СУРВАЛЖЛАГА: Ноорхой гуталтнууд

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

СУРВАЛЖЛАГА: Ноорхой гуталтнууд

СУРВАЛЖЛАГА: Ноорхой гуталтнууд

Хаврын дулаахан, нартай өдрүүд үргэлжилсээр. Ханш үндэс бүхэн соёолж, амьтад ичээнээсээ гаран байгаль эх дэлхий сэргэжээ.  Ийм хаврын өдрүүдэд, нийслэл хотын гудмаар скэйтбоард унан сүлжилдэн давхих залуус ч хотын удаан хэмнэлийг түргэсгэнэ. “Тэнгис” кино театрын талбай, Хүүхдийн урлан бүтээх төв, Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн бол тэдний бэлтгэлийн заал гэлтэй. Урин цагаар энэ газруудад скэйтертэй залуус эзэмшлээ тогтооно. Хэдхэн жилийн өмнө хүн болгоны дургүйцлийг хүргэж байсан тэдгээр залуусыг нийслэлчүүд нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Магадгүй жинхэнэ хотын соёлыг түүчээлэгч спортлог залуус гэдгийг нь ойлгосон байх.

…Сүхбаатарын талбайн урд байрлах цэцэрлэгт хүрээлэнд нарлаж их суух залуус дүүрэн байлаа. Суудал бүр эзэнтэй, хаа нэг газар залуусын инээх дуу сонстох нь нэн таатай санагдана. Жилийн 365 хоногийн ганц нэгхэн долоо хоногт ажилладаг талбайн усан оргилуур скейтэр залуусын гулгах талбай болжээ. 20 гаруй залуус тус талбайд гулгах бөгөөд тэднийг хүрээлэн үзэж сонирхохоор хэсэг бүлэг залуус хөгшид зогсоо харагдана. Улаанбаатар хуурай, тоос шороо ихтэй, бохир заваан бэ гэдгийг тэдний бохирдсон хувцас хэлээд өгөх шиг. Аз, зориг шаардсан аюултай үзүүлбэрийг үзүүлэхийн тулд унаж бэртэх энүүхэнд аж. Газар хүчтэй гэх чинь нуруугаараа унаснаа инээгээд л босоод ирэх бөгөөд ахиад л тус үзүүлбэрийг төгс хийхийг хичээнэ. Үзүүлэхийг хүссэн үзүүлбэрээ хийж чадвал хамт гулгаж буй залуус урам өгч алга ташна. Магадгүй тэд түүнээсээ асар их адреналин урам зоригийг мэдэрдэг биз ээ.

Скэйтбоард чөлөөтэй байх урлаг. Бусад спорттой харьцуулбал бэлтгэлийн өмсгөл хувцас гэх зүйлс шаарддаггүй. Өөрийн дуртай хувцсаа өмсөөд, дуртай дуугаа сонсоод гулгах боломжтой спорт хэмээн скэйтбоард сонирхогч А.Тэмүүлэн хэлсэн юм. Түүний хэлсэн шиг гулгаж буй бүх залуус өөрсдийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлжээ. Амьд хөгжим сонирхох дуртай зарим дуртай хамтлагийнхаа нэртэй тэмдэгтэй цамц өмсөж, зарим өргөн сул, өмд цамц харагдана.

Тэд өвлийн саруудад гулгах талбай байдаггүй учир гараашид гулгадаг аж. Заримдаа “Тэнгис” кино театрын талбайд гулгадаг гэв. "Даарсан ч яах вэ дээ, дуртай юм чинь" гэж тэд хэлж байлаа. Тэд шороотой хувцас, уранхай гуталтай олон нийтийн газраар явах даа санаа зовдоггүй гэнэ. Учир нь, өдөржин шинэ үзүүлбэр бэлдсэн хүч хөдөлмөр маань энэ хувцсанд шингэчихсэн юм шиг санагддаг төдийгүй заримдаа уранхай гутлаа харахаар хайр хүрдэг гэлээ. Скейтбоардаар гулгахад гутал урагддаг нь скейтбоардны тавцан дээрх хар наалт нь зүлгүүр шиг ширүүн материалтай учир даавуун гутал элэгдэлд орох нь амархан байдаг аж. 15-30 хүртэл насны төлөөлөл тэнд гулгаж харагдана. Хааяахан цагдаа нар тэднийг холоос ажиглах бөгөөд удалгүй яваад өгнө. Гулгаж буй залуусыг сонирхох иргэд цөөнгүй. Хүүе тэр залууг харсан уу? Ямар мундаг юм бэ? Бие нь төмөр юм байхдаа өвдөггүй юм байхдаа гэх мэт яриа тэдний дунд өрнөнө.

СКЭЙТБОАРД БОЛ АМЬДРАХ ХЭВ МАЯГ

Е.Билгүүн

Түүнийг Е.Билгүүн гэдэг. 15 настай скэйетбоардыг 2021 оны намраас сонирхож эхэлсэн аж. Анх хичээлээ тараад найзуудтайгаа Сүхбаатарын талбайгаар зугаалж явахдаа скейтбоардаар гулгаж буй залуусыг харсан. Шатнаас үзүүлбэр үзүүлж байгаа нь догь харагдаж байсан. Түүнээс хойш өөрөө сурахаар шийдсэн. Чанартай скэйтбоардны үнэ өндөр байдаг. 300 мянган төгрөгөөс эхэлдэг. Би аав ээжээсээ бараг сар гаруй хугацаанд скэйтбоард авахуулахыг гуйсан. Гулгаж эхэлснээс хойш олон шинэ найзуудтай болсон гэв.

А.Зориг

Харин А.Зориг скэйтбоард сонирхоод 5 жил болж буй. Тэрээр Монгол болоод гадаадын скейтбоардны соёлын талаар багагүй туршлага хуримтлуулжээ. “Өмнө нь жил гаруй хугацаанд  Нью Йорк хотод амьдарч байсан. Цаг агаар нь Монголтой адилхан.Гэхдээ өвөл нь хамаагүй дулаахан санагдсан. Скэйтбоард анх үүссэн улс учир иргэдийнх нь хандлага Монголоос шал өөр. Гэхдээ бид нар Монголд скэйтпарк, гулгах талбай байхгүй гэж гомдлоод ямар ч нэмэргүй. Анхнаасаа гудамжинд үүссэн спорт учир гадаадад ч залуус нь заавал скэйтпарк гэхгүй гулгаж л байдаг” гэдгийг хэлсэн юм. Харин энэ спортыг хэрхэн хөгжүүлэх талаар “Гол нь тус спортыг дагасан томоохон брэндүүдийг өөрсдөдөө татах хэрэгтэй юм шиг санагддаг. Тухайлбал, Солонгос улсын скэйтер залуус анх Монголтой адил хүнд нөхцөлд гулгадаг байсан. Гэхдээ нийгмийн сүлжээнд өөрсдийн гулгаж буй бичлэгүүдээ идэвхтэй тавьж эхэлснээр “Vans” брэндийн анхааралд өртөж чадсан. Тус брэнд Солонгост газар худалдаж аваад Солонгосын скэйт сонирхогч залууст гулгах талбай барьж өгсөн. Яг үүнтэй адилхан бид өөрсдөө тийм боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Манай төрд энэ спортыг ойлгох хүн хэд байгаа билээ дээ” гэж өөрийн саналаа хуваалцсан юм.

Нар шингэхтэй зэрэгцэн залуусын тоо улам нэмэгдэв. Ерөнхий боловсролын сургуулийн дүрэмт хувцастай хүүхдүүд нэмэгджээ. Тэд хичээл дээрээ өдөржин хотын гудмаар гулгах мөн өнөөдөр ямар шинэ үзүүлбэр сурах вэ гэдгээ бодон өнждөг бизээ. Өвлийн улиралд сүрхий гулгаад байдаггүй. Дулаахан цэвэрхэн гараашид гулгах гэж очихоор хамгаалагч нар нь хөөдөг. Ихэвчлэн их чанга дуу чимээ гаргадаг гээд оруулдаггүй. Өвөл жаахан хэцүү. Зун гулгахад хамаагүй таатай. Гэхдээ шороо тоос ихтэй, явган хүний зам нь эвдрэл их гэх асуудлууд бий. Гэхдээ одоо дасахгүй гээд яахав дээ хэмээн Скэйтбоард сонирхогч Ч.Есүхэй хэлэв.

Ц.ХОНГОР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж