“Z” үеийн нөлөөлөгч од

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

“Z” үеийн нөлөөлөгч од

“Z” үеийн нөлөөлөгч од

Ньюс агентлаг энэ удаагийн Хүмүүс буландаа 2000 оноос хойш төрсөн “Z” үеийнхний нөлөөлөгч “од”, жүжигчин, дуучин Оливиа Родригог онцолж байна.


Оливиа Изабел Родриго нь 2003 оны хоёрдугаар сарын 20-нд төрсөн.  Тэрбээр АНУ-ын Калифони мужийн 110 мянга гаруйхан хүн амтай Мурриета гэх жижиг хотод төрсөн ч мөрөөдөл, авъяас нь түүнийг дэлхийд алдаршуулжээ.  Тэрбээр Мурриета хотод төрсөн ч ресортуудаараа алдартай жуулчдын ихээр зорьдог Темекулад өсч, томорчээ. Оливиагийн эцэг нь Филиппин гаралтай бол эх нь Герман, Ирландын удамтай. Аав нь гэр бүлийн сэтгэлзүйчээр ажилладаг. Харин ээж нь дунд сургуулийн багш. Тэдний гэр бүл филиппин соёл, хоолыг түлхүү хэрэглэдэг аж.

Оливиа цэцэрлэгт байхаасаа л дуулж, төгөлдөр хуур тоглож сурчээ. Харин зургаан настайгаасаа жүжиглэх болон дууны ангид явж, бага сургуулийн театрт жүжиглэх болсон байна. Тэрбээр 12 наснаасаа гитар сонирхон тоглож сурчээ. Өсвөр насандаа рок хөгжимд дурлаж, “No Doubt”, “Pearl Jam”, “the White Stripes”, “Green Day” хамтлагуудыг сонсдог байв. Удалгүй өөрөө дууны үг зохиож эхэлсэн бөгөөд ихэвчлэн кантри жанрын хөгжим сонсох болжээ. Түүний шүтээн нь Тайлор Свифт.

ДИСНЕЙН ЖҮЖИГЧНЭЭС ГРЭММИЙН ШИЛДЭГ ШИНЭ ДУУЧИН БОЛСОН НЬ

Хойд Америкийн алдартай дуу бичлэгийн студи болох “Interscope Records”, “Geffen Records” нартай 2020 онд гэрээ байгуулж, албан ёсоор дуучны гараагаа эхлэхээс өмнө Диснейн ахлах сургуулийн мюзикль цувралын гол дүрээр алдаршсан байв. Оливиа Лос-Анжелест нүүж ирснийхээ дараа Дисней сувгийн “Bizaardvark” гэх инээдмийн цувралд тогложээ. Тэрбээр 12 насандаа “An American Girl: Grace Stirs Up Success” нэрэй кинонд гол дүрийг бүтээснээр жүжигчний гараагаа амжилттай эхлүүлсэн байна. 2016 он гэхэд тэрбээр “Bizaardvark” цувралын гурван улиралд гитарчин Пейж Олверагийн дүрийг бүтээснээр энэ дүрээрээ илүү танигдах болжээ. Дараа нь 2019 оны хоёрдугаар сард Дисней+ сувгийн Ахлах сургуулийн мюзикл цувралд дүр бүтээхийн сацуу "All I Want" гэх дууг нь бичжээ. Мөн тэрбээр тус цувралд цуг дүр бүтээсэн жүжигчин Жошуа Бассеттийн хамт "Just for a Moment" гэх дууг нь ч бас зохиожээ.

Харин дуу бичлэгийн студиудтай гэрээ байгуулснаар 2021 онд “Drivers License” цомгоо гаргаснаас "Deja Vu", "Good 4 U" нэртэй дуунууд нь хит болсон. Магадгүй та эдгээр хит дуунуудыг Тиктокоос анх олж сонссон байх. Учир нь Тиктокийн өнгөрсөн оны алдартай дуунуудын дунд дээрх хоёр сингл тэргүүлдэг. Бусад олон дуучин шиг тэрбээр дууны үгээ өөрөө бичдэг. Түүний өмнөх гаргасан хоёр цомгийн дуунууд нь ихэвчлэн “эмо” /эмзэг, мэдрэмтгий, ойлгомжгүй/ хэв маягаар бичигдсэн байдгаараа онцлог. 2021 онд “Sour” цомгоо гаргасан нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Грэмми хөгжмийн наадмаас гурван шагнал хүртжээ. Тодруулбал, шилдэг шинэ дуучин, шилдэг поп соло үзүүлбэр, шилдэг поп хоолойн цомог номинацид шалгарсан байна. Үүний зэрэгцээ “Time” сэтгүүлээс түүнийг 2021 оны шилдэг энтертейнерээр нэрлэсэн бол “Billboard”-оос 2022 оны эмэгтэйгээр өргөмжилсөн.

ГУРАВ ДАХЬ ЦОМОГ

Өдгөө тэрбээр “Olivia Rodrigo: Driving Home 2 U” гэх кинон дээрээ ажиллахын зэрэгцээ гурав дахь цомгоо гаргахаар зэхэж байна. Тэрбээр уг кинондоо “Sour” цомгоо гаргахын өмнөх сүүлчийн ажлуудыг харуулахын зэрэгцээ хувь хүнийхээ хувьд хэрхэн өсч хөгжиж буйгаа илэрхийлэхийг зорьжээ. Түүний өмнөх хоёр цомогт эмо жанрын дуунууд түлхүү байсан бол гурав дахь цомогтоо тогтворгүй өсвөр насны охин хэрхэн өсч томорсноо илтгэх гэнэ. Өдгөө тэрбээр “Sour” цомгоо гаргасан үе шиг гунигтай байхаа больсон гэдгээ ч “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тиймээс гурав дахь цомог нь сэтгэлийн шарх, салалт зэргийг өгүүлсэн гунигтай дуунуудгүй байхыг амласан байна.

Тэрбээр “Хэдийгээ өмнөх хоёр цомгийн дуунууд гунигтай байсан ч би тэднийг бичсэнээрээ бахархдаг. Аялан тоглолтоор тэр дуунуудаа дуулахад хүмүүс дагаж дуулах үед үнэхээр өөрөө бахарсан. Тиймээс гунигтай дуунуудаа бичиж байх үеийн сэтгэлзүй эерэгээр өөрчлөгдсөн” гэж ярьжээ.

НӨЛӨӨЛӨЛ

Дуу хөгжмөө бусдад хүргэхээс гадна тэрбээр үеийнхэндээ, нийгэмдээ хандсан эерэг нөлөөллийн ажлуудыг хийдэг. Тэрбээр АНУ дахь өсвөр үеийнхэн, залуусыг Covid-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдах идэвхийг сайжруулахын тулд уриалжээ. Тодруулбал, вакцины ач холбогдлыг таниулсан видео хийж,  вакцинжуулалтын талаар залуусын асуултад хариулсан бичлэгүүдийг хийсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден түүнийг 2021 оны долдугаар сарын 13-нд Цагаан ордонд хүлээн авч уулзан, вакцинжуулалтад уриалсан нөлөөллийг нь сайшаажээ.

ХАЙР ДУРЛАЛЫН ХАРИЛЦАА

Грэмми наадмын үеэр тэрбээр Өмнөд Солонгосын “BTS” хамтлагийн дуучин Ким Тэхюнтай сээтэгнэсэн янзтай ярилцаж байгаа нь паппарццийн дуранд өртөж, олны анхаарлыг татсан. Гэхдээ Оливиа продюсер Адам Фейзтэй 2021 оны долдугаар сараас хойш болзож буй. Өмнө нь тэрбээр хоёр найз залуутай байсны нэг нь Диснейн цувралд хамтран тоглосон Жошуа Бассетт аж. Тэд 2020 онд хэсэг болзож байгаад салсан.

найз залуу Адамын хамт
экс найз залуучууд
BTS-ийн Ким Тэхюнтэй хамт
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж