УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.04.07/-ийн хуралдаан эхэллээ.
Согтуу жолоочийн шийтгэлийг хөнгөрүүлэхийг дэмжихгүй гэв
УИХ-ын чуулганаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Гэр бүлийн хүчирхийллийг бид зөрчил гэж яваад байх уу. Энэ бол гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлэх заалт юм. 0-3 насны хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд, 0-14 насны хүүхэдтэй эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн эмэгтэйг баривчлахгүй байх санаачилгыг оруулж ирж байгаад талархаж байна. Ямар ч хүн гэмт хэрэг үйлдээд торгуулъя, шийтгүүлье гэдэг асуудал байдаггүй. Ихэнх нь зөрчлүүд уламжлалт байдлаас үүдэлтэй гэж боддог.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
-Уг хуульд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоо барих эрхийг нэг жилээр хасч, 400 төгрөгөөр тэнцэх нэгжтэй буюу торгодог хуулийг өөрчлөх, 400 нэгжээр торгогдог шийтгэлийг хасч, зөвхөн нэг жилийн хугацаатайгаар тээврийн хэрэгслийн эрхийг хасна” гэж оруулжээ. Яагаад санкцийг бууруулж оруулж ирж байгаа юм. Жилдээ 24 мянган зам тээврийн осол гарч байна. Зам тээврийн ослоор жилдээ 383 хүн амиа алдсан. Үүнээс 159 хүүхэд нас барсан. Ийм байхад санкцийг бууруулж оруулж байгаад сэтгэл дундуур байна. Судалгаагаар дөрвөн жолооч тутмын нэг нь согтуугаар машин жолоодсон гэдэг статистик бий. Санкцийг чангатгах хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Зөрчлийн тухай хууль хэрэгжээд таван жил болж байна. Урт хугацаанд хэрэг буурах ёстой байсан ч эсэргээрээ манай улсад нэмэгдсэн. 2021 онд нийт зөрчлөөр 200 орчим тэрбум төгрөгийн торгууль тавигдсан. Нийт гарч буй зөрчлийн 92.5 хувь нь ТЦА-тай холбоотой байна. Торгуультай иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутагт байна. Нэг жилээр эрх хасна гэдэг бол эдийн засаг хөрөнгө мөнгөний хувьд өөрт нь хүнд дарамт ирж байна. Хуулийн гол санаа нь зарим төрлийн хөнгөн зөрчлүүдэд сануулах арга хэмжээг авах агуулга орсон.
-УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Иргэдийг торгодог байдлыг болъё гэдгийг дэмжиж байгаа. Хуулийн төслийг харахад нийт 25 зөрчилд сануулах шийтгэл оногдуулж болохоор боловсруулжээ. 220 орчим зөрчлийн 10 хувьд сануулах шийтгэл оногдуулах боломжтойгоор оруулж ирсэн. Тэгэхээр үзэл баримтлалтай нийцэхгүй юм биш үү. Хуулийн төсөлд торгох, баривчлах, сануулах гэж оруулсан байна лээ. Гэтэл зөрчил оногдуулах албан тушаалтны үзэмжийн асуудал болж хувирах вий.
-УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Уг хуулийн 5.1.1-т олон зөрчлийг нэгтгэсэн. Сануулах арга хэмжээг сонгож хэрэглэхгүй. Архи согтууруулах ундаа хэрэглэж зөрчил гаргавал сануулах арга хэмжээ авахгүй.
-УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Хөнгөн зөрчилд эхний ээлжид сануулдаг байя. Гудамжид нус цэрээ хаях, машины шил арчигчийг хаях, ойрын гэрэл нь ажиллахгүй гэдэг юм уу. Энэ мэт нийгэмд гэм хор багатай зөрчилд сануулдаг байя. Харин хоёр дахь удаагаа давтах юм бол торгоно.
-УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Зарчмын хувьд хуулийг дэмжиж байна. Зөрчлийн тухай хуулийг ерөнхийд нь өөрчлөх хэрэгтэй. Сануулах шийтгэлийг оногдуулснаар гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх, төрд итгэх итгэлийг сэргээх ач холбогдолтой заалт орсныг дэмжихийг хүсч байна. Замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой зөрчил их гардаг. Албан журмын даатгалын хуулийн төслийг өргөн бариад дэмжлэг авч чадаагүй. Албан журмын даатгалыг цагдаагийн байгууллага хийж байна. Зөрчил наймаалцдаг асуудал байж болохгүй. Шинжээчийн зөрчил гаргасан асуудлыг Зөрчлийн хуулиар шийдэж болохгүй. Эрүүгийн хуульд оруулах ёстой. Шинжээч гэдэг хууль, төр, нийгмийн өмнө хариуцлага хүлээж байгаа.
-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Зөрчлийн хуулийг нэр бүхий туршлагатай гишүүд санаачилжээ. Хуульч хүний хувьд үзэхэд практикийг харгалзсан байна. Гэхдээ захиргааны зөрчил нь мэргэжлийн шинжлэх ухаан байдаг. 2017 оны хууль нэр томъёоны хувьд буруу. Сануулах арга хэмжээг зарим талаар дэмжихгүй байна. Жишээ нь хамгийн сайн хэрэгждэг тамхины тухай хуулийг “сануулна” гээд оруулчихсан. Зөрчил гаргаад буй иргэн бусад иргэний эрхийг зөрчсөн байхгүй юу. Тиймээс бага зэргийн дүнтэй торгох хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Зөрчлийн тухай хуулийг 2015 онд баталсан. Батлах болсон шаардлага, үзэл баримтлалыг зөв гэж боддог. Хэтэрхий хатуу хариуцлагатай байсныг 2017 онд зассан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед торгуулийн хэмжээг багассан. Хор уршиг багатай зөрчилд эхний удаа сануулах агуулгыг оруулж ирж байна.
Хөшигийн хөндий жилд 2.5 сая хүн тээвэрлэх боломжтой
Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:
– Засгийн газрын хуралдаанаар төрийн зарим байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Гэхдээ үе шаттай, төлөвлөгөөний дагуу хийнэ. Энэ хүрээнд Шинэ зуун мод хот руу зарим төрийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлнэ. Нэгдсэн байрын зураг төслийг боловсруулах ажиллаж байна. Ингэхдээ эдийн засгийн чөлөөт бүсийн 1000 га газар дээр төрийн байгууллага байршихгүй. Өөр бүсэд байршина.
Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол:
-Эдийн засгийн чөлөөт бүс дээр судалгааны ажлыг маш сайн хийж байна. Дэлхийн 150 оронд 5400 гаруй чөлөөт бүсийн 83 нь 2000 оноос хойш нисэх буудлыг түшиглэн байгуулсан байдаг. Хөшигийн хөндий жилд 2.5 сая хүн тээвэрлэх боломжтой. Угтах үйлчилгээг нь хамт тооцоход жилдээ 7.5 сая хүнд үйлчилнэ. Цаашдаа аялал жуучлалын салбарыг эдийн засгийн бүс дээр хөгжүүлэх нь өндөр ашигтай. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд жуулчдын тоог 1-2 саяд хүргэвэл ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 7-10 хувьд хүрнэ. Эдийн засгийн чөлөөт бүс дээр аялал жуулчлал, түүнийг дагасан дагалдах үйлчилгээ, мэдээлэл технологийн төв байгуулна. Олон улсын санхүүгийн үйлчилгээг бий болгосноор гадаад хөрөнгө оруулалтыг татах боломжтой.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Өмнөх хоёр чөлөөт бүс өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс дээр төсвөөс хэдэн төгрөг тусгав.
Газар дээр байшин барилга барихаас илүүтэй инженер, шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг яриач ээ. Өмнөх алдаа нь ерөөсөө энэ. Газар доор шугам сүлжээний асуудалд нэг ч төгрөг шийдээгүй 20 жил явж ирсний горыг Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүс харуулж байна. Дэд бүтэц нь татагдсан газар хувийн хэвшлийнхэн өөрсдөө гүйгээд ирнэ. 2023 онд ямар ажил хийх юм. Хов хоосон газарт хот байгуулна гээд ярьдаг юу хийх нь тодорхойгүй байна.
Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:
-Барилга хот байгуулалтын яамнаас Шинэ зуун мод хот болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах хүрээнд төлөвлөлтийн ажлыг эхлээд хийсэн. Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон дэд бүтцийн ажлын зураг төслүүдэд зориулаад 2021 оноос хойш нийтдээ 4.1 тэрбум төгрөгийг тусгасан. Үүний дагуу зураг төслийг боловсруулах ажил хийж байна. Ерөнхий төлөвлөгөөг ирэх сард Засгийн газраар батлуулна. Эхний ээлжид хийх дэд бүтцийн зураг төслийн ирэх сард боловсруулж дуусна. Үүнд инженерийн бэлтгэл, ус хангамж, цахилгаан, дулаан хангамж, бохир хамаарна. Зураг төслүүдийг боловсруулж дууссаны дараа зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой болно. Урьдчилсан байдлаар 2022 оны улсын төсөвт 2024 он хүртэлх хугацаанд 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгуулсан.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Дэд бүтцэд 33 тэрбум төгрөгийг зарцуулна гэж ойлголоо. Зөв үү. 33 тэрбум төгрөгийн задаргааг нь хэлээч. Макет байхгүй болохоор асуух зүйл их байна. Ажил хэрэгч байдлаар асуудалд хандмаар байна. Засгийн газар үүн дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой. Цаашдаа хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийг нэмэгдүүлэх чухал төсөв
Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:
-33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтдээ зургаан төрлийн дэд бүцтийн ажлуудыг хийнэ. Урьдчилсан байдлаар инженерийн бэлтгэл хангахад найман тэрбум, ус хангамж эх үүсвэрийн шугам сүлжээ 19.8 тэрбум, мэдээлэл холбооны шугам сүлжээ хоёр тэрбум, цахилгаан хангамж таван тэрбум төгрөг зарцуулахаар байна. Инженерийн бэлтгэл ажлын хүрээнд үерийн хамгаалалтын далан сувгууд, борооны ус зайлуулах шугам сүлжээ хийнэ. Ариутгах татуургын шугам сүлжээний хүрээнд 3000 метр кубийн цэвэрлэх байгууламж барих зураг төсөл хийж байна. Зуун мод болон шинэ нисэх онгоцны буудлын ус хангамжийн эх үүсвэрийг гүний цооногоос авч байна. Үүнийг өргөтгөж нэмэгдүүлээд тэндээсээ усаа авна.
Монголд казино байгуулах нь ярвигтай
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
–Чөлөөт бүс байгуулах нь амаргүй ажил. Өмнө нь “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүс байгуулчхаад түүнээсээ сургамж аваагүй л явна. Өмнөх хоёр чөлөөт бүс яагаад өнөөдрийг хүртэл ажиллахгүй байна вэ гэхээр улс дотор улс байгуулах цаад санааг нь ойлгож хүлээж авч чадахгүйтэй холбоотой.. Тогтоолоо баталчхаад дараа нь хуулиа оруулж ирэх юм байна. Уг нь Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах тогтоолтой хамт хуулиа оруулж ирмээр байна. Ажлын хэсгээс асууя өмнөх хоёр чөлөөт бүсээс сургамж авсан зүйл юу байна. Тэнд юу нь болохгүй байна вэ. Бидэнд санхүүгийн том төв байгуулах талаар мөрөөдөж болно. Гэхдээ бодит байдал дээр бид 30 жил хөөцөлдөөд банкуудын лоббиг давж чадаагүй учраас Монголд өнөөдөр нэг ч гадаадын банк байхгүй. Нэг ч гадаадын банкгүй байж олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулах талаар ярих нь хоорондоо авцалдахгүй байна. Ядаж эхлээд гадны банктай болмоор байна.
Банкны үйл ажиллагаагаа эрүүлжүүлмээр байна. Гадны банкыг удирдаад зохицуулсныхаа дараа олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулах нь логиктой. Чөлөөт бүсийн ач холбогдол нь өөр хаана ч байхгүй давуу талыг олгох зорилготой. Яг ямар давуу тал олгох нь тодорхойгүй. Жишээ нь Хятадын далайн эрэг дээрх олон чөлөөт бүсийг байгуулахдаа хямдхан ажиллах хүчнээр татсан. Зарим газар нь Дубай шиг өөрсдөө асар их нефт буюу мөнгөн дээр сууж байгаа учраас тэр мөнгийг менежмент хийх багийг бүрдүүлж байна. Казино байгуулах нь их ярвигтай шүү. Монгол шиг жижиг улс дээрээс нь Орос, Хятадын дунд байдаг хоёр хөршийн аль аль нь мөнгө угаах тал дээр хяналтаа гүйцэт тавьж чаддаггүй. Ийм тохиолдолд Монголд казино оруулж ирээд мөнгө угаагаад дэлхийн санхүүгийн системээс таслагдах вий дээ. Казиног дагаж хэдэн төгрөг орж ирэх байх. Үүнийг дагаад ямар сөрөг нөлөөтэй үзүүлэх талаар бодож үзэх хэрэгтэй. Казино цэвэр, ил тод, мөнгө угаадаггүй бол асуудал алга.
Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:
-Чөлөөт бүс бол тусгай эрхзүйн зохицуулалттай явах ёстой. Энэ талаар 20 жилийн дараа ярьж байна. Одоо бол харьцангуй өөр түвшинд ирсэн. Өмнөх алдаа дутагдалд дүгнэлт хийсэн. Алдааг нь тоймлоод хэлвэл хамгийн эхэнд засаглалын тогтворгүй байдал орно. Учир нь чөлөөт бүсийн асуудлыг бодлогын хувьд удирдан зохион байгуулах байгууллагууд долоон удаа өөрчлөгдсөн. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдахад уг асуудал манайд харьяанд ирсэн. Анх 2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль батлагдаад 2002 онд Алтанбулаг чөлөөт бүсийг байгуулах шийдвэр гарсан. 20 жилийн хугацаанд удирдлагууд нь долоон удаа өөрчлөгдсөн. Үүнийгээ дагаад нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, чиг үүрэг нь тодорхойгүй явж ирсэн.
Хоёрдугаарт хууль эрхзүйн орчинд цоо шинэ зохицуулалт байхгүй. Одоогийн чөлөөт бүсийн хууль тодорхой татварын хөнгөлөлтүүдийг хуульд оруулж өгсөн. Түүнээс биш бусад зөвшөөрлийн тухай зохицуулалтыг хаягдсан. Тусдаа бие даасан хуулийн зохицуулалт байхгүй. Мөн хамгийн чухал асуудал болох дэд бүтцийг бүрэн шийдээгүй. Эдийн засгийн хүндрэлээс болоод улсын төсвийн хөрөнгө оруулалт нь тасалдсан. Төлөвлөлт хөрөнгө оруулалтын сонирхлыг урьдчилж судлаагүй. Таамгаар төлөвлөлтөө хийсэн. Тогтвортой бодлого явуулж чадаагүй. Тиймээс өмнөх алдаагаа Хөшигийн хөндийн чөлөөт бүс дээр давтахгүй. Асуудалд илүү ул суурьтай хандана. Шинэ түвшинд хийнэ гэх төлөвлөгөөтэй байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-С.Наранцогт дарга их сургамж авсан талаар ярилаа. Уг нь гол сургамж нь ямар давуу үйлчилгээг хөрөнгө оруулагч нарт санал болгох вэ гэдгийг тодорхой болгох ёстой. С.Наранцогт даргаа таны бодоод байгаа шиг чөлөөт бүс байгуулах амархан зүйл биш шүү.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
–Хөшигийн хөндийн чөлөөт бүсийг байгуулж чадах эсэх дээр эргэлзэж байна. Гоё сайхан ярих амархан. Харин хийх хэцүү. Хийхийн тулд мөнгө хэрэгтэй. Эх үүсвэр нь тодорхойгүй. Дэд бүтцийг санхүүжүүлэх мөнгө нь улсын төсвөөс гарах юм шиг нийт санхүүжилт нь концессоор хийх юм шиг төсөөлж орж ирсэн нь надад бодитой бус санагдаж байна. Үүн дээрээ анхаарахгүй бол зөвхөн хашаатай үлдэх вий.
Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:
–Хэцүү ажил гэдгийг ойлгож байгаа. Хөшигийн хөндийд нийтдээ 32 мянга га талбайд бүтээн байгуулалт хийнэ. Үүнээс эдийн засгийн чөлөөт бүс нь 1000 га талбайг хамарна. Энд хувийн хэвшил болон шууд хөрөнгө оруулалтыг түшиглэнэ. Эхлээд гол хөрөнгө оруулагчдыг тодруулахын тулд судалгаа хийнэ. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг тандахгүй бол хий хоосон яриад бүтэхгүй. Технологийн компаниудын туршилт,баталгаажуулалт гэх их том бизнес байдаг. Үүнийг Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд хийх боломжтой. Хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэх юм бол технологийн компаниудын туршилт, баталгаажуулалтын төвүүд байгуулах бүрэн боломжтой. Хөрөнгө оруулагч орж ирсэн тохиолдолд юу хүсч байгааг нь хуульд тусгана. Олон улсын жишгээр тусгай зориулалтын компани хөрөнгө оруулагчдаас бүрдсэн баг бүрдэх ёстой. Засгийн газар алтан хувьцаа эзэмшигч байдлаар оролцоно. Тусгай зорилулалтын компаниуд дэд бүтэц, төлөвлөлтөд хөрөнгөө гаргадаг. Одоогийн чөлөөт бүсийн хуулиар зөвхөн тодорхой хэдэн хөнгөлөлтүүдийг тусгасан учраас бүрэн зохицуулалт хийж чадахгүй байгаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
–Хоёр хөрш хаалттай үед ирээдүйд бий болохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд газар нутаг, дэд бүтэцээс хамааралгүйгээр шилэн кабелаар ам.доллар олдог салбар бол технологийн салбар. Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах гэж байгаа бол технологийн компаниудыг түлхүү оруулах хэрэгтэй. Үүний тулд татварын орчин хэрэгтэй. Түүнийгээ хэзээ ярих вэ ?
–Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:
–Боломжит хувилбараар нь асуудлыг оруулж ирнэ. Эхлээд Засгийн газрын түвшинд консепцоо боловсруулаад явна.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
–Чөлөөт бүс байгуулах 2015 оны хуулийг одоо ч хэрэглэж байна. Гэтэл ахиад чөлөөт бүс байгуулах талаар ярьж байна. Өмнө байгуулсан хоёр чөлөөт бүс дээр татвараас чөлөөлөгдсөн цөөхөн байгууллагууд худалдаа эрхэлсэн нэртэй л байна. Хөшигийн хөндийн чөлөөт бүсийг байгуулах гэж яаарахаас илүүтэй хууль эрхзүйн орчныг нь боловсронгуй болгож өнөөгийн цаг үетэй нь уяж өгөх хэрэгтэй. Чөлөөт бүс байгуулах газар хүмүүсийн эзэмшилд очсон гэх сурагтай. Мэдээлэлд ойрхон байсан хүмүүс тэнд газар авсан байхыг үгүйсгэхгүй. Газар чөлөөлөх тал дээр ямар арга хэмжээ зохион байгуулав. Үүнд ямар шийдэл байна вэ. Өмнө нь газруудыг төрд худалдаж авах талаар ярьж байсан. Газаргүй бол чөлөөт бүс байгуулах үлгэр болно. Хүмүүс газраа төрд шахах гээд байна уу даа гэж хардаж байна. Чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажил тун хангалтгүй байна.
–Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:
–Хууль, эрхзүйн орчныг өөрчлөх зайлшгүй шааардлагатай. Үүн дээр цаг алдахгүй шуурхай ажиллаж эхэлнэ. Ер нь таны хэлж байгаатай санал нэг байна. Хилийн боомт, чөлөөт бүсийн асуудлыг цогцоор нь харах ёстой. Цогц байдлаар нь харахгүй зөвхөн хилийн боомт дээрх бүтээн байгуулалтыг дутуу хийж ирснээс асуудал үүссэн. Өмнөх алдаанаас харахад ч тэр боомтуудаа байгуулахдаа хамгийн эхэнд хүмүүст газрууд олгосон. 500 га газарт нэг компанид 100 га талбай олгосон байх жишээний. Энэ нь буруу учраас зөв дарааллаар явахын тулд чөлөөт бүсүүд дээр байгаа газар олголтыг зогсоосон. Өмнө нь дэс дарааллын хувьд алдаа гарсан нь үнэн. Энэ алдааг Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд давтахгүй.
–Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол:
–Олон улсын чөлөөт бүсүүд хэрэглэдэг татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн тухай хуулийн зохицуулалтууд Монголын хуульд бүрэн хэмжээнд суусан. Жишээлбэл, дэд бүтцийн салбарт 500 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, чөлөөт бүсэд үйлдвэр байгуулахад 300 мянган төгрөг өгсөн бол хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний татвар ногдох орлогыг чөлөөлнө гэж заасан. Татварт экспорт, импорт, НӨАТ,ажлын байрны төлбөр, газрын болон үл хөдлөх хөрөнгийн албан татвар, ААН-ийн орлогын албан татварууд хамаарна. Тиймээс үүнийг илүү боловсронгуй болгож олон улсын статустай чөлөөт бүс байгуулна гэж үзвэл бие даасан хууль эрхзүйн орчинтой, бие даасан шүүхтэй байх хуулийг оруулж ирэх ёстой.Үүн дээр судалгааны ажил хийж байна. Өнөөдөр УИХ-д эдийн засгийн чөлөөт бүсийг Хөшигийн хөндийд байгуулах эсэхийг ярьж байна. Албан ёсоор байгуулагдсаны дараа энд явуулах үйл ажиллагаа илүү тодорхой болно. Тусгай хэрэгцээнд 1000 га газар дээр үйл ажиллагаа явуулахаар газрын кадастрыг тогтоож өнөөдөр өргөн барихаар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, улсын тусгай хэрэгцээнд авсан газарт газрын давхцал байхгүй шахуу. Хүний эзэмшлийн 500 га газар байгаа ч тэр нь эдийн засгийн чөлөөт бүсэд ороогүй буюу хамаарахгүй гэсэн үг. Гурван шатны шүүхийн шийдвэрээр тухайн ААН, байгууллагууд нь авсан юм билээ.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.04.07/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөлт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Эдийн засгийн форум эхэлж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих асуудлуудыг дурдахад Хөшигийн хөндийн асуудлыг хэлсэн. Үүнийг тойруулаад одоогийн чөлөөт бүсийн тухай болон бусад хуулиар зохицуулаад явах боломж байхгүй. Эдийн засгийн чөлөөт бүстэй холбоотой санхүүгийн орчин үүсэхтэй холбоотой олон хууль орж ирэх ёстой. Эдийн засгийн чөлөөт бүсийг бид маш олон жил ярьсан ч бодитой ажил явахгүй явсаар ирсэн. Яг чөлөөт бүс байгуулсны дараа олон хуульд өөрчлөлт оруулах болно. Тиймээс эрх зүйн тусгай дэглэм бий болгох шаардлагатай. Одоогийн үйлчилж байгаа дэглэм горимоос өөр олон улсын санхүү, худалдааны механизмыг дэмжсэн, хамгаалсан зохицуулалт орох ёстой болов уу гэж харж байна. Энэ чөлөөт бүс явах нь хурдан явж байгаа ч одоо байгаа нөхцөл байдал хэцүү үед хурдан явуулах нь ч зөв. Яг одоо бэлтгэгдсэн хууль эрх зүйн орчин, баг, бэлтгэл ажил хэр байгаа вэ.
Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:
-Бид бас санал нэг байна. Одоо бол Чөлөөт бүсийн тухай хууль хүчин төгөлдөр байгаа ч НӨАТ, Гааль, үл хөдлөх зэрэг татварын хөнгөлөлтүүд бий. бүтэн утгаар нь чөлөөт бүсийн зохицуулалт нь стратегийн тусгай бүсийн хууль гаргаж зохицуулсан байдаг. Бидний тавьж байгаа урт, дунд хугацааны бодлогод тодорхойлсон тээвэр ложистикийн бүс болох том хаб болгож хөгжүүлэхэд хангалтгүй гэж харж байна. Тиймээс Засгийн газрын түвшинд авч үзнэ. Хөшгийн хөндийд ЖАЙКА-аас судалгаа, техникийн туслалцаа авч байгаа. Бусад түншүүдээс дэмжлэг авах, хуулийн шинэчилсэн найруулгай, тусгай төсөл оруулж ирэх ажлыг хийгээд явна.
Холбоотой мэдээ