“Засгийн газар өмнөхөөс хамаагүй их эрх мэдэлтэй байна”

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

“Засгийн газар өмнөхөөс хамаагүй их эрх мэдэлтэй байна”

“Засгийн газар өмнөхөөс хамаагүй их эрх мэдэлтэй байна”

НЭМЭЛТ:

Эдийн засгийн чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр зочин оролцогч нарын байр суурийг хүргэж байна.

– “Хаан” банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа:

-Гадаад төлбөр тооцооны хувьд  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төлбөр тооцооны хэмжээ хоёр дахин буурсан. Сүүлийн хоёр жилийн хувьд цар тахлын нөхцөлөөс болоод гадаад худалдааны эргэлт буурсан гэж харагдаж байгаа. Сүүлийн үеийн ханшийн шок Украины асуудлаас үүдэн тодорхойгүй байдлыг бий болгосон. Монголын арилжааны банкууд долларын келирингийн дансгүй болсон. Энэ нь Монгол Улс саарал жагсаалтад орсноос хойш бүх арилжааны банкууд долларын келирингийн дансаа бусад хоёрдогч, гуравдагч банкуудаар дамжуулж төлбөр тооцоогоо хийж байна. Бид АНУ-ын аль нэгэн банктай харилцахгүй байгаа учраас бусад буюу БНСУ, Хятад, Канад, Германаар дамжуулж долларын келирингийг дамжуулж байна. Бид хүссэн хүсээгүй гаднын банкны тавьж буй шаардлагыг биелүүлэх ёстой болсон.

Монголбанкын Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Рублийн төлбөр тооцоо цаашдаа идэвхжих хандлагатай байна. Бидний хувьд доллар, еврогоор гадаад төлбөр тооцоогоо хийж чадахгүй бол арилжааны банкууд SPFS системийг ашиглах боломжтой.

-Сангийн сайд Б.Жавхлан:

-Цар тахлыг бид ардаа орхилоо. Харьцангуй төсөөлснөөс бага эрсдэлтэй давсан. Үнийн өсөлтөд бид нөлөөлж чадахгүй. Биднээс шалтгаалахгүйгээр хангалттай хэмжээнд экспортоо хийж чадахгүй байна. Ийм “хайчинд” орчихсон учраас төв банкин дээр богино хугацааны валютын нөөцийн хямрал руу орж байна. Дээр дурдсан байдал эдийн засгийн бусад секторуудад нөлөөлж байгаа.

-Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Миний үзэж буйгаар Засгийн газар өмнөх Засгийн газраас хамаагүй их эрх мэдэлтэй байна. Монголбанк ч мөн ялгаагүй. Цар тахал, ОХУ Украины асуудлаас болоод бид асуудлынхаа 60 хувийг шийдэж чадахгүй байна. Харин үлдсэн 40 хувийг шийдэх боломжтой. Эдийн засаг өсч буй үед замбаараагүй олон төсөл хөтөлбөр рүү анхаарч, эдийн засгаа халаах нь буруу. Тогтвортой хөгжиж буй улсыг харахад эдийн засаг 4-5 хувь байдаг. Гэтэл Монгол Улс 12 хүртэлх хувь, заримдаа хасах руу орчихдог. Тиймээс цаашдаа эдийн засгийг тогтвортой байлгах хэрэгтэй. Шинэ сэргэлтийн хүрээнд явагдах төслүүдийг хэтэрхий задгай, замбараагүй байна гэж харж байна. Оновчгүй олон зүйл рүү туйлширч болохгүй. Хямрал бол бидний боломж байж  магадгүй. Хил нээгдчихвэл 2-3 сарын дотор эдийн засаг тогтворжих болов уу. Гадаад худалдаа маш их алдагдалтай гарч байгаа. Төв банк бодлогын хүүг өсгөснөөр аж ахуй нэгжүүдийн ирээдүйг тодорхой болгох ёстой. Монголбанк тодорхой хэмжээнд интервенц хийх ёстой.

-Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбооны тэргүүн Ж.Мөнхнаран:

-Шатахуун болон хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой түвшинд барих нь нийгэм эдийн засгийн олон шалтгаантай. Шатахууны үнэ яаж тогтдог вэ гэвэл 10 хувь нь компаниудын зардал, 15 хувь нь гурван төрлийн татвар, 85 хувь нь “Роснефть” "Чайна ойл" зэрэг импортлогчдоос авч буй өртөг. Шатахуун импортлогч нар сүүлийн нэг жилийн хугацаанд инфляцитай холбоотой зардлаа нэмээгүй. 15 хувийн татварыг багасгах нь Засгийн газрын асуудал. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ыг тэглэх боломжтой болсон гэж ойлголоо. Импортлогчдын үнэ сүүлийн хоёр жил өсч байна. 2020 оны зургадугаар сард нэг тонн нефть 200 ам.доллар байсан. Одоо бид 1050 ам.доллараар авч байна. Ирэх сарын прогнозыг бид хийсэн. Энэ онд үнэ буух хандлага байна. Одоогийн өсөлт бол богино хугацааны шок гэсэн дүгнэлттэй байна.

"МОНГОЛ УЛС ӨӨРСДИЙНХӨӨ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ОЛЖ ТОГТООХ ЁСТОЙ"

“Шинэ сэргэлтийн бодлого-Эдийн засаг сорилт боломж”  нэгдсэн хуралдаанаас тоймлон хүргэе.

“MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал: Хувийн хэвшил хийж чадах ашигтай төслүүдээ тэднээр хийлгээд, хийж чадахгүй төслийг нь төр өөрөө хийх ёстой. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар бол ажлын байр бий болгодог. Хөрөнгө оруулагчид хямралын үед аль болохоор эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг мэдээж хайна. Гэхдээ Монголд хөрөнгө оруулалтыг татах боломж байгаа. 

“Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал:  Богино хугацаанда, 6-9 сарын хугацаанд яг юу хийх вэ гэдгээ эхлэдэ зөвөөр тодорхойлох нь зөв байх. Эдийн засгийг сэргээхийн туолд хувийн хэвшээл сэргээх ёстой. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийн сэргэлтийг хамгийн түрүүнд хийх ёстой. Төрийн үйлчилгээ ил тод хүртээмжтэй, шударга болж чадвал гадаадын дотоодын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой болно. Дунд хугацаандаа эдийн засгийн сэргэлтэд томоохон нөлөө үзүүлж болох зүйл бол боомтын сэргэлт. Боомтуудын хүчин чадлыг олон улсын чанартай болгох ёстой. Тэгвэл экспортын бүтээгдэхүүн гаргахах боломжтой болно. Зэс болон нүүрс дийлэнх нь Гашуунсухайтаар гарч байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжихдээ төр заавал хариуцах ёстой гэсэн ойлголт хүмүүст суучихсан байдаг. Эхний өмч хувьчлал олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Улс төрд ойрхон нөлөө бүхий хүмүүс төрийн өмчийг худалдаж авсан гэж олон нийтийн хардлага одоо ч явдаг. Тиймээс ашигтай төслүүдийг олон нийтийн хяналтад оруулна. Эдийн засгийн форум дээр энэ асуудлыг яриасай.  “Атрын 4 аян”, аж үйлдвэржилт, хоршоолол цогц бодлого гаргана.  Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг Л.Оюун-Эрдэнэ ганцаараа бодоод гаргачихсан юм биш. Нэг зүйлд итгэлтэй байгаа нь бид хамгийн зөв асуудлуудаа барьж авч, зөв оншилж чадсан. Хоёрт, бид төсвийнхөө орлого талыг ярьж байгаа. Өмнө нь дандаа зарлагыг ярьж ирсэн. Хэдийгээр амаргүй нөхцөл байдалд байгаа ч би эдийн засгаа өөдрөг харж байна. Хувийн хэвшлийн хийж чадахгүй дэд бүтцийг бид бүрдүүлээд бусдыг нь хувийн хэвшлээрээ хийлгэж, Монголын үндэсний компани дэлхийд гарч ирэх цаг удахгүй гэж харж байна. Тэгэхээр шинэ сэргэлт бол биш ойрхон байгаа. Оюутолгой гүний уурхай 2022 онд ашиглалтад орчихоосой гэж бодож байна. Ашигтай том төслүүдээ хувийн хэвшилдээ өгнө гэж бодож байна. Ханги-Мандалын төмөр зам зургаан сарын дотор ТЭЗҮ нь гарсан. Гэтэл Гашуунсухайтын төмөр замыг барих гэж 15 жил алдсан.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголын эдийн засгийн бүтцийг өөрчлөх том бодлого явж байна. Банкны салбар, хөрөнгө зах зээлийг илүү тэнцвэртэй болгох ёстой. Банкны системийн хувьцаа эзэмшигчийн төвлөрлийг бууруулах. Монголын арилжааны банкны хувьцааг олон нийтийн оролцоотой, үүгээр дамжуулан хяналттай болгох шинэчлэлийг хийж байгаа.  Арилжааны банкууд зургаан сарын дотор олон нийтэд хувьцаагаа нээлттэй зарах ёстой. Эдийн засаг хүчтэй сэргэхэд санхүүжилт чухал. Гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн сектор орж ирнэ. Эдийн засгийг идэвхжүүлдэг санхүүгийн салбартай байх ёстой. 

“MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал: Тавантолгойн цахилгаан станцыг төр өөрөө хэрэгжүүлэх гэж байгаа. Санхүүжилт мэдээж хүндрэлтэй асуудал. Дотоодын хөрөнгө оруулагч нарыг хөрөнгийн зах зээлээр дамжуулаад эдийн засгийн үр өгөөжийн хүртээмжийг сайжруулах ёстой.  Миний харж байгаагаар Хөгжлийн банкны асуудлыг хурдан шийдээд Экзим банк болгож, эдийн засгийн том ач холбогдолтой төслүүдээ санхүүжүүлэх хэрэгтэй.  Тавантолгой цахилгаан станцыг гадаадын хөрөнгө оруулагч нар сонирхохгүй гэж хэлнэ. Сүүлдээ барьдаг компани ч байхгүй болж байна. Хятадууд нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй гэсэн бол одоо бүр барьж болохгүй гэж байгаа юм билээ.

“Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал:  Томоохон төслүүд бол гадаадын хөрөнгө оруулалт татах том нөхцөл байдаг. Монгол Улсад томоохон хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг татах бүрэн боломжтой. Мега төслүүдийн орж ирж байгааг мөнгөн хөрөнгөнөөс гадна эдийн засгийн үржүүлэх чадвар өндөр байдаг. Оюутолгой, Тавантолгойн нөлөөгөөр Өмнөговь хамгийн ядуу аймгаас хамгийн баян аймаг болсон. Энэ хоёр том төслийн нөлөөгөөр маш том үржүүлэх нөлөөлөл гарч ирсэн. Цаашид том төслүүдээрээ дамжуулан эдийн засгийн кластерийг хөгжүүлэх юм бол дархлаа бий болно. Монгол Улс өөрсдийгөө өрсөлдөх чадварыг сайн таньж, олж тогтоох ёстой юм болов уу.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ ӨӨДРӨГ ТӨСӨӨЛӨЛ БАЙНА

Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр /2022.04.07/ болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж үг хэллээ.


Тэрбээр"Хоёрдугаар сарын 24-нд Орос, Украины дунд нэн хүнд амаргүй нөхцөл байдал үүссэн. Геополитикийн хувьд том сориолт дэлхийн улс оронд тулгарсан. Хоёр жилийн дараа цар тахлыг ялж эдийн засаг сэргэх нь гэх олон улсын байгууллагуудын  хүлээлтийг томоохон цохилт өгсөн.

Олон улсын валютын сан, Дэлхийн банк 2022 онд дэлхийн эдийн засгийг 4.3 хувьд хүрнэ гэж төсөөлж байсан бол дээрх үйл явдлаас болж 3.5 хувь болж, инфляцийн түвшинг 2.5 хувиар нэмэгдэнэ гэдэг тооцооллыг хийсэн байна. 

Монголд ч гэсэн энэ байдал нөлөөлж Төв банк бодлогын хүүгээ өсгөж, инфляцыг барихын тулд Засгийн газар УИХ-д хууль өргөн барьсан. ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас ОХУ-ын 350 гаруй тэрбум ам.долларын нөөцтэй тэнцэхүйц валют, алтны нөөц царцаагдсан. Энэ нь хөрш орнуудад валют хилээр маш хурдан гарах нөхцлийг бүрдүүлсэн.

Эхний арван хоногт улаанбуудайн үнэ дэлхий дахинд 40 хувиар өсч, газрын тосны бүтээгдэхүүний үнэ 50 хувиар өсч дөрөвдүгээр сарын үнэ өндөр түвшинд байх төлөвтэй байна. НҮБ-ын судалгаагаар 8-13 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй талаарх дүгнэлт хийсэн.

Тиймээс Монгол Улсын эдийн засаг амаргүй сорилтой нүүр тулсан. Гэхдээ бидний  хувьд өөдрөг төсөөлөлтэй байгаа. Учир нь олон ажлууд эхлээд явц дундаа явж байна. Ачаа тээврийн эргэлт болон бусад хүндрэлтэй олон асуудал  байгаа ч гэсэн бид даван туулах бүрэн боломжтой. Цар тахал болон геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэж ачаа тээврийн гацалт нь Монгол Улсад инфляцыг 14.2 хувьд хүрсэн. Инфляцийн 50 хувийг эзэлдэг шатахуун, мах, гурилны үнэ дээр Засгийн газраас бодлогын арга хэмжээ авна. 1992 оноос хойш цар тахлын үед эдийн засаг 5.3 хувь болж буурсан ч  2021 оны нэгдүгээр улирлын үзүүлэлтээр  1.4 хувийн өсөлттэй гарсан. Мэдээж экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, алт, зэсийн үнэ өсч байгаа ч  БНХАУ-д  цар тахлын давалгаа эрчимжэж байгаа нь экспортод сөргөөр нөлөөлж байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж