Ерөнхий сайд дахин гарч ирэв. Өмнөх шигээ вакцинжуулалтаа ярьсан хэвээр. Гэхдээ хэнд ч юм уурласан, хэг ёг хийсэн, хэдэн сэтгүүлчдийг үгээр дайрсан маягтай. Түүний мэдэгдэл ард түмэндээ бус Ардын намынхандаа хандсан байв. Ингэхдээ битүү, хатуу, нөхцөл байдлыг бодитоор дүгнэсэн бус хэтэрхий сүржигнэсэн байлаа. Төрхөмдөө буцах гэж байхад нь гуйж, гувшиж байж үлдээсэн эхнэр шиг л болж буй үйл явдал, учир шалтгааныг бусад руу чихэж, надад хамаагүй гэх нь холгүй суув. Цар тахлын гамшиг бүгдийг чихдэг байсан бол одоо дараагийн буруутан дайн болжээ.
Цар тахлын үед бид л арга хэмжээ аваагүй бол 30-40 мянгаараа үхэж, үүнээс хавь илүү хохирол амсах байсан талаар төсөөлөл ярьдаг байв. Гэтэл тахлыг тоохоо болиод хаяснаас хойш маш их мөнгө зарцуулж, хэрэгжүүлсэн Засгийн газрын бодлого үр дүнтэй байсан эсэхэд эргэлзэхэд хүргэсэн. Монголчуудын тусах нь тусаж, эдгэрэх нь эдгэрч, халих нь хальж, сүргийн тархлаа тогтсон бололтой. Халдвар аяндаа буурав. Гэтэл хоёр жилийн хугацаанд хэдэн их наядаар тоологдох төгрөг зарцуулж, тэр тоолондоо иргэдээ загнаж, зандарч, эрхийг нь хааж, хөсөрдүүлж ирсэн. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэх асуулт гарч ирж байна.
Тэгвэл Цар тахлын хуулиар бүхий л эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, дур зоргоороо асуудлыг шийдэж ирсэн шигээ дараагийн хуулийг өчигдөр өргөн барьсан даруйдаа хэлэлцэж эхлэв. Тэр нь Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл юм. Гол нэрийн бараа гэдэгт нь шатахуун /АИ-92/, гурил, мах бөгөөд үнийг нь засгаас барих арга хэмжээг зохицуулах хууль гээд ойлгож болно. Албан ёсны тайлбарт нь “Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна” гэжээ.
Энэхүү хуулийн төслөө Ерөнхий сайд өөрийн биеэр УИХ-ын даргад өргөн барьсан агаад үйл явдлын зургаас харвал гуйх хүн царайчилсан маягтай инээмсэглэн бөхөлзөж, гуйлгах хүн гэдийх маягтай, царайдаа ярвайлт тодруулжээ.
Хачирхалтай нь энэхүү хуулийн төслөөр Лондонгийн биржээс 5 хувийн өндөр үнээр алт худалдан авах байдлаар Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлнэ. Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулна.
Төв банкнаас мах, гурил болон газрын тосны тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөр, шаардлагатай хөнгөлөлт, санхүүжилт олгох аж. Ингэхдээ мөнгө хэвлэхгүй гэж Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч мэдэгдсэн. Гэхдээ нэг тодорхой зүйл гэвэл үүнд зарцуулах мөнгийг төсвөөс гаргахгүй. Монголбанкинд үүнд зарцуулах мөнгө байхгүй. Тэгэхээр өмнөх шигээ ямар нэгэн байдлаар мөнгө хэвлэх л болж таарч байх шиг. Өчигдөр нэг зүйл тодорхой болсон нь Монголбанкны Ерөнхийлөгч Эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд мөнгө хэвлэсэн гэдгээ мэдэгдсэн. Өмнө нь мөнгө хэвлэхгүй, арилжааны банк, алт, валютын нөөцөө ашиглаж хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байсан ч бодит байдал дээр хэвлэсэн гэдгээ өчигдөр л хүлээн зөвшөөрлөө.
Тиймээс үнэ тогтворжуулахад ямар нэгэн байдлаар мөнгө хэвлэж л таарах нь. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Монголбанк баялаг бүтээгч биш. Өөрийн гэсэн мөнгө байхгүй. Тэгэхээр мөнгөний эх үүсвэрийг хэвлэхээс өөр арга байхгүй гэсэн үг. Гэвч нь хэвлэх нь хуулиар хориотой. Мөнгө хэвлэлээ гэж бодоход тэр мөнгө хаанаас гарах юм. Улсын төсвөөс гарахгүй учраас Монголбанкаас гарч таарна. Тиймээс мөнгө хэвлэхээс өөр аргагүй” гэсэн ч албаны хүмүүс няцаалт өгч чадсангүй. Тиймээс эдийн засагчдын анхааруулдаг төгрөгийн ханш улам сулрах үйл явц руу Засгийн газар, Монголбанктай хөтлөлцөөд хөтлөх нь. Яг ямар хуулийн төсөл явааг өөрсдөөс нь өөр мэдэх хүн алга. Мэдэхгүй болохооор таамаглан хардахаас өөр замгүй.
Дэлхийн бусад оронтой харьцуулахад Монголд бараа бүтээгдэхүүн үнэ хямд байгаа талаар Л.Оюун-Эрдэнэ ам бардам хэлнэ лээ. Тийм байж болох ч бидний авдаг цалин харин хэд дахин доогуур байгааг тэр хэлсэнгүй. Иргэдээ басамжилсан, доромжилсон, юуг ч мэдэхгүй малнууд гэж ойлгодог бололтой.
Монголчууд яагаад гадаад очиж хар, бор ажил хийх сонирхолтой тийшээ тэмүүлж, тэнд олсон хэдээ наашаа явуулаад байдаг вэ энгийн амьдралын ойлголт ч түүнд алга. Түүнээс бодит нөхцөл байдлыг сайжруулах ямар төлөвлөгөө байгааг асуухад “Би огцрохоос айхгүй байна. Улс төрийн үхдэл болохоос айж байна” хэмээгээд нөгөө л хөгийн явдлаа хэлнэ лээ. Тэр нь ядаж байхад өмнөхийнхөө хэлсэн үгийн муужруулсан хувилбар. Намдаа хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаагийнх нь илрэл энэ үгнээс нь нэвт ханхална. Хэвлэлүүд гэхээсээ илүүтэй намынх нь дотроос түүнийг түлхэж унагаах сонирхолтой бодит хүчин байгаа бололтой. Тиймээс авлигатай хатуу хэмцэх нэрийдлээр тэднийг дарах эрх мэдэл бий гэж хэлээд авах шиг. Намын жижиг асуудлаа Монгол Улсын асуудал мэт дэмийрдгээ л больчих. Андлалын хөшөөнөөс эхлээд наадмын хүртэл амин хувийн ашиг хонжоогоор эргүүлдэг түүнд ард түмэн харин ч удаан хүлээцтэй хандаж буй. Гэтэл ёс юм шиг хуурай, хэтэрхий сэтгэл хөөрөлд автсан, хийсвэр төсөөлөл, хэдэн их наядаар тооцогдох төслүүд танилцуулж гарч ирээд иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөхүйц арга хэмжээ авдаг нь үнэхээр чөдөр болох болов. Одоо үйл явдалтай холбогдуулж өөрийн чинь гаргасан шийдвэр хэний төлөө байсныг, хэрхэн нөлөөлснийг эрүүл ухаанаар эргэн харж, оюун дүгнэлт хийх цаг чинь болчихсон. Хоёр хоосон сүржигнэлээ шүү дээ.
Энэ удаад уламжлал ёсоор Баянхонгороос УИХ-д сонгогдсон нэр бүхий эмэгтэй гишүүн, нөлөө бүхий улстөрчид эдийн засагт ямар хорлонтой зүйл хийж байгаа тухай бас хэлээд авсан. Түүний ард хэн байдгийг хамгийн сайн мэдэх хүн нь өөрөө. Ер нь л мэдээлэл хийх болгондоо л иймэрхүү байдлаар эрийн муу эмд гэгчээр ганц нэг эмэгтэй улстөрчдийн нэрийг хэлээд болохгүй, бүтэхгүй бүхнээ түүнтэй холбоод өөрийг нь ажил хийлгэхгүй байгаа тухай гоншигнодог. Тэгсэн хэр нь авлигатай, улстөржсөн мафийн бүтэцтэй тэмцэнэ гэж улигладаг. Гэтэл намын болоод төрийн бүх эрх мэдэл нь өөрт нь байсаар. Түүний буруутгасан чадалтай, мэдэлтэй ганц эр нь М.Энхболд байсан. Ганцаараа ч үлдэх болов уу. Шуудхан хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн амлаж авсан бүхэн амнаас нь гарснаас яг эсрэгээр үйлчилж байна. Тиймээс хийхгүй байсан нь Монголд хэрэгтэй, амьдралд ач тустай мэт.
Гэхдээ тэр нэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй явах шиг. Бид биш тэр өөрөө гуйж энэ албан тушаалдаа томилогдсон. Тиймээс гоншигнолгүй ажлаа хийсэн шиг хийгээд чадахгүй бол зайгаа тавих хэрэгтэй. Намын зодооноо улсын асуудал мэтээр удаа дараа сүржигнэж, тэр тоолондоо ард түмнийг доромжилох хэрэггүй. Монголчуудад асуудлыг шийддэг, амьдрах боломжийг сайжруулахын төлөө зөв шийдэл олдог гүйцэтгэх засаглал хэрэгтэй болохоос айлын авгай, хүүхэнтэй цэц булаалдаж, омгорхож, томорхож суудаг хүн хэрэггүй. Дахин хэлье, бид гуйгаагүй.