Лондоны биржийн үнэ дээр 5 хувь нэмж, алт худалдан авна

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Лондоны биржийн үнэ дээр 5 хувь нэмж, алт худалдан авна

Лондоны биржийн үнэ дээр 5 хувь нэмж, алт худалдан авна

Орос, Украины дайны сөрөг нөлөөг хүн төрөлхтөн их, бага гэлтгүй мэдэрч, дэлхийн геополитик, эдийн засагт урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэл үүссээр байна. Хойд хөршийн цэргийн тусгай ажиллагааны улмаас хил гааль, экспорт, импорт саатаж, валютын ханш хэлбэлзэж, инфляци өсч, иргэдийн амьдралд хүндхэн цохилт болж буй.

Хоёр хөршөөсөө хэтэрхий хамааралтай манай улсын хувьд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 3000 хол давав. Монголд ноён “ногоо”-ны үнэ өсөх тоолонд бараа, бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, эргээд буурдаггүй бичигдээгүй хууль үйлчилдэг. Энэ дагуу газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилаас эхлээд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ “гэрлийн хурд”-аар өсөв. Иргэд бачимдаж, энд тэндгүй үнийн өсөлтийн эсрэг жагсаал, цуглаан эхэлсэн.

Энэ хүртэл байдлыг чимээгүй харж суусан Засгийн газар олон улсын хямралт байдлын улмаас үүсч буй гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Иргэдийн дийлэнх Засгийн газрын энэ алхмыг сайшааж, “Бараа таваарын үнэ чөлөөт зах зээлийн эдийн засгийнхаа зарчмаар өсөөд яваг” гээд зөнд нь хаячихаагүйд талархсанаа илэрхийлж буй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өчигдөр (2022.04.05) хэлэлцээд дэмжсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 14.00 цагт тус хуулийн төслийг хэлэлцэх юм.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийн талаар танилцуулахдаа, ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах зээл дээр огцом өсч, нийлүүлэлт тасалдах эрсдэл үүссэн нь импортлогч орнуудад шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж буйг онцолсон. Улмаар БНХАУ-ын ургац 2022 онд буурч буйтай холбогдуулан хүнсний нийлүүлэлтийн тасалдал гарч, дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, хангамжийн хомсдол үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж буйг тэмдэглэв. Мөн улс орнууд төсөв, мөнгөнийн бодлогыг уялдуулан, дотоод нөөц боломжоо ашиглаж, гол нэр төрлийн хүнс, газрын тосны бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх, нийлүүлэлт хангамжийн хомсдол үүсэх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч байгааг тодотгосон юм.

Б.Жавхлан “Цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин улсын зэвсэгт мөргөлдөөн, ОХУ-д тавьж буй эдийн засаг, худалдааны хоригуудын үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус. Нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед богино хугацаанд ард иргэдийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулж, онцгой журмаар зохицуулалт хийх эрхийг хуулиар Засгийн газар, Монголбанкинд олгох зайлшгүй шаардлага тулгараад байна” гэж мэдэгдсэн билээ.

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөлд:

-Монгол Улсын Их Хурал гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэхтэй холбогдсон хууль, тогтоомжийн төслийг дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэн шийдвэрлэх;

-Монголбанкнаас мах, гурилын нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мах бэлтгэн нийлүүлэгч, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүн импортлогчийн эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг тус тус банкаар дамжуулан олгож санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;

-Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож Лондоны металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчсөн этгээдэд хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй байх;

-3асгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэхгүй байх арга хэмжээ авах, цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;

-Засгийн газраас мах, гурилны нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах арга хэмжээ авах;

-Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн хомсдол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбогдсон хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлэх;

-Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамж, нийлүүлэлтэд хомсдол үүсэхээс сэргийлж экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүр тогтоож мөрдүүлэх бөгөөд энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулан мөрдүүлэхээр заажээ.

Энэ хуулийн төслийг дагалдуулан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Эдгээр хууль тогтоомжийн төсөлд Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг Монгол Улсын хилээр бэлнээр гаргахыг хориглох, Газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 5 хүртэл хувиар тогтоож, зохицуулалтын арга хэмжээ авах эрхийг Засгийн газарт олгохоор тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж