Хөгжмийн зохиолч Хишигтогтохын Алтангэрэлийн “Ганц цагаан шувуу” моно дуурь 2022 оны 4 сарын 12-нд 19 цагаас Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тоглогдоно.
Монголын анхны сюрреалист моно дуурийг нэрт найруулагч агсан МУУГЗ Л.Эрдэнэбулган, МУГЖ дуурийн дуучин Ц.Төвшинтөгс, цомнол зохиолч М.Энхболд, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нар санаачлан сонгодог урлагийн шүтэн бишрэгчдэд хүргэж байна.
Монголын Урлагийн Зөвлөл нь арилжааны бус мэргэжлийн урлагийн бүтээлийг олон нийтэд хүргэх зорилгоор Онч Аудит ХХК-ийн ивээн тэтгэлэг, МУ-ын Консерватори, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дэмжлэгтэйгээр энэхүү дуурийг тайзнаа амилуулж байгаа нь Монголын орчин цагийн тайзны урлагийн өрсөлдөх чадварыг харуулж буй уран бүтээлийн томоохон эрэл хайгуул юм.
Моно дуурь нь ганц дүртэй тул зохиолын өрнөл зөрчил, хөгжүүлгийн гол үүргийг симфони найрал хөгжим голлон гүйцэтгэдэг ба гоцлол дуучнаас хоолойн чадал, өнгө илэрхийллийн уран мэдрэмж, сэтгэл хөдлөл, жүжиглэх өндөр ур чадвар шаарддаг.
Бага тайзны хэлбэрт тавигдах уг дуурийн найруулагчаар ОХУ-ын театр урлагийн академи /ГИТИС/-ийн хөгжмийн театрын найруулагчийн тэнхимийн төгсөх курсын оюутан Б.Мэндбаяр, тайзны зураачаар С.Ариунболд,зураач Х.Ууганбаяр, гоцлоочоор УДБЭТ-ийн гоцлол дуучин Э.Отгонбат, төгөлдөр хуурчаар Ц.Уртнасан нар ажиллаж симфони найрал хөгжмийг удирдаач Б.Лхагвасүрэн удирдан тоглуулна.
Тасалбарыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын кассаар (70110397) болон www.ticket.mn онлайнаар борлуулж байна.
Харилцах хүн: МУЗ-ийн Хөтөлбөрийн ажилтан Б.Батчимэг
Утас: 976-11-319015, 976-97002707
И-мэйл/веб хуудас: marketing@artscouncil.mn www.artscouncil.mn
Холбоотой мэдээ