Цар тахал хэдийгээр намжсан ч дараагийн давлагаа дахин дэгдэж болзошгүй гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгөв. Тус яамны НЭМГ-ын дарга Д.Баярболд "Covid-19 халдварын эсрэг вакцины хамрагдалтыг нэмэгдүүлж, дараагийн давлагаанаас урьдчилан сэргийлэх үүрэг өгсөн" гэсэн юм. Тэрбээр өнөөдөр "Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт" зөвлөлдөх уулзалтын үеэр ийнхүү онцолсон билээ. Хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо хоёр оронтой тоо руу орж буурсныг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл үүлэн чөлөөний үе гэж тодорхойлов. Тэрбээр “Covid-19 дэгдсэн эхний жил бидэнд маш хүнд байсан. Учир нь бүх зүйл шинэ, энэ өвчний тухай эмчилгээ дэлхий дахинд гараагүй байсан. Тухайн үед бүтэн жил амраагүй, шөнийн 02:00 цагт тарахад эрт тарлаа гэж баярладаг байсан. Үүнтэй харьцуулахад хоёр жилийн дараа амсхийж байна. Магадгүй энэ бол бидэнд түр амсхийх үүлэн чөлөө байж болзошгүй. Тиймээс бид тайвшрах болоогүй. Цаашид бид Covid-19 халдвар, бусад халдварт өвчнөөс сэргийлж бэлэн байдлаа хангах шаардлагатай” гэж зөвлөсөн. Тэгвэл цар тахлын дараагийн давлагаа ирэх намраас эхэлнэ гэдгийг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс мэдээлж байв. Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Монгол Улсын хувьд 2022 оноос дасан зохицох бодлого явуулж, хязгаарлалтуудыг цуцалсан. Гол асуудал нь ирэх намар үүснэ. Зөвхөн Монгол төдийгүй дэлхийн олон улсад ирэх намар цар тахлын омикрон хувилбартай адилхан байх магадлал 50, дельта хувилбартай адил хүндрэх 50 хувьтай шинэ хувилбарын давлагаа эхэлнэ. Тиймээс дэлхийн улс орнууд бэлтгэлээ базааж, эрсдэлт бүлгээ вакцинжуулах ажил хийж байна. Тэгэхээр гурав дахь тунд хамрагдсан нь дөрөв дэх тунгаа хийлгэх хэрэгтэй” гэсэн билээ.
Улсын хэмжээнд цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлснээс /2021.02.23/ хойш бүтэн жил тойрч байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүн амын 53 хувь нь гурав дахь тундаа хамрагдсан байна. Тус төвийн дэд захирал Ж.Байгалмаа “Covid-19 халдвар дэгдсэн үед Монгол Улс 8.3 сая тун буюу хангалттай вакцин хүлээн авсан. Нийт 5.5 сая тун вакцинаар иргэдийг дархлаажуулсан. Вакцины хамрагдалт айман орон нутагт насны бүлгээр харилцан адилгүй байгаа юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар гурав дахь тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэх ажлыг эхлүүлсэн” гэв.
Холбоотой мэдээ