Яармагийн эмнэлэг харъяалал харгалзахгүй үйлчилж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Яармагийн эмнэлэг харъяалал харгалзахгүй үйлчилж байна

Яармагийн эмнэлэг харъяалал харгалзахгүй үйлчилж байна

Залуухан хос хоёр ой хүрээгүй бяцхан охиноо үзүүлэхээр тус эмнэлэгт иржээ. Охин халуурч, хатгаа авсан байж болзошгүй тул ийнхүү эмнэлэг бараадсан гэнэ. Тэд Төв аймагт амьдардаг аж. Улсын эмнэлгүүд харъяалалгүй хүнд үйлчлэхгүй гэх шаардлага тавьдаг бол тус эмнэлгийн эмч нар орон нутаг, дүүрэг харгалзахгүй ямар нэгэн төлбөргүйгээр хүүхдийн үзлэг хийдэг болохоо хэлж байна.

Цар тахалтай зэрэгцэн Яармагийн эмнэлгийг ашиглалтад оруулсан бий.  Эргэн тойрныг ажвал коридор, үүдний танхим, хаалга нь яг кинон дээр гардаг орчин үеийн эмнэлгийг санагдуулам цэвэр цэмцгэр, тохь тухтай.

Цахим бүртгэлийн танхим нь дугаарласан иргэд ч алга. Халуун хэмжих дэлгэц бас тэнд тавьчихсан харагдав.  Өвчтөнүүд эмчээ хүлээн суух сандал, хүлээлгийн өрөө нь бусад эмнэлгүүдтэй харьцуулахад цэвэрхэн, цэлгэр.

Улсын эмнэлгүүдэд хүн ихтэй, ачаалал өндөр, хөд тавих зайгүй шахам байх нь бий.  Зарим эмнэлгийн газраар нь нэг хүүхэд "зулаастай" хэвтэж буй зураг ч тавигддаг.   Гэтэл энд эсрэгээрээ хүн цөөтэй, орчны тохижилт нь өвчтөнүүдэд ая тухтай байдлыг бүрдүүлжээ.

Тус эмнэлгийн албан ёсны нэршил нь Эх, нярай хүүхдийн үндэсний төв II. Олон жил царцсан тус эмнэлэг 2020 онд ашиглалтад орсон. Сovid-19-ийн тусламж үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх зэргээр цар тахлын ачааллаас нуруун дээрээ үүрэлцжээ. Эмч нар ч тухайн үед амаргүй нөхцөл байдалд ажиллаж байснаа дурсав. Тэд 14 хоног ажиллаад гэртээ харьдаг хуваарьтай байсан гэнэ.

Ингэхдээ зөвхөн тухайн өвчтөнийг эмчлэх бус тухай иргэний сэтгэл зүй, суурь өвчин зэргийг эмч нар давхар эмчилснээ ч хэлж байна. Саяхнаас тус эмнэлэг covid-той хүнийг үзэхээ больж, үндсэн чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх болсон гэнэ.

"35 МЯНГАН COVID-ТОЙ ИРГЭНИЙГ ЭМЧИЛСЭН"

Энэ талаар тус эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

 -Цар тахлын дэгдэлт буурсан ч томуугийн дэгдэлт нэмэгдсэн талаар албаныхан мэдээлж буй. Танай эмнэлгийн хэмжээнд ачаалал ямар байна вэ. Хүүхдийн өвчлөл их байна уу?

-Манай эмнэлэг байгуулагдсан цагаас хойш энэ оны дөрөвдүгээр сарын 1-ныг хүртэл тасралтгүй сovid-19-ийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж ирсэн. Энэ хугацаанд 35 мянга орчим хүний халдварыг эмчилсэн. Энэ сарын 1-нээс ногоон бүсэд шилжиж, эх барих хүүхэд, эмэгтэйчүүд чиглэлээр ажиллаж байна. Манай эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг 380 ортой. Цар тахлын үед 1500 хүртэлх хүн хүлээж авч байсан.  Одоо үндсэн үйл ажиллагаандаа орсон, найман тасаг нэгж ажиллаж байна. Өдөртөө 20-иод төрөлт, 10 гаруй мэс засал, жирэмсний эмгэг гээд 70-80 хүн хэвтэж эмчлүүлдэг. Хүлээн авах яаралтай тусламж, амбулаториор 100 гаруй хүн өдөртөө үйлчлүүлж байна.

 -Мэс заслын тусламж үйлчилгээг хэчнээн хүнд үзүүлсэн бэ?

-Улаанбаатар хотын  хэмжээнд дөрвөн төрөх эмнэлэг бий. Бусад эмнэлгүүдээс мэс заслын орчин үеийн тасагтай гэдгээрээ ялгардаг. Жишээ нь улсын хэмжээнд эртхэн шилжүүлэн суулгах мэс заслыг  гурван вакум өрөөнд хийдэг бол манай эмнэлэг 11 мэс заслын өрөөтэй. Үүний зургаа нь вакум мэс заслын өрөө. Иймээс бид дэлхийн жишигт нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой. Боловсон хүчний хувьд чадварлаг олонд танигдсан эмч нарыг ажиллуулж байна. Мөн өнгөрөгч сарын 31-нд анхны дурангийн мэс заслаа хийсэн.  Монголд хамгийн сүүлийн үеийн аппаратаар тусламж үйлчилгээ үзүүлж байна.

"ТӨРӨХ ӨРӨӨНД ГЭР БҮЛТЭЙГЭЭ ОРЖ БОЛНО"

Тус эмнэлэг зургаан төрөх өрөөтэй. Дотроо 40 ортой. Мөн төрөхөөр ирж байгаа бүсгүйчүүдийг гэр бүлтэй нь аятай хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрэн хангажээ. Улсын эмнэлгүүдэд төрөх өрөөнд гэр бүлтэйгээ орох боломжгүй. Харин тус эмнэлгийн хувьд нэг гэр бүлийг нэг өрөөнд хэвтүүлдэг гэнэ.  Цаашдаа эх ургийн чиглэлээр хөгжихөөр зорьж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, үр тогтсон цагаас нь эхлэж, оношилж, хянаж, эмчилж, төрүүлэх бололцоог бүрдүүлсэн байна. Мөн ургийн гажгийг оношлохын тулд удам зүйн лаборатори буюу 62 нэр төрлийн ком багаж суулгасан болохоо Ж.Оюунцэцэг эмч сонирхуулав.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүтэн удам зүйн лабораторитой анхны эмнэлэг болох гэнэ. Мөн үргүйдлийг эмчлэхээр төлөвлөж байгаагаа дуулгав.  Эмчийн ярьснаар үр шилжүүлэн суулгах төвийг 2024-2025 онд байгуулахаар төлөвлөжээ. Ирэх зургадугаар сараас нарийн оншилгоо хийх аппарат суулгах аж. Ингэснээр судасны түвшинд өвчнийг илрүүлэх гэнэ.

"ТА МАНАЙ ХАРЪЯАНЫ БИШ БАЙНА, ТА ТӨЛБӨР ТӨЛ ГЭСЭН ЗАРЧИМ МАНАЙ ЭМНЭЛЭГТ БАЙХГҮЙ"

"Бидний хувьд удам зүйн талаас лабораторио байгуулсан. Эх барихын практикт хамгийн сэтгэл зовоож буй асуудал бол гэр бүл төлөвлөлтийн асуудал байдаг. Орчин үед охидын жирэмслэлт их болж байна. Үр хөндөлт ихсэж байна. Үр хөндөлттэй холбоотой дараагийн сөрөг үр дагавар болох өсөлтгүй жирэмслэх, ураг амьгүй гэх мэт дагасан хүндрэлүүд үүсч байна. Дараагийн том асуудал нь төрөлтөд эзлэх  мэс заслын давтамж их болж байна" гэж Ж.Оюунцэцэг эмч ярилаа.

-Цар тахлын амаргүй үеийг танайх багагүй ачаалалтай ажилласан. Тэр үед  ямар хүндрэл тулгарч байв?

-Тэр үед бид хэцүү байгаагаа ч  мэдээгүй. Даргаасаа авахуулаад үүдний харуул хүртэл өвчтэй хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмч өөрөө тухайн хүнийг эмчлэхээс гадна нийгмийн асуудлыг нь шийдэх зэрэг олон ажил хийсэн. Одоогийн байдлаас харахад тэр үе бидэнд дурсамжтай, инээдтэй, хөгтэй санагддаг.  Эхэн үедээ хүмүүс covid-19-той хүнээс цэрвэдэг, хэн нэгэн халдвартай байвал цагдаа сэргийлэх болж байгаад хаа явсан газраас нь баривчлаад аваад хэвтүүлдэг байлаа. Нэг удаа орон нутаг руу явах гэж байсан хүнээс covid-19 илрээд сууж явсан автобуснаасаа шууд манай эмнэлэгт хэвтсэн.  Гэтэл нөгөө хүний ачаа тээш нь ч байхгүй үстэй дээлтэй  ирчихсэн, түүнд хувцас, ариун цэврийн хэрэглэлийг нь авч өгч байлаа.

Өвчтөнүүдээс янз бүрийн асуудал, авир гаргана. Зарим нь  оргохыг завдана,  шинжилгээний хариу эерэг гарахаар бухимдана,  айж ичээд амиа хорлоно гэж уйлж унжих нь байна.  Эхэндээ бид туршлага дутаж өрөө бүрт том савтай гар ариутгагч тавьсан. Гэтэл зарим  нь түүнийг авч уугаад хордоод, согтсон удаа бий. Тэдний хордлогыг тайлах бас нэг ажил ундардаг байсан. Ер нь цар тахлыг эмчлэхээс гадна хүний амьдралд тохиолддог янз бүрийн ээдрээтэй асуудлыг шийдэж явсан. Би эмч нараа одоо магтдаг. Тэр үед бид зөвхөн тахлыг нь эмчлээгүй. Хүнд тохиолддог бүх төрийн өвчин эмгэгийг давхар эмчилсэн. Олон нийтэд манай эмнэлэг 300 ортой гэж нэрлэгддэг байсан. Тухайн үед ковид тусч байсан хүмүүс "Яармагийн 300 ортойд хэвтэх юмсан цэвэрхэн, хоол унд, эм тариа хангамж сайтай" гэсэн яриа гарсан байсан. Тийм болохоор бидний ачаалал бараг буурдаггүй байсан.

"ХӨХНИЙ ХОРТ ХАВДРЫГ ИЛРҮҮЛЭХ РЕНТГЕН УЛСДАА ГАНЦХАН БАЙНА"

Үүнээс гадна хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх тоног төхөөрөмжийг тус эмнэлэг суурилуулжээ. Хавдар судлалын үндэсний төвд хөхний хорт хавдрыг илрүүлдэг рентген аппарат байдаг ч одоогоор ажиллагаагүй болсон байна. Иймээс тус эмнэлгийг зорих нь хүн бүрт нээлттэй байгааг хэлж байна. Төрөх өрөөнд гэр бүлтэйгээ орсон ээжүүдийн сэтгэл ханамж өндөр байгаа гэнэ. Тэд нөхөртэйгөө хамт орсноор шинэ хүнээ хүлээж авах аз жаргалтай мөчөө хуваалцаж, төрсний дараах асаргаа сувилгаанд дэмтэй байдгаа хуваалцлаа. Тус эмнэлэг байгуулагдсан цагаас хойш  500-600 хүнийг эсэн мэнд амаржуулжээ. Харъяаллын дагуу Сонгинохайрхан болон Хан-Уул дүүргийн зарим хорооны хүмүүсийг авах журамтай. Гэсэн хэдий ч материаллаг бааз, тоног төхөөрөмжийн хувьд үндэсний хэмжээнд  Эх нялсхын ачааллыг хуваалцах бололцоотой аж.

"ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫГ НУТАГШУУЛНА"

Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмидээс тодруулаа.

-Цар тахлын дараа томуугийн халдвар дэгдэж, улсын хэмжээнд орны нөөц бага байна. Танай эмнэлгийн хувьд орны хүрэлцээ ямар байна вэ?

-Манай эмнэлэг цар тахлын  халдвартай 12 мянган хүүхдийг өнгөрсөн хугацаанд эмчилсэн."Covid-19″-ийн үйлчилгээ авсан хүмүүс сэтгэл ханамж авсан. Ногоон бүс болмогц томуугийн халдвар нэмэгдсэнтэй холбогдуулж манай төвийг зорьж ирж буй хүмүүс ихэссэн. Манай хүүхдийн эмнэлэг 300 ор дэлгэн ажилласан. Одоо томуу томуу төст өвчний халдварын үед 500 ор дэлгэж ажиллаж байгаа. Хоногтоо яаралтай тусламжийн тасгаар 180-200 хүүхэд ирж, амбулаторийн тусламж үйлчилгээ авч байна.

-Цаашдаа эх хүүхдийн чиглэлээр дагнан ажиллах юм байна. Тэгэхээр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хийгддэг эмчилгээ танай төвд хийгдэх үү?

-Манай эмнэлэг нь цаашдаа хүүхдийн төрөлжсөн эмнэлэг буюу хүүхдийн дотор, мэс засал, бөөр, зүрх, бусад эмчилгээг салбарлан хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Гуравдугаар сард бид 2000 гаруй хүүхдийн томуугийн халдварыг эмчилсэн. Одоо хүүхдийн уушгины тасгыг ажиллуулж томуугийн халдварыг эмчлээд явж байна. Цаашдаа бөөрний эмч нар байгаа учраас зүрх, бөөрний эмгэг, хүүхдэд мэс заслын үйлчилгээг үзүүлэх боломжтой. Мэргэшсэн хүний нөөцийг оруулаад ирвэл эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэлэн байна. Нярайн тасаг бол тус эмнэлгийн нэг том салбар. Нярайн тасгаа нээчихвэл Эх хүүхдийн үндэсний төвийн ачааллыг хуваалцана. Хүний нөөцөө сургаад, шинэ байгууллагын хувьд улсын хэмжээнд харъяалал харгалзахгүй чанартай үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.

"ХҮҮХДИЙН ТАСАГ АЧААЛАЛ ИХТЭЙ БАЙНА"

Томуугийн халдвараар 0-5 насны хүүхдүүд энэ эмнэлэгт голчлон хэвтжээ. Коридорт уйлах хүүхдийн дуу хадаж, зарим нь өрөөндөө томоотой гэгч нь сууж байна. Хүүхдээ сахиж буй ээжүүд тус эмнэлгийг тохь тухтайг магтсан юм.  Энэ тасаг бусад тасгуудтай харьцуулахад харьцангуй ачаалал ихтэй байна. Жижүүр эмчийн хэлснээр гуравдугаар сард хүүхдийн эмнэлгийн ачаалал их байсан, харин энэ сард харьцангуй тогтворжиж байгаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж