манай урд айл бидэнтэй харьцахдаа "цадсан муур шиг" болчихсон байна. Ер нь мэдээллээр бүрэн хангагдчихсан гэсэн үг. Хойд хөрш маань арай өөр байдалтай байна. Бид хамгийн эхлээд кибер хил тогтоох ёстой. Түүнийг тогтоохын тулд баримт бичиг үйлдэх ёстой. Бидэнд олон сорилт тулгарна. Бид бодолтой ярих ёстой. Эдийн засгийн хоригт ороод буй ОХУ, Украины ард түмний цус, энэ хоёр дээр үндэслээд бидэнд боломж гаргана гэж ярьж болохгүй. Боломж зөндөө бий. Сорилт нэлээн нэмэгдэнэ. Тухайлбал, экспортоо нэмэгдүүлнэ гэж ярьж байна. Яг үнэндээ экспорт нэмэгдүүлэх боломж байна уу?

Бид хэдэн жил Парист төвтэй байгууллагад малын өвчингүй гэж бүртгүүлэх гээд чадахгүй байна шүү дээ. Сүүлийн гурван жил боом өвчингүй гэж бүртгүүлэхээр холбогдох байгууллагууд нь ажиллаад, ерөөсөө үр дүн гарсангүй. Мах авъя гээд байгаа улсууд "Та нар энийгээ бүртгүүлчихээ. Тэгээд асуудлаа ярья" гээд байдаг. Хоёрдугаарт, хэзээ гэдгийг бүү мэд. Манайд нэг том сорилт тулж ирнэ. Гуравдугаар сарын 22-нд ОХУ-ын төлөөлөгч "Хэзээ нэгэн цагт Хятад Тайванийг эзэлж авна. Том юм болно, тэнд. Ази, Номхон далайн бүс нутаг тэр хэрээр доргино. Бид тэр үед Номхон далайн болон Алс Дорнодын тойргийн хувьд ажиллах ёстой гэж хэлж байна лээ. Бид сүүлийн хоёр жил Covid-19-ийн талаар одоо хүртэл базаж дүгнэж чадаагүй байна шүү дээ. Тэгэхээр энэ шинэ сорилт ороод ирэхээр яах вэ гэдэг дээр том асуултын тэмдэг тулгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж