Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2022.04.05/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр үг хэллээ. Тэрбээр Оросын цэргийн довтолгоог дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн аймшигтай дайны гэмт хэрэг гэж буруутгаад, заавал хариуцлага хүлээлгэх ёстой гэв. Түүнчлэн, үг хэлэх үеэрээ Ирпин, Даймерка, Мариуполь, Буча хотын нурсан балгас, энгийн иргэдийн зэрэмдэглүүлсэн цогцсыг харуулсан богино хэмжээний бичлэгийг үзүүлжээ.
Оросууд хоёрдугаар сарын 24-нд дайнаа эхлүүлснээс хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дорвитой арга хэмжээгүй аваагүй тул тэдэнд эргэлзсэн байр суурьтай байгаа аж. Тиймээс НҮБ-д шинэчлэл хийхийг уриалжээ. Зеленскийн хэлсэн үгний хариуд Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчид дор бүрнээ байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, ОХУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Василий Небензиа Москваг өмөөрч үг хэлжээ. Тэрбээр хэлэхдээ, “Оросын цэргүүд энгийн иргэдийг огт онилоогүй. Буча хот Оросын хяналтанд байх хугацаанд нэг ч энгийн иргэн ямар ч хүчирхийлэлд өртөөгүй” гэв.
Хятад улсын хувьд дайн эхэлснээс хойш НҮБ-ын ихэнх санал хураалтад түдгэлзсэн байр суурьтай байсан. Тэгвэл Буча хотод болсон аллагын дүр зургийг харсны дараа НҮБ дахь Элчин сайд Жан Жүн юу болсныг шалгах хэрэгтэй гэж уриаллаа.
Тэрбээр мөн Украины асуудлаар хүмүүнлэгийн тусламж үзүүлэхдээ хууль дүрмийг баримталж, хэт их улстөржихгүй байх хэрэгтэйг анхааруулаад "Бид олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөх, энгийн иргэд болон иргэний байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах, энгийн иргэдийн хохирлыг багасгах, нүүлгэн шилжүүлсэн хүмүүс болон аюулгүй, саадгүй хүмүүнлэгийн коридорыг хангах, эмэгтэйчүүд, хүүхэд, шархадсан хүмүүсийн үндсэн эрхийг баталгаажуулахыг уриалж байна" гэжээ.
Мөн "Хүмүүнлэгийн асуудлыг улстөржүүлж болохгүй" гэж Хятадын элч онцлон тэмдэглэж АНУ, “NATO” болон Европын холбоо санал зөрөлдөөнөө зохицуулахын тулд Оростой иж бүрэн яриа хэлэлцээ хийх ёстой гэж саналаа илэрхийлсэн байна.
Харин цэргийн техник хангамжийн хувьд Оросоос ихээхэн хамааралтай байдаг Энэтхэг улс Буча дахь аллагыг буруутгаж, бие даасан мөрдөн байцаалт явуулах хэрэгтэй гэв. НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас Гринфилд хэлэхдээ, Дэлхийн удирдагчид ноён нуруугаа харуулж, Оросын үндэслэлгүй заналхийллийн эсрэг зогсох хэрэгтэй” гэжээ.
Украины 11 сая орчим иргэн буюу нийт хүн амын дөрөвний нэгээс илүү хувь нь орон гэрээ орхин дүрвэжээ. Эдгээр хүмүүсийн дөрвөн сая гаруй нь Украиныг орхин гарсан байна. Мөн 1430 иргэн амиа алдсаны 120 гаруй нь хүүхэд байна гэж НҮБ-ын тусламжийн тэргүүн Мартин Гриффитс хэллээ. Оросын цэргүүд Украинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээллийг шалгаж байна гэж НҮБ-ын улс төрийн асуудал хариуцсан дарга Розмари ДиКарло хэлэв.
193 гишүүнтэй НҮБ-ын Ерөнхий ассамблей маргааш /2022.04.07/ ОХУ-ын түрэмгийллийг таслан зогсоох асуудлаар санал хурааж магадгүй гэж дипломатчид мэдэгдэв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ