СУРВАЛЖЛАГА: "Бид эх орондоо амьдармаар байна"

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

СУРВАЛЖЛАГА: "Бид эх орондоо амьдармаар байна"

СУРВАЛЖЛАГА: "Бид эх орондоо амьдармаар байна"

Нийгэмд тулгамдаж буй бүхий л асуудалд цөхөрсөн залуу үеийнхэн ирээдүйгээ хамгаалахын тулд өнөөдөр /2022.04.07/ 10.00 цагаас төв талбайд жагсаж эхэллээ. Тал бүрээс цугласан залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван жагсаалд нэгдэж байна.

Талбай тойрон алхах залуус “Бид эх орондоо амар тайван, ажил хөдөлмөр эрхэлж, эрүүл орчинд, элэг бүтэн амьдармаар байна” хэмээн хоолойгоо сөөтөл орилон зам дагуу явж буй хүн бүрийг жагсаалдаа татах нь тэр. Үүнтэй зэрэгцэн замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар хүртэл дуут дохиогоо хангинуулан дэмжиж буйгаа илэрхийлэв. Залуус гэлтгүй иргэд бухимдал дүүрэн байгаагаа ийн илэрхийлж байна.

"Сайны хажуугаар саар" гэгчээр үзэл бодол, зүрх сэтгэлээрээ нэгдсэн залуусын жагсаалд нам, төрийн холбогдолтой хөгшид саад хийхийг оролдож, нэр бүхий гишүүдийн лоозон барин тэдний дунд холилдоно. Гэвч шинэ үеийн охид хөвгүүд, шинийг бүтээхийг хүссэн залууст тэдгээр эрхмүүдийн хийж буй үйлдэл, хэлж байгаа үг, барьсан зурагтай лоозон огт таалагдахгүй байгаа нь үйлдлээс  нь шууд харагдана.

Засгийн газрыг шударгаар ажлаа хийхийг шаардаж, хэмнэлтийг иргэдээсээ бус төр өөрөөсөө эхлүүлэхийг хүсч буй юм. Төв талбайн голд цуглан, цементэн шалан дээр суух залуус “Бид Засгийн газрыг огцор гэж хүссэнгүй. Харин төрийн хамгаалалтад орсон өндөр дээд албан тушаалтан,  гишүүд, сайд, дарга нараас амьдралд ойр, илүү бодит шийдвэр гаргахыг хүсч байна. Монгол Улсын эдийн засаг иргэдийн эдийн засагтай шууд хамааралтай. Битгий худал үгсээр иргэдийн тархийг угаагаад бай. Залуус бидэнд эх орон минь хэрэгтэй” хэмээн орилж байлаа.

Залуусын хэлсэн үгээс хүргэх нь:

“Тэмцдэггүй ард түмэн мөхдөг шүү дээ. Бид гурван сая гаруй иргэнтэй. Яагаад бүгдээрээ нийлээд энэ нийгмийг өөрчилж болохгүй гэж. Хүчээ нэгтгэж чадвал оройтоогүй байна. Утасны цаанаас зүгээр бичих биш үг, үйлдэл хоёроороо харуулах хэрэгтэй байна”

“Би өнөөдөр охиныхоо төлөө энд сууж байна. Миний хүүхдийн ирээдүй ямар байх бол гэдгээс би айдаг. Тиймдээ ч энэ жагсаалд ирсэн. Үр хүүхдийн минь ирээдүйг үгүй хийхийг хараад сууж тэвчихгүй. Миний охин Монгол Улсын иргэн. Эх орондоо эрүүл нийгэмд өсөх ёстой”

“Баярлалаа, төр засагтаа. Та нар олон улсын жишигт эх орноо аваачиж чадлаа. Юугаараа гээч. Үнийн өсөлтөөр. Өнөөдөр бидний дундаж цалин нэг сая. Харин хүнсний бүтээгдэхүүний үнэ АНУ-ын бараа бүтээгдэхүүний үнэтэй ижил байна. Гэвч тэр улсын иргэдийн дундаж цалин 6000 ам.доллар байна. Харамсалтай”

“Залуус бид эх орондоо амьдармаар байна. Бид харь орон зорьж, хүний боол болж, ажил хийхийг хүсэхгүй байна. Яагаад нутагтаа хөдөлмөрөө шударгаар үнэлүүлээд, эрүүл орчинд, сэтгэл хангалуун амьдарч болохгүй гэж. Эх орон минь баялагтай хэдий ч хүртэх хүн нь цөөхөн юм даа”

Ямартай ч зуу зуун залуусаар эхэлсэн жагсаал өдрийн хагаст хэдэн мянга болж нэмэгдлээ. Тэдний өрнүүлж буй жагсаалыг тэнгэр хүртэл харж үзэв үү гэлтэй нартай, дулаахан тогтуун байна.

 

Гэрэл зургийг : Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж