“Тариаланчид мөнгөгүйгээс шатахуунаа ч нөөцлөөгүй байна”

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

“Тариаланчид мөнгөгүйгээс шатахуунаа ч нөөцлөөгүй байна”

“Тариаланчид мөнгөгүйгээс шатахуунаа ч нөөцлөөгүй байна”

Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээгээс  хаврын тариалалтын талаар тодрууллаа.


-Хаврын тариалалт эхлэх гэж байгаатай холбоотойгоор тариаланчдад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Тариалалт эхлэх гэж байгаатай холбоотойгоор цаг үеийн асуудал хүнд байна. Тариаланчид, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хүндрэл учирлаа. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйг дэмжих сангаас  өнгөрсөн жил авсан буудайн мөнгөө зарим гурилын үйлдвэрүүд төлөөгүй. Үүнээс болж 20 хоногийн дараа эхлэх тариалалтын ажлын бэлтгэл хангалтгүй байна. Тэгэхлээр дөрөвдүгээр сарын 10-наас өмнө энэ өр төлбөрийг өгч барагдуулах зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа орц материалын үнийн өсөлт хүнд тусч байна. Техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бордоо, ургамал хамгаалалтын бодис үнэ нэмэгдсэн.

Монголчуудад газар, тариалан байгаа ч тариалалт явуулахад шаардлагатай бусад материалыг худалдаж авахаас өөр аргагүй. Гэтэл эдгээр орцын үнэ 2-3 дахин нэмэгдсэн.

Зөвхөн үйлдвэрлэлийн зардлыг урьдчилан тооцоолоход 650-750 мянган төгрөгт хүрсэн. 2021 онд дээд тал нь 450 мянган төгрөг байсан. Тариаланчид бүхий үйл ажиллагааг урьдчилан тооцоолдог. Усалгаа хийдэг, нэг га газарт 150-200 кг бордоо хийдэг аж ахуй нэгжүүдэд үйлдвэрлэлийн зардал нь бүр өндөр гарна гэсэн үг.

-Өнгөрсөн жилийн борлогдоогүй будаа хэр их үлдсэн бэ?

-50-55 мянган тонн буудайн үлдэгдэл бий. Үүнээс 10 мянган тонныг нь цэвэрлэж, сан руу тушааж байгаа мэдээ байна. Үлдсэн 30-40 орчим хувь нь хүнсний шаардлага хангахгүй байх магадлалтай. Зарим тариаланчид үлдэгдэл буудайгаа борлуулахыг хүсэхгүй тохиолдол байна. Учир нь, энэ хавар Монгол орны бүс нутгийн цаг агаар тав, зургадугаар сард дулаан, хур тунадас багатай байх төлөвтэй. Тэгэхлээр намар өнгөрсөн жилийнх шиг халгиж цалгисан ургац хураахгүй байх эрсдэлтэй.

-Гадаад нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны хомсдол үүсч магадгүй гэлээ. Тариалалтад шаардлагатай шатахууныг нөөцөлж чадсан уу?

-Мөнгөгүйгээс болж 50-60 хувь нь шатахуун нөөцөлж чадаагүй. Томоохон аж ахуй нэгжүүдийн хувьд тодорхой хэмжээнд нөөцөлсөн. Дөрөвдүгээр сарын 1-ний дотор шатахуун авах гэрээгээ хийж, урьдчилгаагаа шилжүүлсэн гэдэг мэдээлэлтэй байна. Харин зарим аж ахуй нэгжүүд дөрөвдүгээр сарын 1-нээс хойш авах гэтэл үнэ нь нэмэгдсэн байна гэсэн.

Үр, бордоо зэргийг урд, хойд хөршийн тээврийн асуудлаас болж татаж авч чадаагүй. Улаанбуудайн зах зээлийн үнэ өдрөөс өдөрт өсч байна. Шатахууны үнэ ч ялгаагүй нэмэгдсэн. Өнгөрсөн жил шатахууны бөөний үнэ 1450-1600 төгрөг байсан бол энэ жил 2450-2550 төгрөгт хүрлээ.

Монголын тариалангийн салбарт 2000 гаруй том, жижиг аж ахуйн нэгж, 30 мянга гаруй тариаланч ажилладаг. Газар тариалангийн үйлдвэрлэл бол онцгой анхаарах салбар. Хэрэгжүүлдэг, хянадаг, хариуцлага тооцдог хүнгүйгээс газар тариалангийн салбарт доголдол үүссэн. Монгол Улсын тариалан тарьдаг талбайн 70 гаруй хувийн хөрс элэгдэлд орсон. Нэгдүгээрт, малын хөл. Хоёрдугаарт, байгаль цаг уурын дулаарал болоод буруу технологиос болж хөрсний элэгдэл гарч байна. Хөрсөө алдвал газар тариалан яриад ч нэмэргүй. Дараагийн анхаарах асуудал бол үр, сорт. Өнгөрсөн жил 10 гаруй төрлийн арван мянган тонн үр авсан. Эдгээрээс гадна ургамал хамгаалалтын тогтолцоог анхаарах хэрэгтэй байна.

-Үр тарианы нөөцийн тодорхой хувийг ОХУ-аас бүрдүүлдэг байсан. Дотоодоос үр тарианы нөөцийг бүрэн хангах боломж бий юу?

-Байгаа. Ганцхан асуудал байдаг. Хэрэв эргэлтийн хөрөнгө байвал үр тарианы нөөцийг дотоодоос бүрэн хангах боломжтой.

Төр тариалангийн салбарт олон дэмжлэг, туслалцаа үзүүлж байна гэдэг ч тэр нь урт хугацааны зээл байдаг. Үнэгүй зүйлийг тариаланчид огт авдаггүй. Мөнгө, техник, шатахуун зэргийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр авдаг.

Мөндөрт цохиулсан, галд шатсан гэх шалтгаанаар жил бүр дотоодын буудайн үнэ буурч, гадаадын буудайг хошуурч авч байна. Тариаланчид дэмжлэг үзүүлээч гээд төрийг гуйгаад байгаа юм биш. Стратегийн хүнс гээд буудай л тарь гээд тулгачихдаг. Ингэснээр улс газраар барьцаалсан дарамтыг тариаланчдад үзүүлж байна. Сүүлийн 10 жилд үнэ өсөөгүй бараа бүтээгдэхүүн бол буудай. Гэсэн атал тариалангийн салбарын бүх техник хэрэгслийн үнэ өссөн.

Зарж байгаа бараа нь хэрэгцээний бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрсэн учир тариаланчид төрөөс ганц  зүйл хүсч байна. Олгож байгаа зээлээ урт хугацаагаар өгөх боломж бий юу гэж.

Хэрэв боломжтой бол энэ нь  тариаланчдад бодит дэмжлэг болно. Түүнээс эргэлтийн хөрөнгөгүй байхад мянга тариалалт явуулаад бүтээгдэхүүн нь борлогдохгүй бол энэ бизнес ашиггүй.

-Энэ хавар хэчнээн га газарт үр тариа тариалахаар төлөвлөсөн бэ?

-Буудайг 400 мянган га газарт тариална гэж яамнаас тооцоолсон. Холбооны зүгээс 300-350 мянган га газарт тариалах төлөвтэй байна гэж харж байна.

Гурилын үйлдвэрүүд гадаадаас буудай авахгүй, улсаас аюулгүйн нөөцөд 100 мянгаас доошгүй тонн буудай худалдаж авна гэж шийдвэл тариаланчид тэр хэмжээнд тариалж чадна.

Тариалах газар, талбайд бол асуудал байхгүй. Гол нь, тариаланчдад дэмий тариалалт хийхгүй гэсэн баталгаа л хэрэгтэй.

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 400 тэрбум төгрөгийн зээлийн тодорхой хувийг өвлийн хүлэмж эрхлэгчдэд олгоно гэсэн. Тэгвэл монголчууд дотоодоос нарийн ногооны хэрэглээг бүрэн хангах боломжтой гэсэн үг үү?

-Хоёр жилийн дотор зөв бодлого явуулж чадвал хангаж чадна. Хятад маягийн нарны халаалттай хүлэмж, Голланд загварын хүлэмж гээд олон төрөл бий. Нэг га газартай өвлийн хүлэмжийн зардлыг 500 мянган доллар гэж тооцоолбол 21 аймагт барихад 10 сая ам.доллар хэрэгтэй гэсэн үг. Хэрэв аймаг тус бүрд өвлийн хүлэмж барьж, нийслэлд мөн хүлэмжийг шийдэж өгвөл нарийн ногооны дотоодын хэрэглээг бүрэн хангах боломжтой.

Улсаас өвлийн хүлэмжийн аж ахуйд 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгоод зөв менежмент хийж чадвал нарийн ногоог импортоор авах шаардлагагүй.

Учир нь, тариалах арга, газар гээд хэрэгтэй бүх зүйл Монголд байгаа.

-Засгийн газраас зарласан Атрын IV аянамжилттай хэрэгжих эсэх тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Зөв бодлого, тодорхой менежмент гаргаж чадвал энэ аян амжилттай үргэлжилнэ. Тиймээс хэрэгжих хэмжээний бодит бодлого, төлөвлөлт гаргах хэрэгтэй. Мөн дараагийн нэг шийдэл бол ажиллах хүчний менежмент. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид болон 1, 2 дугаар курсын оюутнуудыг нэг сарын хугацаатай тариалангийн талбай, ургац хураалтад ажиллуулах. Ингэснээр газар тариалангийн бүтээгдэхүүн хэрхэн бий болж байгаа талаар мэдээлэлтэй болно. Мөн цалинтай ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг.

-Нөхцөл байдлаас шалтгаалж улаанбуудай хомсдох эрсдэлтэй гэж хүмүүс харж байна. Үүнээс болж гурилын үнэ өсөх зэрэг зүйлсийг тооцож үзсэн үү?

-Эрсдэлийг нарийвчлан тооцоогүй. Гэхдээ цаашид улаанбуудайн үнэ тасралтгүй өсөх төлөвтэй байна гэж харж байгаа.

-Цагаан будаа дотоодод тариалсан гээд байсан үнэн үү. Хэрэв үнэн бол аль аль аймагт энэ ажил үргэлжилж байна. Будааг экспортод гаргасан уу? 

-Баянхонгор аймгийн Баянлиг суманд өнгөрсөн жил цагаан будаа тариалсан. Тэр будааг экспортод гаргаагүй. Цагаан будаа тариалахад их хэмжээний шаварлаг хөрс, ус, дулаан шаарддаг. Тиймээс говьд шаварлаг хөрстэй газарт туршилтын ажлыг хийсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж