Хөндөх сэдэв: Тэд гэрийн авгай биш

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Тэд гэрийн авгай биш

Хөндөх сэдэв: Тэд гэрийн авгай биш

“Би IT инженер мэргэжилтэй ч бага насны гурван хүүхдээ  гэртээ харж байгаа ээж. Миний хувьд мэргэжлээрээ нэг жил ажилласнаас хойш ойрхон нярайлсан. Өнөөдрийн нөхцөлд ажил олгогч нарын өндөр шаардлага, цалин зэргээс шалтгаалан ажиллах боломж минь хязгаарлагдаж байна. Надад гэр бүлээ сонгох эсвэл ажлаа сонгох гэсэн шаардлага тулгардаг.  Уг нь сайд, дарга нар “Цалинтай ээж” гэж мөнгө тараахаас илүү тухайн хүний ур чадварт тохирсон ажлын байраар хангахад, цагийн уян хатан бодлогоор дэмжих ёстой”


Б.Мөнгөнчимэг гэх бүсгүй “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлгийн үеэр ээж нарын төлөөлөл болж оролцохдоо ийнхүү үгээ хэлсэн.

Тэгвэл хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд яагаад ажил хийхгүй байна вэ? энэ асуултад хариулсан судалгаагаар, хөдөлмөр эрхлэхэд тулгардаг бэрхшээлүүдийн талаарх асуумжид зорилтот бүлгийн дийлэнх нь хүүхэд харах үйлчилгээ байхгүйгээс ажил хийх боломжгүй байдаг гэж хариулжээ.

Мөн цагийн ажлыг зохицуулсан зохицуулалтгүй учраас хүүхдээ хүргэх, авахад асуудал үүсдэг, ажлаасаа хоцордог, нийтийн тээврийн хүртээмжгүй байдлаас болж ажилдаа ирж явахад бэрхшээл үүсдэг зэрэг шалтгааныг хэлжээ.

                  АЖЛЫН ШААРДЛАГА, ЦАГИЙН ХУВААРЬ МАШ Х АТУУ БАЙНА

КЭЙС 1: Арван жил гэртээ хүүхдээ харж байгаа ээж нарт ажил олох дэмжлэг тааруу. Ээж нарын дунд  “Хүүхдээ хараад ажил хийе, хамт олонтой болъё” гэж ярьдаг сэдэв нь л энэ. Миний хувьд нөхөртэйгээ гэрлээд  15 жил болж байна. Үүний 5 жил нь ажил эрхэлж, үлдсэн хугацаанд нь 10 жил хүүхдүүдээ харж өсгөж хүмүүжүүлэхэд анхаарч байна. Гэртээ л байна. Хүүхдүүд маань биеэ дааж эхлэх үед мэргэжлээрээ ажиллах итгэл байхгүй болсон байдаг. Ажилтай боллоо гэхэд хүүхдүүдээ сургуульд зөөх асуудал гарч ирдэг. Ажлын цагийг уян хатан болгож өгвөл ажиллах дургүй хүн байхгүй, харин ч баярлана. Хүүхдээ харахын зэрэгцээ ажиллана гэдэг өнөөдрийн нөхцөлд ямар ч боломжгүй. Бага хүүхэд маань хоёр ой, зургаан сартай. Цэцэрлэгт өгье гэхэд 3 настай хүүхэд авна гэж босго тогтоосон. Дээр нь ээжүүдэд хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээлэл маш хомс байна. /гурван хүүхдийн ээж,  иргэн Г.Солонго /

КЭЙС 2: Гэртээ хүүхдээ хараад хоёр жил өнгөрч байна. Хувийн компанид мэргэжлээрээ ажиллаж байсан. Бидэнд ажиллах ур чадвар байна, ажил хийж чадна. Гэвч ажиллах боломж хязгаарлагдмал байна. Албан тушаал ахиулдаггүй, цалин хөлсийн хувьд эрэгтэй хүнээс бага үнэлэгддэг. Үүнийг ч өөрөө мэдэрч даван туулсан. Ажил олгогч нар бидний дуу хоолойг сонсч эмэгтэйчүүдээ дэмжсэн богино цагийн хуваарийг санал болгох хэрэгтэй. Харамсалтай нь, ажиллах боломж маш хомс байна. Тиймээс хувиараа бизнес эрхлэх сонирхолтой. Даанч төсөл хэрэгжүүлэхэд танил талтай чухал болсон. Өөрийнхөө хүчээр  цойлж гарахаас өөр сонголтгүй байдаг. / гурван хүүхдийн ээж, иргэн Э.Цэндмаа /

Гэртээ хүүхэд харж буй шалтгаанаар 2017 онд 83 эмэгтэй ажил эрхлэх боломжгүй байсан бол энэ тоо 2020 онд 120 мянга болж өссөн үзүүлэлт бий.

       ЭМЭГТЭЙЧҮҮД СҮҮЛИЙН 20 ЖИЛ ЭРЧҮҮДЭЭС БАГА АЖИЛЛАЖ БАЙНА

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.АРИУНАА: 

-Өнөөгийн нийгэм эмэгтэйчүүдэд “хүүхэдгүй юм шиг ажилла, ажилгүй юм шиг хүүхдээ хар” гэсэн сонголт тулгаж байна. Ялангуяа нөхөн үржихүйн 20-40 насныхан сүүлийн 20 жил ажиллах оролцооны түвшинд эрэгтэйчүүдээс бага байна. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд  хүүхэд харах үйлчилгээ хүртээмжгүй, ажлын уян хатан зохицуулалтгүй, цагийн ажил байхгүй, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, амьдралд хүрэлцэхгүй цалин зэрэг шалтгаанаас үүдэн ажиллах боломжгүй байгааг хэлж байгаа юм. Бидний хийсэн судалгаагаар 17 хүртэл жил гэртээ суусан эмэгтэйчүүд байсан. Яагаад гэхээр ойрхон төрөлтөөс болж ажиллах боломжгүй болдог. Эргээд мэргэжлээрээ ажиллах боломжгүй, өөртөө итгэлгүй болсон зэрэг асуудал үүсдэг. Гэтэл эмэгтэйчүүдийг ажилгүй гэрийн авгай гэж нэрлэдгийг нийгэмд халах зорилго дэвшүүлж байна. Эмэгтэйчүүд гэртээ гараа хумхиад суудаг уу гэвэл үгүй. Хүүхэд харж хоол хийж байна, гэрээ цэвэрлэж байна. Цаг ашиглалтын судалгаа хийхэд эмэгтэйчүүд дунджаар 2.4 дахин их цагийг үнэлгээгүй гэрийн ажилд зарцуулж байна" гэв. Мөн өндөр цалин хөлстэй салбарт ажиллаж чадахгүй, ялгаварлан гадуурхалтад өртөж, ижил цалин хөлс авч чадахгүй байна” гэсэн юм.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдал судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхалтад өртөж байсан гэж хариулжээ. Тэдний ихэнх нь бага насны хүүхэдтэй, цалин урамшуулал нэмэхгүй байх зэрэг ялгаварлалтад өртсөн байна.

Судалгааны дүнгээр эмэгтэйчүүд ажлын байран дээр гарахад хамт олны эерэг хандлага, ажлын цагийн уян хатан зохицуулалт, цахим ажлын байр, ажил олгогч нарыг хандлагыг өөрчлөх нь чухал гэдгийг дийлэнх нь хэлсэн байна. Тэгвэл хамгийн өндөр цалин хөлстэй салбаруудад эрчүүд олон бол хамгийн бага цалин хөлстэй салбаруудад эмэгтэйчүүд олонх байгаа юм. Энэ нь жендэрийн хэвшмэл ойлголтоос болдог бөгөөд уул уурхай, хүнд механизмтай ажилладаг салбаруудад эрчүүд голлон ажилладагтай холбоотой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж