УИХ-ын энэ хаврын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ зун Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн наадмыг нижгэр, асуудалгүй тэмдэглэхийн тулд Баяр наадмын хуулийг төслийг нягт нямбай боловсруулах хэрэгтэй. Учир нь жил бүрийн наадмын дараа бөхчүүдийн допинг, хурдан морьдын талцал, маргаан гардаг, үүнээс бол үндэсний их баяр наадмын нэр хүнд "шороотой" хутгалдах болсон.
Сүүлийн үед хурдан морьдыг эрлийз болон монголоор нь ялгах холбоодын маргаанд улстөрчид хүртэл оролцож эхлэв. Өнөөдөр хүчин төгөлдөх мөрдөгдөж байгаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийн наймдугаар зүйл, хурдан морины уралдаан хэсэгт “Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна” гэж заажээ. Ингэхдээ сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулдаг. Харамсалтай нь, сэрвээний өндрөөр хэмжих нь уяачдын дунд маргаан их дагуулж, хэрүүлийн бай болсон. Учир нь, ийм арга хэмжээ авснаар эрлийз, монгол морьд хамтдаа уралдах болсонд уяачдын нэг хэсгийг баярлуулж, нөгөө хэсгийг гомдоох болжээ.
Тиймээс удахгүй УИХ-аар хэлэлцэх хуулийн төслөөр энэ бүгдийг цэгцлэхийг зорьж байна. Гэхдээ хоёр талын ашиг зөрчилдөж буй бололтой.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа “Монголын наадмаар эрлийз морь уралдуулахгүй. Монгол бол монголоороо л уралдана. Төрийн сүлдэндээ залсан монгол адуугаараа бид бахархах хэрэгтэй. Монгол адуу бол Монголын ард түмний бахархал. Монгол наадмаар монгол цусны морьд уралдаг. Эрлийз, монгол морьдыг хольж уралдуулах нь байж болохгүй зүйл. Хэзээ ч тэр бүтэхгүй. Тэр нөхдүүдэд нь хэл. Тусдаа уралдана. Хэл ам хийх хүмүүс байвал хуулийн хяналтын байгууллагад шалгуул” гэж байсан.
Мөн Төрийн ордонд зохиогдсон Монголын үндэсний спортын анхдугаар их чуулганы үеэр Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улсын тусгаар тогтнол, монголчууд бидний аугаа их түүх монгол адуутай салшгүй холбоотой. Монгол хүн, монгол морь хоёр хамтдаа дэлхийн түүхийг бүтээлцсэн. Тийм учраас монгол морь бол Монголын ард түмний бахархал юм аа” гэж давтан сануулсан.
Гэтэл түүний дээрх бодлогыг төрийн зарим сайд, гишүүд дэмжихгүй байгаа бололтой. Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд “Х.Нямбаатар сайд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг ялгаж уралдуулах журам баталсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байгаа юм. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Хууль зүйн сайдын хэм хэмжээ хууль зөрчсөн гэдэг нь харагдаж байгаа. Хүчин төгөлдөр бус актыг мөрдүүлж хэрэгжүүлбэл үүсэх үр дагаврыг тухайн төрийн байгууллага, албан тушаалтан үүрэх ёстой.
Ерөнхийлөгч Монголчуудын тусгаар тогтнол монгол адуутай салшгүй холбоотой, Монгол наадмын үеэр шударга ёсыг зөрчсөн хүмүүст хатуу хариуцлага тооцох талаар хэлсэн. Төрийн бодлого нэг байх ёстой. Гэвч Х.Нямбаатар хууль бусаар журам гаргаж, эрлийз морины талд ажиллаж байна. Хууль зүйн сайд хууль дээдлэх зарчмаа хэрэгжүүлэхгүй нийтээр дагаж мөрдөх хэмжээ гаргаж байна. Хэсэг бүлэг хүмүүс уралдааны хоёр ангилалд эрлийз морь уралдуулахаар зүтгэж байгаа юм. Нэг хэсэг нь нөгөө хэсгийнхээ эрхийг зөрчиж байгаа нь ардчиллын зарчим алдагдаж байна.Х.Нямбаатар сайдыг энэ асуудлаар шүүхэд өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэж ярьсан билээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Нямбаатар, Я.Содбаатар, З.Мэндсайхан тэргүүтэй төрийн түшмэд улсын их баяр наадмаар эрлийз морьдын уралдаан зохион байгуулах саналтай байгаа аж.
2020 оны наадмын өмнөхөн тухай үеийн Шадар сайд Я.Содбаатар улсын их баяр наадмаар эрлийз гурван насны уралдаан зохион байгуулна гэж шийдвэрлэсэн. Угтаа хуулиндаа зургаан насны монгол адуу гэж заасан байдаг билээ. Ямартай ч удахгүй хууль нь батлагдаж, Ерөнхийлөгчийн монгол адууны бодлогыг төрийн түшмэд дэмжсэн эсэх нь харагдах биз.
Холбоотой мэдээ