Хууль зүйн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд өнөөдөр /2022.04.06/ мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр нүүрс тээврийг хэвийн үргэлжлүүлэх ажлын хэсгийг ахалж байгаа. Яаралтай зохицуулалт хийж тээвэрлэлтийг хэвийн болгосноор АМНАТ-ийг төсөвт төвлөрүүлж, хүүхдийн мөнгийг олгох боломжтой болно гэсэн юм.
Түүний хэлснээр нүүрс тээвэртэй холбоотой асуудлаар ажлын хэсэг өдөр бүр хуралдаж байгаа аж.
Гашуунсухайтын нүүрс тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Шивээ хүрэнгийн боомтыг нээх чиглэлийн ажлын хэсгийн ахлагчаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилсон.
Тэрбээр, "Шууд шийдвэр гаргахад хүндрэлтэй байна. Учир нь 4,8 сая тонн нүүрс хил дээр хуримтлагдсан. Үүнээс болж нүүрсний шинэ гэрээ хийгдээгүй. Тиймээс боомтын үйл ажиллагааг хэвийн болгохыг чухалчилж байгаа. Мөн Ханги мандал чиглэлийг нээх зэрэг хувилбарыг хэлэлцэж байна. Засаг төрийн ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Гадаад байдлаас шалтгаалсан асуудал л их үүсч байна. Хятадын талаас хорио цээрийн дэглэмийг баримталж чадвал тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломжтой" гэсэн хариу өгсөн.
Түүнчлэн "Бөмбөлөг доторх хөдөлгөөн тээвэрлэлтэд анхаарал тавьж ажиллах хэрэгтэй байна. Хэрэв нүүрсний тээврийг хэвийн үргэлжлэхгүй бол АМНАТ төсөвт төвлөрөхгүй, АМНАТ-ын орлого тасарвал хүүхдийн мөнгө олгоход хүндрэл учирна. Тиймээс ойрын хугацаанд ажлын хэсэг асуудлыг шийднэ. Эрээний талд 4000 гаруй контейнер гацаад байна. Үүнд ч мөн анхаарч байгаа" гэлээ:.
ХУУЛИЙН БУС ЗАМААР ЗАСГИЙН ЭРХИЙГ АВАХ ХОРИОТОЙ
Мөн тэрбээр ТЕГ-аас хийсэн мэдээлэлтэй холбоотой шалгалтын ажилд анхаарч байгаа гэсэн юм. Учир нь улсын онц чухал обьетыг эзлэх, нэр бүхий улстөрчийн биед халдах төлөвлөгөөтэй байсан талаар мэдээлэл авсан. Хэн гэгч улстөрч болоод аль обьектод халдах гэж байсан талаар шалгалт хийж байгаа. Нийт таван хүнийг саатуулсан. Саатуулагдсан хүмүүсийн нэг нь хамтрагчийнхаа биед халдсан гэсэн. Үндсэн хуулийн бус замаар засгийн эрхийг авах хориотой. Тиймээс хуулийн дагуу шалгалтын ажил хийгдээд явна. Хууль зүйн сайдын хувьд энэ асуудалд анхаарч байгаа гэдгийг онцолсон юм.