Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр БНХАУ-ын нүүрс экспортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй цахим хурал хийжээ.
Хуралдаанаар Цагаан хадны гаалийн талбайд байгаа 4.8 сая тонн зарагдсан нүүрсийг яаралтай гаргах, дараагийн борлуулалтаа эрчимжүүлэх талаар санал солилцсон байна. Цахим хурлын үеэр экспортлогч аж ахуйн нэгжүүд тээвэрлэлт хийх шинэ гарцтай болох хүсэлт тавьсан бөгөөд монголын талаас уг саналыг бүх талаар дэмжинэ гэдгийг ажлын хэсгийн дарга, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцолжээ. Мөн жолооч нарын PCR шинжилгээний хариу монголын талд сөрөг гарсан ч БНХАУ-ын лабораторийн шинжилгээгээр эерэг гарч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс БНХАУ-ын хэрэглэж байгаатай адил хоёр лабораторийг ирэх долоо хоногт ашиглалтад оруулж, шинжилгээний хариутай холбоотой тээвэрлэлтийн гацааг арилгана гэдгээ мэдэгджээ.
Мөн тус ажлын хэсэг ирэх долоо хоногт Шивээхүрэнгийн боомтыг нээлгэхээр талаар Өвөрмонголын боомтын захиргаатай холбогдон ажиллаж байгаа юм байна. Дээрх арга хэмжээний хүрээнд ажлын хэсгийн гишүүд Цагаан хад боомтод очиж ажиллах бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах тал дээр хүн хүч нэмэгдүүлж ажиллах юм байна.
Холбоотой мэдээ