МҮБХ-ны удирдлагууд АН-ын хэрүүлийг өрдөв

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

МҮБХ-ны удирдлагууд АН-ын хэрүүлийг өрдөв

МҮБХ-ны удирдлагууд АН-ын хэрүүлийг өрдөв

Ардчиллын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 7-ны Пүрэв гаригийн 14:00 цагаас Бөхийн өргөөнд болно. Уг барилдааны түрүү бөх найман сая, үзүүр бөх зургаан сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгөөр байлуулна. Гэвч уг барилдаантай холбоотой маргаан улс төрийн асуудал болж хурцаджээ.

Тодруулбал, Ардчилсан намаас дээрх барилдааныг зохион байгуулъя гэж үндэсний бөхийн холбоонд хүсэлт тавьсан аж. Гэтэл Х.Баттулгын талынхан ч мөн ийм хүсэлт тус холбоонд гаргасан байна. Харин бөхийн холбооны зүгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талтай хамтран барилдаан зохион байгуулахаар тохирсон аж.

Тиймээс хууль ёсны  Ардчилсан намаас энэхүү үйлдлийг намын нэр барьж, мөнгө угаах хууль бус үйлдэл гэж мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч гэх Х.Баттулга, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав нар хамтран Ардчилсан намын нэрээр “мөнгө угаах” хууль бус үйлдэл явуулж байгааг Ардчилсан нам эсэргүүцэж байна. 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр нь Монголын Ардчилсан нам байгуулагдсан түүхэн баярын өдөр. Гэтэл Ардчилсан намын нэр барьсан хэсэг хүмүүс Ардчилсан намын даргын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаа явуулж түүнийг зөвтгөх нэрийн дор Монгол бөхийн өргөөнд 2022 оны дөрөвдүгээр сарын өдөр 7-ны өдөр Ардчилсан намын баярт зориулсан хэмээх 256 бөхийн барилдааныг зохион байгуулахаар завдаж байна. Энэхүү барилдаанд Ардчилсан намын нэр, тамга, лого, тугыг зөвшөөрөлгүй хууль бусаар ашиглахын зэрэгцээ ихээхэн хэмжээний хууль бус мөнгөний асуудал яригдаж байна. Иймд Монголын үндэсний бөхийн холбоо энэхүү хууль бус ажиллагаагаа даруй таслан зогсоож, Дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн барилдаанаа цуцлахыг албан ёсоор шаардаж байна. Ардчилсан намын нэр барьсан этгээдүүдтэй Ардчилсан намын гишүүд бид улс төрийн хатуу тэмцэл явуулахаа анхааруулж байна” гэжээ.

Улсын дээд шүүх С.Эрдэнэ даргатай АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэснээр С.Эрдэнэ даргатай АН-ыг хууль ёсны хэмээн үзэх болсон. Үүний дараа тус намын даргын сунгаанд өрсөлдөж байсан Ж.Батсуурь нэрээ татсан билээ.

Ардчиллын баярт зориулсан барилдааны түрүү, үзүүр, их шөвгийн бөхчүүд

2019 оны барилдаанд

  • Түрүү – Улсын харцага Б.Бат-Өлзий
  • Үзүүр – Улсын арслан Э.Оюунболд
  • Их шөвөг – Улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Н.Түвшинбаяр

2018 оны барилдаанд

  • Түрүү – Улсын аварга П.Бүрэнтөгс
  • Үзүүр – Улсын аварга Ч.Санжаадамба
  • Их шөвөг – Улсын заан, улсын начин Н.Жаргалбаяр

2017 оны барилдаанд

  • Түрүү – Улсын гарьд Ө.Бат-Орших
  • Үзүүр – Дархан аварга Н.Батсуурь
  • Их шөвөг – Улсын аварга, улсын арслан С.Мөнхбат

2015 оны барилдаанд

  • Түрүү – Дархан аварга Н.Батсуурь
  • Үзүүр – Улсын гарьд Б.Гончигдамба
  • Их шөвөг – Улсын арслан Э.Оюунболд, улсын заан Б.Батмөнх

2008 оны барилдаанд

  • Түрүү – Улсын харцага Л.Пүрэвжав
  • Үзүүр – Улсын аварга Г.Эрхэмбаяр
  • Их шөвөг – Улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын гарьд Н.Ганбаатар

Дашрамд сонирхуулахад, дөрөвдүгээр сард дараах барилдаан, үйл явдал болно.

  • Дөрөвдүгээр сарын 09-нд бөхийн холбооны ээлжит "Их Эе" хурал,
  • Дөрөвдүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ш.Зоригтын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 15-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 17-нд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, цэргийн арслан Доржбалын Баттогтохын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 23-нд СХД-ийн 30 жилийн ойд зориулсан "Сонгинохайрханы хишиг" улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Жадамбын Сундуйгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж