Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

Наадсан шиг наадъя!

Наадсан шиг наадъя!

Энэ зун Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярыг хамтад нь нижгэр тэмдэглэнэ. Өнгөрсөн жил наадам цуцлагдсан учир уяачид, бөхчүүд, харваачид их хүлээлттэй түүнийхээ хэрээр бэлтгэл сургуулилт, уяа сойлгоо чамбайруулж байгаа нь лавтай. Харах юмтай, хариад ярих юмтай наадам сайхан гэдэг. Гэхдээ ярих юм нь хэрүүл, гомдол битгий байгаасай. Тиймээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг энэ хавар УИХ-аар алдаа мадаггүй, нягт нямбай боловсруулах ёстой. Эс тэгвээс өнгөрсөн жилүүдийн жишгээр бөхчүүдийн допинг, хурдан морьдын үүлдвэрийн маргаан гарч, “Монголчууд наадаж ч чадахаа больж” гэх яриа гарах биз.

Допинг, эрэмбийн асуудлаа цэгцлье

Наадмын гол маргаан үндэсний бөхийн барилдаан болон хурдан морины уралдаанд гардаг. Сур болон шагайн харваа харьцангуй чимээ багатай. Эхлээд үндэсний бөхийн допингийн журам, ойлголтыг нэгтгэмээр байна.  Үгүй аваас бөхийн холбоо нь нэг шийтгэл, наадмын бөхийн салбар комисс нь өөр нэг шийтгэл оноодог явдал нь маргааныг улам даймжруулж байх шиг. Нэгдсэн нэг байгууллага нь допингийн эсрэг үндэсний журмынхаа дагуу шийтгэлээ оноо. Мөн шийтгэлийн хугацаагаа тодорхой болго. Анх удаагаа допингийн шинжилгээнд бүдэрсэн хоёр бөхийн нэгийнх нь эрхийг хоёр жилээр, нөгөөгийнх нь эрхийг 11 сараар хасдаг ийм ялгаатай шийдвэр гаргаж болохгүй гэх саналыг бөх сонирхогчид ч, бөхчүүд ч учирладаг.

Асуудал дагуулахгүйгээр допингийн шинжилгээний сорьцоо авч, шинжлүүлэх зайлшгүй шаардлага бий. Сүүлийн жилүүдэд допингийн эсрэг үндэсний төвийг наадамчин олон хардаж, шүүмжлэх болсон билээ. Өөр нэг зүйл нь эрэмбээ зөв тогтооё. Допингийн улмаас цол нөхөн авсан бөхчүүд болон аваргууд хэрхэн эрэмбэлэгдэх ёстой вэ гэдэг бас маргаан дагуулдаг. Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр гэхэд зүүн магнайд хэн нь гарах вэ гэдэг дээр үл ойлголцож, наадамчин олныг чилээж байсныг мартаж үл болно. Одоо ч гэсэн зарим нэг бөхчүүд эрэмбэ дээр гомдол тээн хэл ам хийж байгаа харагддаг.

Улсын наадамд тав үзүүрлэж, 12 шөвгөрсөн улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ гэхэд 1024 бөх барилдсан тэгш ойн наадамд ес давж, ганц үзүүрлэсэн арслан цолтонгуудын доор эрэмбэлэгдэж байх жишээтэй.

Эрлийз, монгол адуугаа ялгаж, уралдуулъя

Өнөөдөр хүчин төгөлдөх мөрдөгдөж байгаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийн наймдугаар зүйл, хурдан морины уралдаан хэсэгт “Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна” гэж заажээ. Ингэхдээ сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулдаг. Харамсалтай нь, сэрвээний өндрөөр хэмжих нь уяачдын дунд маргаан их дагуулж, хэрүүлийн бай болсон. Учир нь, албаны хүмүүс хэмжилтээ ялгаатай хийдэг гэх асуудал гардаг. Дээр нь давжаа биетэй монгол адуу тун чиг ховор уядаг болжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын наадмаар эрлийз морь уралдуулахгүй. Монгол бол монголоороо л уралдана. Төрийн сүлдэндээ залсан монгол адуугаараа бид бахархах хэрэгтэй. Монгол адуу бол Монголын ард түмний бахархал. Монгол наадмаар монгол цусны морьд уралдаг. Эрлийз, монгол морьдыг хольж уралдуулах нь байж болохгүй зүйл. Хэзээ ч тэр бүтэхгүй. Тэр нөхдүүдэд нь хэл. Тусдаа уралдана. Хэл ам хийх хүмүүс байвал хуулийн хяналтын байгууллагад шалгуул” гэж байсан.

Гэтэл түүний дээрх бодлогыг төрийн зарим сайд, гишүүд дэмжихгүй байгаа бололтой. Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд “Ерөнхийлөгч монголчуудын тусгаар тогтнол монгол адуутай салшгүй холбоотой, Монгол наадмын үеэр шударга ёсыг зөрчсөн хүмүүст хатуу хариуцлага тооцох талаар хэлсэн. Төрийн бодлого нэг байх ёстой. Гэвч Х.Нямбаатар хууль бусаар журам гаргаж, эрлийз морины талд ажиллаж байна. Хууль зүйн сайд хууль дээдлэх зарчмаа хэрэгжүүлэхгүй нийтээр дагаж мөрдөх хэмжээ гаргаж байна. Хэсэг бүлэг хүмүүс уралдааны хоёр ангилалд эрлийз морь уралдуулахаар зүтгэж байгаа юм. Нэг хэсэг нь нөгөө хэсгийнхээ эрхийг зөрчиж байгаа нь ардчиллын зарчим алдагдаж байна.Х.Нямбаатар сайдыг энэ асуудлаар шүүхэд өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэж ярьсан билээ. Уяач, УИХ-ын гишүүн хоёр ижилхэн сонсогддог болсон өнөө цагт энэ асуудлыг цэгцлэхийн тулд улстөрчдийн иргэний нийгмийнхэн илүү шахах хэрэг гарах болов уу? Учир нь хууль батлагчид өөрсдөө ашиг сонирхлын асуудалтай байна.

Одоогийн хуулинд монгол зургаан насны морьд л уралдана гэж заачихсан. Харин дахин хэлэлцэгдэх хуулийн төслөөр эрлийз гурван насны яриа хөндөгдөх төлөвтэй байна. Тэгэхээр энэ асуудлыг хуулиар зохицуулж, нэг талдаа гаргах хэрэгтэй байна.

Ер нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслөө чамбай баталж, наадсан шиг наадъя. Сүүлийн 4-5 жил наадам гэхээсээ илүүтэйгээр наадмын дараах хэрүүл, асуудал хүмүүсийн анхаарлыг илүүтэйгээр татаж байна. Наадмын дараа хэн гэдэг бөх допингийн шинжилгээнд бүдэрч, хэний морь эрлийз байсан бэ гэдэгт ач холбогдол өгөөд байна. Угтаа наадам бол монголчуудын үндэсний гэж хэлж болохуйц хоёр том баярын нэг билээ. Наадмаараа ч сайхан наадаж чадахгүй, баяраа ч тэмдэглэж чадахгүй ийм нөхцөл байдал үүссэнд харамсах хүн дэндүү олон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж