Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд ууланд өнөөдөр /2022.04.06/ 15:45 цагийн үед түймэр гарсан дуудлага НОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги, Гал түймэр унтраах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж байгаа гэлээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиход Богд уулын Залаатын аманд шар өвс шатаж байжээ. Түймрийг унтраахаар аврах анги, гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 35, 63-р ангиудын бэлтгэл ээлжийн 35 алба хаагч долоон автомашинтайгаар ажилласан байна. Түймрийн тархалтыг 16:40 цагт зогсоож, одоо бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Хаврын улиралд хуурайшилт их байгаагаас ой хээрийн түймэр гарах нь ихэссэн. Өнгөрсөн сард Богд ууланд иргэний санамсаргүй байдлаас болж мөн гал гарсан.
Тухайн үед түймэр хурдан тархаж, нийслэлийн онцгой байдлын хэд хэдэн алба унтраахаар очсон. Урьдчилсан дүгнэлтээр иргэний хаясан тамхины ишнээс болсон гэх дүгнэлт гарсан билээ.
Түймэр хэчнээн га газарт тархсан нь мөн тодорхойгүй байгааг ОБЕГ-аас хэллээ. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.
- Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
- Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
- Шаардлагатай багаж хэрэгсэл бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Холбоотой мэдээ