Чуулган: Энэ үед АН засаг барьсан бол гэхээс айдаг шүү

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Энэ үед АН засаг барьсан бол гэхээс айдаг шүү

17 : 23
2022-4-6

Чуулган: Энэ үед АН засаг барьсан бол гэхээс айдаг шүү

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Инфляцийг яаж тогтоон барих вэ? Мөнгөний бодлогыг чангаруулахад сөрөг нөлөөлөл маш их. Ажилгүйдэл бий болно. Төсөв болон мөнгөний бодлогоор хийх гэсэн олон ажил хойш ухарна. Өнгөрсөн хугацаанд санхүү мөнгөн дээр үнэхээр замбараагүй явж ирсэн гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Монголбанкны ерөнхийлөгчөөс асууя. Монголбанкны үнэт цаасны үлдэгдэл хэд байна вэ. Хүү 6.5-9.0 хувьд хүрсэн. Зээлийн хүү дээр өөрчлөлт байна уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлын 70 хувь нь биднээс хамаарахгүй. Энэ байдлыг сөрж гарахаас өөр сонголт байхгүй.  Тиймээс би хувьдаа өөдрөг төсөөлөлтэй байна. Маргааш эдийн засгийн форум болно. Том төслүүдээ хэрхэн урагшлуулах вэ гэдэг шийдлийн талаар ярилцана. "Оюутолгой"-н өр тэглэж, алдаа засагдаж дэлхийд эерэг мессеж өгсөн. Сүүлийн үед барууны хөрөнгө оруулагчид Монголыг зорих нь ихэссэн. Тэд олон төсөл хөтөлбөрүүдийг сонирхож байна. Ерөнхий сайдын хувьд олон уулзалт хийсэн.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Төв банкны үнэт цаасны үлдэгдэл өнөөдрийн байдлаар 5.4 их наяд байна. Үнэт цаасны хүү есөн хүрсэн нь зээл, хадгаламжийн  хүү өссөнтэй холбоотой. Валютын нөөцтэй холбоотойгоор Монголбанк арилжааны банкуудтай уулзаад энэ онд гаднаас орж ирэх зээл эх үүсвэрүүд нь хэр хэмжээтэй байгаа талаар судалгаа хийсэн. Банкууд урт хугацааны своп хэлцэл хийх боломжтой. Тэр нь 600 сая ам.доллар. Богино хугацаатай своп хэлцэл нь 100 сая ам.доллар. Олон улсын байгууллагуудаас татах мөнгө нь 100-200 сая ам.доллар байна. Экспортын томоохон компаниуд урьдчилсан байдлаар бүтээгдэхүүнээ борлуулж зарвал 400-600 сая ам.доллар яригдаж байна. Богино хугацаанд нэг тэрбум ам.долларын эх үүсвэрүүд орж ирнэ. Тэр хэмжээгээр нөөц нэмэгдэж ханшид эерэгээр нөлөө үзүүлнэ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Үнэ тогтворжуулах хуулийн төслийг уншсан. Монголбанкаас авч хэрэгжүүлэх арга хэмжээнд “Санхүүжилтийг банкаар дамжуулна, урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгоно, улсын нөөцийг нэмэгдүүлэхээр алтыг өндөр үнээр авна” гэжээ. Монголбанк баялаг бүтээгч биш. Өөрийн гэсэн мөнгө байхгүй. Тэгэхээр мөнгөний эх үүсвэрийг хэвлэхээс өөр аргагүй  гэсэн үг. Гэвч нь хэвлэх нь хуулиар хориотой. Мөнгө хэвлэлээ гэж бодоход тэр мөнгө хаанаас гарах юм. Улсын төсвөөс гарахгүй гэвэл Монголбанкаас гарч таарна. Тиймээс мөнгө хэвлэхээс өөр аргагүй. Өөр гаргалгаа үүн дээр харагдахгүй байна. Мөнгө хэвлэхээр ханш өснө. 2012-2016 оны алдааг дахин давтах гээд байна. Угтаа бол зээлийг арилжааны банкууд мөнгө өгөөд хүүгийн зөрүүг нь төсөвт суулгасан бол зөв болох байлаа.  Бичиж оруулж ирсэн хуулийн төсөл дээр мөнгө хэвлэнэ гээд байна. Энэ заалтаа зас аа.

Сангийн сайд Б.Жавхлан:

Хуулийн үр дүн маш чухал. Мэдээж үр дүнгүй болгох эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Мөнгө хэвлэхгүй. Уг нь зөндөө л тайлбарлалаа. Хуулийн бичвэр дээр банкаар дамжуулна гэж бичсэн нь буруу ойлголт төрүүлээд байх шиг байна. Уг нь бүх бодлого, арга хэмжээ  банкаар дамжиж хэрэгжинэ гэсэн санаа л даа. Бичвэр дээр банкны эх үүсвэрээр гэж тодруулж оруулья. Өнөөдөр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тиймээс цаашид хуулийн төслийг засах хугацаа байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ерөнхий сайдыг би Монголыг Азийн хүлэг улс болгох гээд хичээдэг гэж хардаг. Өмнөх нөхцөл байдлаас болоод өнөөдөр Монгол Улс  Азийн гөлөг улс болчхоод байна. Уг хуулийн төслийг дэмжихгүй байна. Богино хугацаанд үр дүнгээ өгөх ч урт хугацаандаа явцгүй. Та нар сүүлийн зургаан жилд төрийг дангаараа удирдаж байна. Малын өвчин гарсан учраас ирэх 2-3 жилд өвчтэй малынхаа махыг бид өөрсдөө идэж таарна. Манай гурилын үйлдвэрүүд цавуулаг нь шаардлага хангадаг уу? ОХУ-аас шатахууныг хямд үнээр авч болохгүй байна уу? Та нар мөргөлдөөн гэж ярьдаг. Харин бид хойд хөрш дайн эхлүүлсэн гэж үздэг. Та бүхэн Украинд 200 мянган ам.долларын хандив үзүүлсэн нь их зөв шүү. Их талархаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Би аль болох улс төржихгүй байхаар хичээж байна. Та нар бондын мөнгийг хуваагаад авсан, юу ч үгүй болгосон. Тэр өрийг төлөх гээд явж байна. Харин ч Монголын ард түмэн хүнд үед тэвчээртэй байна. Хэрэв хүндрэлтэй энэ үед та нар засаг барьсан бол юу болох байсан бол гэхээс айдаг шүү, эрхэм танкчин ах минь.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Монголын гадаад өрийн стратегийн гүйцэтгэл маш сайн явж байгаа. 2019-2022 оны хооронд гадаад өрийн дунд хугацааны стратегийнхээ хүрээнд маш сайн сахилга баттай явж байгаа. Засгийн газрын гадаад өрийг огтхон ч нэмэгдүүлээгүй. Харин ч төсвийнхөө боломжит хэмжээгээр жил бүр 200-300 сая ам.доллараар нийт өрөө бууруулаад явж байгаа. Засгийн газрын нийт өр 8.2 тэрбум ам.доллар орчим байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний өнөөгийн үнэ цэнээр тооцвол өнгөрсөн оны жилийн эцсээр 51 хувьтай гарсан. Төсвийн тогтвортой байдлын хуулиар тусгай шаардлагын хязгаараар 70 хувь байх ёстой. Бид 51 хувь гарсан. Өөрөөр хэлбэл, төсвийнхөө хязгаар дотор хангалттай багтаад цаашдаа энэ хэмжээнд барина. 1990 оноос хойш 30 гаруй жилийн хугацаанд Засгийн газрын өрийг төлөх хамгийн өндөр ачаалалтай хугацаа нь энэ дөрвөн жил таарч байна. Бид 4 тэрбум гаруй ам.доллар төлнө. Ирэх жил Хөгжлийн банкны Самурай бондын өр төлөгдөнө. 30 гаруй тэрбум юань буюу монгол төгрөгөөр 770 гаруй тэрбум төгрөгийн гадаад өр байна. Энэ бол Хөгжлийн банкны Засгийн газрын баталгаатай өр. Хэрэв Хөгжлийн банк төлж чадахгүй бол Засгийн газар төлнө. Төсөв дээрээс төлөх эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлэх нь маш чухал. Хөрөнгийн зах зээлийг Засгийн газар төсвийн бодлогоор дэмжинэ. Үүнд төсвийн оролцоо харьцангуй бага байдаг.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. УИХ Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Улмаар хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв

16 : 36
2022-4-6

“Эрдэнэс Монгол”-той холбоотой асуудлыг олон нийтэд ил гаргана

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Монголбанкны ерөнхийлөгч "Хаан" банкыг Худалдаа хөгжлийн банкинд өгсөн. Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хууль зөрчиж зээл өгсөн талаар Ч.Хүрэлбаатар гишүүн байнга ярьдаг. Гэтэл Ерөнхий сайд Б.Лхагвасүрэнг маш сайн ажиллаж байна гэх байр суурийг илэрхийлсэн. МАН бодлогоо нэгтгээч ээ. Монголбанкинд итгэх иргэдийн итгэл алдарч байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Миний байр суурь маш тодорхой. Хямралтай цаг үед ялангуяа гол стратегийн албан тушаалууд тогтвортой байгаасай гэж хүсч байна. Хууль хяналтын байгууллага тогтооно биз. Би Б.Лхагвасүрэнг анх томилоход нь оролцож байгаагүй.  Тэр хүнийг хамгаалсан зүйлгүй. Одоо бол цаг үе өөр болсон. Энэ хүнд үед хүн солиод дахиж шинэ хүн УИХ-аар томилогдож багаа бүрдүүлж Засгийн газартай ойлголцох гэсээр байтал байдал улам хүндэрч магадгүй. Тогтвортой ажиллах нь улс орны язгуур эрх ашигт нийцнэ гэж бодож байна. Өнөөдөр би хууль оруулж ирж байна. Түүнээс биш Монголбанкны Ерөнхийлөгчийг арын өрөөндөө дуудаад УИХ-аас нууц шийдвэр гаргах гэсэнгүй. Би юуг ч нуухыг хүсэхгүй байна. Дэмжигдэхгүй бол би ойлгоно. Ардчилсан зарчим ийм байдаг. Эрх баригч сөрөг хүчин гэж талцахгүйгээр асуудлыг илүү өргөн цар хүрээнд харж байгаа АН, ХҮНамынханд талархаж байна.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 2012-2016 он хүртэл хэрэгжүүлсэн. Тэр үед Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч хоёр гарын үсэг зураад хэрэгжүүлсэн бол өнөөдөр асуудлыг УИХ дээр ярьж байна. Зарчмын хувьд том ялгаатай. Гэсэн хэдий ч хэрэгжүүлж байгаа арга хэрэгсэл, үүнийг хүртэж байгаа хүмүүс нь ижилхэн. Өмнөх хөтөлбөрөө дүгнэж хаах хэрэгтэй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанк 4.8 их наяд төгрөгийн зээл олгосон. Энэ зээлийг зориулалтын бусаар ашигласан хэдэн аж ахуйн нэгж байгаа вэ. Улс төрийн нөлөө бүхий этгээд зээл авсан баримтыг би ШӨХТГ-ын дарга байхдаа олж мэдсэн. Өмнөх хөтөлбөрийг дүгнэсний дараа энэ хуулийг батлах нь зөв. Энэ асуултад Төв банкны ерөнхийлөгч хариулаарай. Хэрэв тухайн хүн валютын орлого олдоггүй бол валютын хадгаламжийг хязгаарлах хэрэгтэй.     

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Т.Аюурсайхан гишүүнтэй санал нэг байна. Улстөрчдийн шуналаас болж асуудал их үүсч байна. Хөгжлийн банкны асуудал ч тэр. Гадны мэргэжилтэн мэргэжлийн ТУЗ бүрдүүлээд байж байхад нь бонд босгосны дараа бүх сайдууд ороод хуваагаад авсан юм билээ. Засгийн газрын тогтоол дээр маш тодорхой байгаа. Үүн дээр хуулийн дагуу арга хэмжээ авна. “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг олон нийтэд ил гаргана. Сангуудыг ухвал олон гишүүд гарч ирнэ. Нэрсийг нь  олон нийтэд дэлгэхээр бэлдсэн. Гишүүд ийм зүйлд оролцохоо больчих хэрэгтэй. Олон нийтийн ёс зүйн шаардлага, хараа хяналт их сайн ажилладаг болсон. Ардчилал төлөвшиж байна. Гишүүн байх уу, бизнесмен байх уу гэдгээ шийдэх цаг иржээ.  Шинэ 30 жил эхэлж байна. Өмнөх зүйлээ дүгнээд шаардлагатай бол хариуцлага тооцно. Авлига албан тушаалын хэрэгт орооцолдсон нөхдүүдийг олон нийттэй хамт  шахаж гаргахад л улс төр цэвэршинэ. Тиймээс өөрсдөөсөө эхлээд үлгэр жишээ үзүүлье. Манлайлал үзүүлнэ. Авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулж бууруулж  чадвал хөрөнгө оруулалтын орчинд маш том нөлөө үзүүлнэ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

-2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрт 7.2 их наяд төгрөг зарцуулсан.  "Сайн хашаа", "Сайн хувьцаа" гэх мэт хөтөлбөр ч бий. Зарим зээл нэг хувийн хүүтэй байсан. Олон улсын аудитын компани энэ хөтөлбөрт хяналт хийсэн. Хөтөлбөрийг Төв банк дангаараа хэрэгжүүлээгүй. Арилжааны банк хохирол хүлээсэн жишээ бий. Капитал банкнаас Төв банк эх үүсвэрээ татангуут энэ банк хүнд байдалд орсон. Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 5.4 их наяд төгрөг болж буурсан. Бид арилжааны банкуудаас энэ онд гаднаас татах эх үүсвэрийг судлан нэгтгэсэн. Богино, урт хугацаат своп хэлцэл хийн, богино хугацаанд нэг  тэрбум ам.долларын нөөц татна. Үүнд "Эрдэнэс Тавантолгой" гэх мэт аж ахуйн нэгжийн урьдчилан олох орлого ч багтсан.     

15 : 59
2022-4-6

"Бид валютын нөөцөө зузаатгаж чадаагүйн гор гарч байна"

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Гурил, мах, шатахууны үнийг анхаарна гэхээр цаана нь төрөл бүрийн будаа, ургамлын тос, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсчих вий. Нийлүүлэлтийг хангахын тулд ямар арга хэмжээ авах вэ? Бага цалинтай хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна. 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг гадагш гаргахыг хориглосон. 20 саяас их бол яах нь тодорхой биш байгаа. 

Сангийн сайд Б.Жавхлан:

Хойд хөрш зэвсэгт мөргөлдөөн хийгээд завгүй, урд хөрш цар тахлыг барьж чадахгүй учраас экспорт гардаггүй. Бид яг нэг жилийн өмнөх байдал руугаа эргээд оччихсон. Том зургаар нь харвал олон жил хангалттай түвшинд экспорт хийж чадаагүй. Валютын нөөцийг тэр хэмжээнд зузаатгаж чадаагүйн гор өнөөдөр гарч байна. Ийм богино хугацааны шокийг тэсч гарах сорилттой нүүр тулж байна. Тиймээс богино хугацааны нийлүүлэлтийн шокийг зөөллөх, ялангуяа бидний зохицуулж чадахгүй шатахууны үнийн нөлөөллийг эдийн засагт аажмаар зөөллөж оруулж ирнэ. Төрийн албан хаагчийн цалин болон өрхийн орлогуудыг дэмжих асуудал төсвийн бодлогод хамаарна. Энэ нь урт хугацаанд шийдэгдэх асуудал.

Хуульд гурил, мах, шатахууныг тусгасан учраас уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн сайдад  нэмэлт төсөв шаардагдана. Тиймээс бусад сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нараас хэмнэлт гаргана. Төсөв, ерөнхийлөн захирагч нарын хооронд нэмэлт эх үүсвэрийг зохицуулах шаардлагыг энэ хуулиар олгоно. Гэхдээ УИХ-аас эрхийг нь шилжүүлэхээс илүүтэй ажиллагааг хөнгөвчилсөн хууль болсон. Бусад бараа бүтээгдэхүүний үнэд анхаарна гэвэл хавтгайрсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийг төсөв өөрөө даахгүй. Хязгаараа даваад мөнгө хэвлэх байдал руу орох эрсдэлтэй. Тиймээс төсвийн чадах хэмжээнд буюу стратегийн топ гурван бүтээгдэхүүн дээр анхаарахаар тогтсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 -Монгол Улс хоригийн хоригт орсон. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш НҮБ-ын хувьд ийм хүнд сорилттой дэлхий нийт нүүр туллаа. Монгол Улс түдгэлзсэн байр суурьтай байгаа. Шулуухад хэлэхэд НҮБ-ын зүгээс анхааруулж байгаа өлсгөлөн болбол адаглаад махтай, гурилтай, шатахуунтай байх хэрэгтэй. Ургамлын тос, элсэн чихэр, будаа, төмс, сонгино гээд өргөн хэрэглээний барааг үнэ тогтворжуулах хуульд хамааруулсан бол төсөв ачааллаа дааж чадахгүй. Тэр үед ганц боломж нь импортийн татварыг тэглэх л байх. Тэглээ гээд үр дүнд хүрэхгүй. Хилийн чанадад үнэ нэмэгдвэл импортийн бараа бүтээгдэхүүний инфляци урсаад орж ирнэ гэсэн үг. Хуулийн төслийг боловсруулж байхад  эм, эмнэлгийн хэрэгсэл, элчин чихэр, ургамлын тос оруулъя гэж байсан. Ингээд Сангийн яам тооцоолол хийж үзээд импортын татвар тэглэхээс өөр байдлаар бид яаж ч чадахгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хүлээлт үүсгээд олигтой үр дүнд хүрч чадахгүй.

Хууль батлагдсанаар энэ гурван бүтээгдэхүүний үнэд тодорхой зохицуулалт хийхээс биш ид шидийн мэт үнийг нь барина гэж байхгүй. Гэхдээ гурван гол бүтээгдэхүүн дээрээ анхаарлаа төвлөрүүлье гэж байгаа юм.  Ер нь манайхан их эмзэг. Тайван цагт амьдраад сурчихсан учраас сэтгэл зүйн хувьд эмзэг, бараа бүтээгдэхүүний татан авалт болон бусад асуудал дээр туйлын хүндрэлтэй. Тиймээс бид Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан нефтийн үйлдвэртэй болох, эрчим хүчний хувьд хараат бус болох, дотооддоо хүнсээ хангадаг, зоорь хүлэмжтэй болох ёстой. Энэ бүх зүйлийг бид хийхээс өөр гарцгүй.   Ийм амаргүй нөхцөл байдал дунд орчхоод байна. Аливаа асуудалд эс үйлдэл хийж байгаад цаг алдахыг Ерөнхий сайдын хувьд хүсэхгүй байна. Өнөөдөр шатахуун дээр 1000 төгрөгөөр нэмэгдэнэ биз гэж ярих хүмүүс ч бий. Үүнийгээ дагаад цалин, тэтгэврээ нэмж чадахгүй. Өнгөрсөн онд тэтгэврийг 650 орчим тэрбум төгрөгөөр нэмээд одоо бидэнд ямар ч орон зай үлдээгүй. Цаашдаа байнгын зардал болоод төсөв дээр урсгал зардал болоод явна. Тиймээс Ерөнхий сайдын хувьд эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй гэж шийдсэн. Би УИХ-аас ямар ч асуудлыг нуухгүй ил тод байх зарчмыг баримтална. Ирэх долоо хоногоос Эрдэнэбүрэнгийн УЦС-тай холбоотой асуудлыг оруулж ирнэ гэж төлөвлөж байгаа ч асуудал бас байна.

 

 

 

 

15 : 00
2022-4-6

"Рубль, төгрөгийн солилцоо хийвэл долларын дарамт буурна"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Хоёр жил үргэлжилсэн  цар тахлын дараа Орос, Украины асуудал хурцадмал байдалд шилжсэн нь эдийн засгийг улам  хүндрүүлж байна. Өнөөдрийн байдлаар 8200 гаруй харилцан хориг тавигдсан байна. Үүнээс үүдээд улаанбуудай хомсдох эрсдэлтэй байгаа. Наранцэцэгийн тосыг дээрх хоёр улс голлон экспортолдог. ОХУ зөвхөн рублиэр тооцоо хийнэ гэсэн учраас дөрөвдүгээр сарын нэгж өртөг манайхаар 1000 төгрөгөөр огцом нэмэгдэж байна. Одооноос арга хэмжээ авахгүй бол цаашлаад огцом өснө. Тиймээс эхний ээлжид   шатахуун, мах, гурилтайгаа байх нь чухал болсон. Хурцадмал байдал өнөөдөр маргаашдаа шийдэгдэхгүй. Энэ он дуустал хэвээр үргэлжилнэ.  Намжлаа гэхэд эдийн засгийн хориг цаашдаа үргэлжилнэ. Ниргэсэн хойно нь  хашгирч байхаар наана нь бэлтгэл ажлыг хангах зөв гэж үзсэн учраас Засгийн газраас уг хуулийн төслийг  оруулж ирсэн.

Сангийн сайд Б.Жавхлан:

-ОХУ гадаад төлбөр тооцоогоо  рублиэр хийнэ гэдгээ зарласан. Хэрэв Монголд рубль байдаг байсан бол үүн шиг таатай нөхцөл байхгүй л дээ. Энэ байдлаас гарахын тулд ОХУ-ын Төв банктай сүүлийн арав гаруй жилийн турш мөнгөн тэмдэгтүүдээр солилцоо хийх талаар  ярилцсан. Энэ удаагийн үүссэн нөхцөл байдалтай уялдуулаад шийдчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Хоёр төв банкны хооронд мөнгөн тэмдэгтүүдээр солилцоо хийчих юм бол энэ хүнд цаг үед ам.долларын дарамтаас бага ч болов хөнгөрөх боломжтой. Шатахууны төлбөрт жилд оргил үедээ 1.8 тэрбум ам.доллар зарцуулдаг байсан бол одоо 1.4-1.5 тэрбум ам.долларыг зарцуулж байна.  Он дуустал тэрбум орчим ам.доллартай тэнцэх рубль, төгрөгийн солилцоо хийвэл валютын нөөцийн дарамт буурна. Энэ тал дээр ажиллаж байна. Үнэ тогтворжуулахын тулд Засгийн газар хууль санаачлаад оруулж ирсэн. Мөнгөний бодлогын орчинд төсвийн бодлого, хуулийн хүрээнд ажиллана. Гадагш төлж байгаа нэг ам.доллар бүр эргээд бидэнд нэг ам.доллар 20 цеийн дарамт болж ирж байна. Инфляци, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц  дээр  ч  тэр. Төв банк мөнгөний бодлогын хүүг өсгөж нэг төгрөгийн нэмэлт мөнгөний нийлүүлэлт хийгдэхгүй гэдгээ зарласан. Боломжит хэмжээгээр зах зээлээс мөнгөө эргүүлэн татна. Үүнтэй төсвийн бодлого уялдана. Гэхдээ хамаагүй хутгалдаж болохгүй. Зааг хязгаараа барина. Төв банк мөнгө хэвлэхгүй.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

-Наймдугаар сард төв суурин газрын хүн амын махны  хэрэглээг тогтвортой хангах, үнийг тогтвортой түвшинд барихын тулд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргасан. Үүнд 23 байгууллага 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн худалдаалж эхэлсэн. Долдугаар сарын 10-н хүртэл төв суурин газрын хүн амын хэрэглээг хангана. 100 тэрбум төгрөгийн зээлээс 98 тэрбум төгрөгийг 23 байгууллага зээлж зах зээл рүү гаргасан. Энэ бүхэн малчдад орлого болж очно. Махны үнэ нийт хэрэглээний үнийн инфляцид дангаараа 20-21 хувиар нөлөөлдөг  Энэ бол өндөр үзүүлэлт. Махны үнийг дагаад бусад бүтээгдэхүүний үнэ өсдөг. Махыг хангамж талаас нь тогтвортой, үнийг барих зорилгоор үнэ тогтворжуулах хуульд махны асуудлыг тусгасан. Нөгөө талдаа Европын улсууд цаг агаарын таагүй нөхцлийн улмаас ургац алдаж байна. Улаан буудайны гол нийлүүлэгч хоёр орон хоорондоо сөргөлдөөнтэй байна. Орос, Украин улс өөрсдийн дотоод хэрэгцээнээс гадна улаан буудайн зах зээлийн 27 хувийг нийлүүлдэг. Бидэнд эрсдэл үүсэх нь тодорхой учраас дотоодын улаан буудайн тариалалтаас эхлээд бүх ажлыг цаг хугацаа алдалгүй тариалалтын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Малчид руу хандсан ямар бодлого баримтлах вэ. Махны үнийг барих нь малчдад дарамт болохгүй юу? Нөгөө талдаа валютын ханшийг хэрхэн барих вэ?

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

-Өнгөрсөн жил цар тахлын улмаас мал, махны борлуулалт хумигдсан. Уг хуулийн үйлчлэлээр мах боловсруулах болон нөөцийн мах бэлтгэдэг компаниудад дэмжлэг болгож эргэлтийн хөрөнгийн зээл өгнө. Энэ нь малчдын орлого болж очно.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвсүрэн:

-Мах, гурил, нефть гурвын үнийг тогтворжуулах асуудлыг хуульд тусгасан. Шатахууныг ОХУ-аас 100 хувь импортолж авдаг. Ерөнхийдөө нефтийн импортод сардаа 60-80 сая ам.долларыг зарцуулдаг. Гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.3 тэрбум ам.доллар байна. Ханш болон эрэлт, нийлүүлэлтэд савлагаа үүссэн. Монголбанк арилжааны банкууд болон экспорт хийдэг компаниудын төлөөлөлтэй уулзсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Валютын ханш бол төлбөрийн баланс, тэнцлээс шалтгаална. “Оюутолгой” ХХК-иас дөрөвдүгээр сард 450 сая  ам.доллар, “Тавантолгой” ХК-иас 350 сая ам.долларын гэрээний мөнгө орж ирнэ. Мөн бусад эх үүсвэрүүдээс тэрбум ам.доллар орж  ирэх учраас валютын ханш хиймлээр өсөх үндэслэл байхгүй. Үүн дээр Монголбанк, Засгийн газар, Сангийн яам онцгой анхаарч байна. Рублийн ханш ч гэсэн тогтворжиж байгаа учраас эерэг өөрчлөлт гарах хүлээлттэй байна.

14 : 00
2022-4-6

Үнэ тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Уг хууль батлагдсанаар, Засгийн газраас мах, гурил болон газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид нөлөөлөх гол нэрийн бүтээгдэхүүнд  зохицуулалт хийх эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр, нөөц бүрдүүлэх, агуулах сав бэлтгэх, хөнгөлөлттэй зээл олгох, үнэт цаасаар баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын болон гаалийн албан татварт Загсийн газар зохицуулалт хийдэг эрх зүйн орчин бүрдэнэ.

  • Төв банкнаас мах, гурил болон газрын тосны тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөр, шаардлагатай хөнгөлөлт, санхүүжилт олгох, 
  • Ханшийн зохицуулалттай холбоотой зарим асуудлыг хуулиар зохицуулахаар тусгасан.

Хуульд гадаад валютын нөөцийг нэмэх зорилгоор:

  • Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох,
  • Лондонгийн металын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах багц арга хэмжээг тусгажээ. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Олон улсын байгууллагууд 2022 онд дэлхийн эдийн засаг сэргэж8 цар тахлын өмнөх үед эргэж хүрэх боломжтой гэж төсөөлж байлаа. Гэвч хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээр дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдалд урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэл үүсгээд байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь орчимд хүрнэ гэж төсөөлж байсан. Гэсэн ч дээрх нөхцөл байдлаас шалтгаалж 3.5 хувь орчимд тооцож байна. ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах  зээл дээр огцом өсч нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй. Энэ нь импортлогч орнуудад шатахуун эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна.

Түүнчлэн он гарснаар дэлхий нийтэд цар тахлын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа нь эдийн засагт улам сөрөг нөлөөг үзүүлж байна. Урд хөршид цар тахлын тархалт эрчимжэж өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 7145 тохиолдол бүртгэгдсэн. Зарим томоохон хотод хатуу хөл хорио тогтоолоо. Улмаар Хятадын ургац 2022 онд буурсан учраас хүнсний нийлүүлэлт тасалдаж дэлхий дахинд үнэ өсч байна. Иймд улс орнууд төсөв мөнгөний бодлогыг уялдуулан дотоод нөөц боломжийг ашиглаж гол нэр төрлийн хүнс, газрын тосны бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч байна" гэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж