Компьютер дараагийн хитийг сонгож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Компьютер дараагийн хитийг сонгож чадах уу?

Тодорхой хэмжээгээр чадна гэж үзэж байна. Гэхдээ хүний оролцоог дан ганц алгоритмаар солих аргагүй. 2000 оны эхээр цөөн тооны бизнес эрхлэгчид компьютер хүний таашаал, сонголтыг дуурайн, юу олны сонирхлыг татахыг үр дүнтэй таамаглаж чадна гэж итгэсэн. Энэ нь хувьсгал хийсэн ойлголт байсан бөгөөд домогт Харвей Вайнштайнс, Клайв Давизес нарын сонголтыг компьютерын алгоритм, силикон чипээр орлуулж болно гэсэн үг юм. Уянгын халилтай илэрхийлбэл энэ нь хүмүүс машины хоорондын дайн улам өргөжиж байна гэсэн үг бөгөөд чухамдаа машин хүний чаддаг юуг чадахгүй вэ буюу homo sapiens ер нь юугаараа онцгой вэ гэдгийг хайж байна гэсэн үг юм.

Жил өнгөрөх тусам хүн бол онцгой гэсэн үзэлтнүүдийн байр суурь улам бүр шахагдаж байна. 1997 онд “IBM” компанийн “Deep Blue” супер компьютер дэлхийн шатрын аварга Гарри Каспаровыг зургаан өрөг тоглож хожсон. Сүүлд нь Каспарав “Deep Blue” болон түүнтэй төстэй компьютеруудын талаар “хар хүчээр шатар тоглодог. Олон зуун жилийн явцад хөгжсөн шатрын өргүүдийн талаар огт ойлголтгүй, ямар ч бүтээлч, шинэ сэтгэхүйгүй” гэж ярьжээ.

Дуу хөгжмийн хувьд компьютер илүү амжилттай байна. Учир нь хөгжмийн бүтэц математикын үндэслэлтэй илүү ойролцоо байдаг байна. “The Echo Nest” болон “Хөгжмийн Мэдээллийн Олон Улсын нийгэмлэг”-үүд өгөгдлийн бааз байгуулсан бөгөөд өнгө, темп, аялгуу зэрэг хувьсагч өгөгдлүүдээр хөгжмийг задлан шинжилж байна. Эдгээр өгөгдлүүдийг тухайн дуу хөгжмүүд зах зээл дээр хэр сайн амжилттай байсан тухай мэдээлэлтэй харьцуулах замаар шинээр бүтээсэн дуу хөгжим зах зээл дээр хэр амжилттай байхыг тааварлахаар оролдож байна.

Барселон хотод 2001 онд байгуулагдсан “Hit Song Science” хэмээх компани үүнийг хийж эхлээд байгаа бөгөөд зарим амжилтанд хүрээд байна. Тухайлбал тухайн үед олонд танигдаагүй дуучны 14 дуутай альбомны найман дуу нь жинхэнэ хит болох юм байна хэмээн тааварлаж байсан бөгөөд Нора Жонесын “Come Away With Me” хэмээх альбом түүнээс хойш 10 сая гаруй хувь зарагдаад байна.

Тэр жил “BMG”-ийн гүйцэтгэх захирлууд “Maroon 5” хэмээх шинэ хамтлагийг дэмжин гаргаж ирж байсан. “Maroon 5” хамтлаг “Harder to Breath” сингл гаргасан нь төдийлөн амжилттай болохгүй байсан тул тэд “HSS” компанитай холбоо барин туслалцаа хүсчээ. Тус хамтлагийн цомгийг компьютертээ уншуулж үзэхэд программ тэдний “This Love” дууг илүү их амжилтанд хүрэх магадлалтай байна гэсэн дүгнэлт боловсруулж өгсөн. Үүний дараа “BMG”-ийн захирлууд “This Love” гэдэг сингл гаргасан нь жинхэнэ хит болсон бөгөөд “Maroon 5” хамтлагийн “Songs About Jane” цомог гурван ч удаа платинум цомгоор хэвлэгдсэн байна. Мэдээж тус программын зарим таамаглалууд бодит байдлаас хол зөрж байсан. Гэсэн ч ирээдүйд хэзээ нэгэн цагт энэ технологи илүү үр дүнтэй болох болно гэж судлаачид үзэж байна гэж “Bloomberg” агентлаг мэдээллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж