Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өчигдөр /2022.04.05/ хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "2022 онд улсын эдийн засагт тулгамдаж байгаа гол асуудал бол үнийн өсөлт. Үнийн өсөлтийг яаж шийдэх вэ гэтэл мөнгө хэвлэж шийднэ гээд оруулаад ирлээ. Мөнгө хэвлэж үнэ тогтворжуулна гэж мэдэхгүй юм байна. Өөр олон шийдэл бий. Тэр шийдлүүд дундаас хамгийн эрсдэлтэйг нь буюу улс орноо хорлох гэж байгаа юм шиг шийдлийг оруулаад ирлээ. Би үүнийг огт ойлгохгүй байна.
Монголбанкаас авч хэрэгжүүлэх арга хэмжээнд “Санхүүжилтийг банкаар дамжуулна, урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгоно, улсын нөөцийг нэмэгдүүлэхээр алтыг өндөр үнээр авна” гэжээ. Монголбанк баялаг бүтээгч биш. Өөрийн гэсэн мөнгө байхгүй. Тэгэхээр мөнгөний эх үүсвэрийг хэвлэхээс өөр аргагүй гэсэн үг. Гэвч нь хэвлэх нь хуулиар хориотой. Мөнгө хэвлэлээ гэж бодоход тэр мөнгө хаанаас гарах юм. Улсын төсвөөс гарахгүй гэвэл Монголбанкаас гарч таарна. Тиймээс мөнгө хэвлэхээс өөр аргагүй. Өөр гаргалгаа үүн дээр харагдахгүй байна. Мөнгө хэвлэхээр ханш өснө. Одоо ам.долларын хоёр өөр ханштай явж байна.
Эрх мэдэлтэй хүмүүс нь төгрөгөө 2900 ам.доллараар солиулж байна. Ард иргэд, бизнес эрхлэгчдэд 2900-гаар ам.доллар олдохгүй байгаа учраас 3200 ам.доллараар солиулж байна.
Хоёр өөр ханштай байна гэдэг нь ам.долларыг зарцуулах эрх мэдэлд ойрхон хүмүүс нэг ам.доллараас 300 төгрөгийн ашиг унагааж бизнес хийж байгаатай яг адилхан" гэлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ