Улс төр улайсч эхлэв: Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүд хэн бэ?!

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Улс төр улайсч эхлэв: Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүд хэн бэ?!

Улс төр улайсч эхлэв: Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүд хэн бэ?!

Төв талбайд Засгийн газрыг огцруулах иргэдийн суулттай зэрэгцэн Төрийн ордонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн нь  товчхондоо улс төрийн хүрээнд өөрийнх нь эсрэг өрнөж буй үг, “үгсэн хуйвалдаанд” анхааруулга, сануулга өгсөн үйлдэл болов. Үүгээрээ тэрбээр өөрийгөө хэр бяртай, хүчтэй болохоо намынхандаа , найз нөхөддөө мэдрүүлэхийг, харуулахыг хүссэн биз.

Ерөнхий сайд өчигдрийн мэдэгдэлдээ хэд, хэдэн ноцтой асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны дараагийн дуулиан нь “Эрдэнэс Монгол”-ын гэх "хавтаст хэрэг" байхыг ил тод зарласан юм. Энэ нэг талаар авлигатай тэмцэх нэрээр Ардын намныхнаа “номхруулах” гэсэн тактик болж харагдлаа.  Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкны дуулианаар Л.Оюун-Эрдэнэ “хөнжил”-өө цэвэрлэхээр шийдсэн нь илэрхий байна. Тиймээс УИХ-ын хаврын чуулганаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулж ирж болзошгүй. Мэдээж, энэ нь МАН-ын даргын ирэх оны сонгуулийн бэлтгэл ажил байж таарна. Намаараа живж үхсэнээс ядаж нэг, хоёр хүнийг золионд гаргах зохиолын дагуу.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Нүүрс тээвэрлэдэг олон  машин бий.  Нүүрсний тээврээс их хэмжээний ашиг олдог асуудалд манай парламентын гишүүд холбогдсон байгаа, А.Адъяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд бий” гэснээс харвал түүний сумны үзүүр Х.Баттулгыг чиглэсэн нь хэнд ч ойлгомжтой сонсогдов. Мөн тэрбээр “нэр бүхий гишүүдийг өрөөндөө дуудаж, бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахыг шаардсан”-аа мэдээлсэн. Ерөнхий сайдын мэдээллийн араас УИХ-ын тав, зургаан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан удахгүй оруулж ирэхээр болсон гэх мэдээлэл хэвлэлээр сэвэгдэж эхэлсэн санамсаргүй тохиолдол лав биш.

Ингээд Ерөнхий сайдын мэдээлэлд нэр цохогдсон болон УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүд хэн болохыг хүргэе.

УИХ-ын Г.Амартүвшин

Түүнийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар  ажиллаж байхад олгосон зээлээс 22 тэрбум төгрөгийн зээл чанаргүйд тооцогдож байна. Мөн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкны асуудлаар өгсөн түүний хариулт  нь “Тухайн үед Г.Дамдинням, Х.Ганхуяг нартай найз байгаагүй. Намайг ажил авахаас өмнө "Вертекс майнинг партнер" компани Хөгжлийн банкны харилцагч байсан. Барьцаа хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө байсан. Тэр үед 60-70 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан. Арванхоёрдугаар сард ТУЗ-өөр ороод зээл нь батлагдсан. Намайг захирал байхад зээл нь олгогдоогүй. Би арванхоёрдугаар сарын 31-нд ажлаа өгсөн. ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2020 онд зээл нь олгогдсон” гэх үг.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

Тэрбээр албан тушаалаа урвуулан "Вертекс Майнинг Партнер" компанидаа Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэх асуудлаар АТГ-д мөн шалгагдаж байгаа. Энэ талаар хэвлэлийнхэнд “Тэр манай эгчийн компани. Зээлийн үндсэн төлбөрт 12 тэрбум, хүүнд 9.6 тэрбумыг төлсөн байдаг. Өнөөдрийн байдлаар 20 тэрбумын үлдэгдэл байна. Зээл авах үед би гишүүн байгаагүй” гэсэн байдаг.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамт “Вертекс Майнинг Партнер" компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэх асуудал мөн нэр холбогдон шалгагдаж байгаа билээ. Тэрбээр “Нууж хаасан юм байхгүй ээ, тус компанийн хоёр хувийг аваад дараа нь эргүүлж худалдасан. УИХ-ын гишүүн болохоос өмнөх үйл явдал. Гишүүн зээл авсан бол авлига албан тушаалын хэрэг байх магадлалтай. Энэ зээлийг зориулалтын дагуу аваад татвар төлөөд явж буй компаниуд цар, тахал, хил хаалттай нөхцөлд бизнес нь хүндэрсэн байвал харж үзэх ёстой. Жинхэнэ бизнесээ дэмжих ёстой” гэж байрь сууриа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх магадлалтай УИХ-ын гишүүний нэгээр Ч.Ундрам нэрлэгдэж байна. Тэрбээр аавынхаа  “Вояжер минерал ресурсер” компани Хөгжлийн банкнаас 4.5 тэрбумын зээл авсан байдаг.  Хөгжлийн банкийг тонож идсэн гэх асуудал нийгмийн дуулиан болсны дараахан зээлээ түргэн шуурхай төлж барагдуулсан. Энэ талаар “Миний аав олон жил бизнес хийж байгаа хүн. Аав минь намайг бизнесийхээ үйл ажиллагаанд  намайг оролцуулдаггүй. Аав Хөгжлийн банкнаас зээл авсныг би дараа нь мэдсэн. Аав маань надад их санаа зовж байгаа” гэсэн байдаг.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон тэрбээр Хөгжлийн банкны гэх том дуулианд нэр холбогдоод байгаа юм. Магадгүй Л.Оюун-Эрдэнэ ирээдүйд түүнийг өрсөлдөгчөө гэж харж байж болзошгүй. Ямартай ч “Хамаарал бүхий компани гэдэг нь үнэн. Гэхдээ би огт хувь эзэмшдэггүй. Зээл хугацаандаа төлөгдөх байх. Энэ жил үйлдвэр ашиглалтад орох ёстой байсан ч цар тахлаас улбаалан хойшлогдсон.  Үйлдвэр ашиглалтад орсноор Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгийд барилгын материал хямдрах байх. Тэр төслийг хэн ч авч хэрэгжүүлж болно. Санаа зоволтгүй” гэжээ.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

Тэрбээр АН-ын бүлгийн гишүүн. Түүнийг өчигдөр Ерөнхий сайд нүүрсний тээвэрлэлтээс мөнгө угаадаг гэж нэр цохон хэвлэлийнхэнд дурдсан. Тэрбээр гишүүн болохоосоо нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.доллар өгч авалцаж байгаад хуулийнханд гардуулсан бичлэг байдаг. Авлига өгсөн  асуудлаар АТГ-аас түүний гэрт нь нэгжлэг хийж байсан ч хэргийг дээрээс нам дарсан. Тиймээс түүний  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хөндөж болзошгүй гэх хардлага улс төрийн хүрээнд байна.

Ийнхүү энэ хаврын улс төр улам улайсч байна. Ерөнхий сайдын өчигдрийн мэдэгдлээс харвал зарим нь давхар дээл нөмөрч, зарим нь дан дээлээ тайлж магадгүй нь.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж