Хөөрөгний наймаагаар авлига, хар зах зээлийг илрүүлж болно

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Хөөрөгний наймаагаар авлига, хар зах зээлийг илрүүлж болно

Хөөрөгний наймаагаар авлига, хар зах зээлийг илрүүлж болно

Далд эргэлдэж буй төгрөг бүрийг бүртгэлжүүлэх үүднээс улсын төсөвт татварын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ-ын тухай хуулийн шинэчилж, 2016 оноос мөрдөж эхэлсэн. Ингэснээр иргэд хоёр хувийн буцаан олголт авдаг болсон. Улмаар энэ хувийг нэмэгдүүлэх тухай саналыг  УИХ-ын гишүүн Н.Учрал гаргаж,  "буцаан олголтоор иргэд амьдарч байна" гэх утгатай тайлбар нь хийсэн нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулах болсон. Энэ талаар  Бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч Б.Лхагважавтай ярилцлаа. Тэрбээр НӨАТ-ын 80 хүртэл хувийг иргэдэд буцаан олгох ёстой гэсэн байр суурийг хэлсэн юм.


-УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын буцаан олголтыг 40 хүртлэх хувь болгох санал гаргасан.  Энэ зөв үү?

-УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ыг буцаалтыг 40 хүртлэх хувь нэмэгдүүлэх санал гаргасныг сонссон. Н.Учрал зөв санаагаа маш буруугаар ойлгуулчихав уу гэж харсан.  Олон нийтийн сүлжээнээс харахад гишүүнийг амьдралаас тасарчихсан зүйл ярилаа гэж иргэд бухимдаад байх шиг байна лээ.  Ер нь НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ өндөр байх тусам иргэдийн тусламжтай далд эдийн засаг хумигдана.

Ойрын хугацаанд хар зах зээл, авлигатай тэмцэх хоёрхон аргыг  НӨАТ-аар шийдэж болно. Эхний ээлжид хар зах зээлийг илрүүлэх тусам НӨАТ-ын буцаан олголтын ө хувийг эргүүлэн  өг.  Би дахиад л хэлье, НӨАТ-ын 80 хувийг буцаан олго.  Энэ бол эцсийн хэрэглэгч төлж буй татвар.

Иргэн цалингаас бүх даатгал татвар төлсний дараа үлдсэн мөнгөө дэлгүүр худалдааны төвд дахин 10 хувийн НӨАТ төлж үйлчлүүлж байна. Энэ бол их харгис татвар. Иймд энэ татвар аль болох бага, буцаан олголт нь өндөр байх ёстой. Тэгвэл иргэд НӨАТ-ын 80 хувийг буцаан авснаар үйлчлүүлж буй аж ахуйн нэгжийн бүх төрлийн татварыг улсад төвлөрүүлж чадна. Уг нь Засгийн газар хуралдаад шийдэж болох  хялбар асуудал шүү дээ.

НӨАТ-ЫН СИСТЕМИЙГ ГУЙВУУЛЖ ЗОГСООХ СОНИРХОЛТОЙ БҮЛЭГ БИЙ

-Гишүүний хэлснээр НӨАТ-ын буцаалтаар амьдарч байгаа иргэд хэр олон байгаа бол. Хэрэв НӨАТ-ын  80 хувийг буцаан олговол айл, өрхийн төсөвт хэр их дэмжлэг болох вэ?

-Ер нь НӨАТ-ын буцаан олголтоор амьдарна гэж байхгүй л дээ. Нэг удаагийн дэм болно. Гэхдээ тоон дүнгээр НӨАТ-аас жилд 160 тэрбум төгрөгийг буцаан олгодог. Нэг өрх дунджаар 200 мянган төгрөг буцаан олголтоос авдаг гэсэн үг. Хэрэв НӨАТ-ын 80 хувийг эргүүлэн авдаг бол 640 тэрбум төгрөг иргэдэд үлдэнэ. Тэгвэл 200- 800 мянган төгрөг өрхөд очно гэсэн үг.  Харин УИХ-ын гишүүн Н.Учрал 400 мянган төгрөгийг нь буцаан олгоё гэсэн санаагаа буруу, зөрүү илэрхийлсэн байх.

Нэг үгээр хэлбэл, найман их наяд төгрөгийн цалин дээр 640 тэрбум төгрөгийг нэмж тооцвол том зургаараа айл, өрхөд хэрэгтэй. Түүнээс биш УИХ-ын гишүүн Н.Учралын үгийн алдаан дээр тоглож НӨАТ-ын системийг  гуйвуулж, буцаан олголтын ач холбогдлыг бууруулах санаархал явж байхыг үгүйсгэхгүй.

Энэ бол маш эрсдэлтэй шүү. Монголд НӨАТ-ын  систем маш амжилттай хэрэгжиж байгаа. Үүнд үе үеийн Сангийн сайд нарт талархаж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын системийг 2016 оноос хойш нэг ч унтраалгүй амжилттай хэрэгжиж байгаа тул бүх татварын орлого давуу биелж байгаа юм. Тиймээс иргэдэд 80 хувийг нь буцаан олгоход ямар ч асуудал байхгүй. Нөгөө талд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь ч өснө.

-Та НӨАТ-ыг зогсоох сонирхолтой хэсэг бүлэг хүн байна гэж хардаж байгаа бололтой. Тэгэхээр тийм сонирхолтой хүмүүс хэн байх уу?

-НӨАТ-ын системийг дэлхийн 80 гаруй улс ашиглаж байна. Ийм гайхамшигтай системийг унагаж амжилтгүй болгох зорилготой хэсэг бүлэг бий. Тэд бол хар зах зээлийн тоглогч нар, татвараа төлдөггүй этгээдүүд болон нийтийн мөнгө буюу улсын төсвийн хулгайч нар. Тэд НӨАТ-ын системийг аль болох ажиллуулахгүй байх сонирхолтой. Учир нь бүртгэлгүй мөнгө их байх тусмаа завших хөрөнгө ихсэнэ гэсэн үг.  Зарим талаар ийм хардлага надад бий, нуухгүй.

Зах, худалдааны төвүүдийг өнөөдрийг хүртэл НӨАТ-ын системд холбохгүй байгаа нь Ардын намынхантай холбоотой биш биз дээ гэж харддаг. Манай нам 2016 оноос хойш төрийн эрхийг барьж байна шүү дээ.

Жишээ нь, мах нядалгааны үеэр 700-800 тэрбум төгрөг эргэлддэг. Энэ том орлогыг яагаад хяналтад оруулахгүй байна. Бод мал бүрийг НӨАТ-ын QR кодтой болгож болно. Мөн хурдан морийг ч QR кодоор бүртгэлжүүлж болно. Төр байгаа л бол энэ хурдан морины хөдөлгөөнөөр 60-70 гаруй тэрбумын худалдааг яагаад илрүүлж болохгүй байна вэ. Монгол Улс саарал жагсаалтад орсон асуудалд хөөрөг хүртэл багтаж байсан шүү дээ. Цар тахлаас өмнө хөөрөгний маш том худалдаа явагддаг байсан. Яагаад үнэ цэнтэй гэсэн мянга орчим хөөргийг  QR кодоор бүртгэж болохгүй гэж. Хөөрөгний наймаагаар төрийн бүх авлига, хар зах зээлийг илрүүлж болно. УИХ-ын гишүүд хүртэл 30 сая төгрөгийн үнэтэй хөөрөг өвөртлөөд явж байгаа. Үүнийгээ ямар орлогоор авсныг нь мэдэхгүй. Энэ мэтчилэн талхны худалдаанаас авхуулаад хурдан морь хүртэл бүх худалдааг НӨАТ-ын системээр татварын орлого бүрдүүлэх боломжтой. Харамсалтай нь, олж харахгүй байна.

НӨАТ-ын систем бол гайхамшиг. Энэ системийг 2016 онд нэвтрүүлснээс хойш 2017 онд 47 их наяд бүртгэгдсэн бол 2021 онд 90 их наяд бүртгэгдсэн. Дөрвөн жилийн хугацаанд 43 их наяд төгрөгийг шинээр илрүүлсэн гэсэн үг. Гэтэл  энэ системийн үндсэн зорилго, давуу талыг нь манай намын залуу гишүүд ойлгохгүй байна.

Яагаад гэвэл гардан хийгээгүй учраас үг үсгийн алдаа нь харагдаад байдаг юм. Сангийн сайд ч бас буруу ойлголттой байдаг нь харагдаж байсан. Аливаа зүйлийн өөрчлөлтөд үндсэн философи, систем талаас нь харж, зөвөөр ярих нь чухал. НӨАТ-ын системийг 2016 оноос ашиглаж эхэлснээс хойш 220 мянган кассын машинтай болсон. Үүнд аж ахуйн нэгжүүд 400 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Харин төр дөрвөн тэрбум төгрөгийг зарцуулсан шүү дээ. Ийм том дата бааз бий болоход аж ахуйн нэгж иргэдийн оролцоо маш их. Иргэн, аж ахуй нэгж, төрийн хамтын оролцоотой өнөөдөр ийм гайхалтай системтэй болсон. Одоо давуу талыг нь ашиглах хэрэгтэй.  Аливаа татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн цаана татварыг бүрэн төвлөрүүлэхэд хэрэглэдэг урхи. Үүнийг төр ухаантай ашиглах эсэх нь тухайн  Засгийн газрын бодлого байдаг. Нэг талаар хөнгөлөлт чөлөөлөлт бол урхины нэг хэлбэр. Тиймээс ашиглах хэрэгтэй.

-Тэгэхээр өнөөгийн Засгийн газар татварыг төвлөрүүлэх урхийг зөв ашиглаж чадаж байна уу?

-Нуулгүй хэлэхэд 2016 онд НӨАТ-ыг МАН эсэргүүцэж байсан. Тэгэхээр тэдний ухаалаг бодлогыг нь олж харахгүй байгаа. Нуулгүй хэлэхэд Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэрэгжүүлсэн ч үр дүнг нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүртэж байгаа нь худлаа биш.  НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувь, сугалааны урамшууллаар иргэдийн тусламжтай татварын орлогоо бүрдүүлдэг болсон. НӨАТ-ыг 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхэд улсын хэмжээнд 1600 кассын машинтай байсан бол өнөөдөр 220 мянган машин ажиллаж байна. Дээр нь 3 сая иргэний тусламжтай тухайн аж ахуйн нэгжийн бүх төрлийн татварыг  улсад төвлөрүүлдэг болсон.

Улмаар 2017-2020 онд татварын бүх орлого 20-30 хувь давж биелсэн. Шалтгаан нь далд эдийн засаг илж болж, аж ахуйн нэгжүүд улсад татвараа төлдөг болсонтой холбоотой. Энэ ухаалаг бодлогыг манай нам одоо ч ойлгоогүй бололтой. Уг нь  НӨАТ-ын системийг илүү хөгжүүлж бусад хар зах зээлийг нээх механизмыг нээж чадахгүй байна.

Яагаад гэвэл татварын системийг хөгжүүлсэн хүмүүс нь өөрсдөө биш учраас тэр. Зарим талаараа маш харамсалтай санагддаг. Наад зах нь дэлгүүрт нэг ширхэг талх зарсан ч татварыг нь бид улсад төвлөрүүлж байна. Гэтэл өнгөрсөн онд 200 гаруй аж ахуйн нэгж  17 их наяд төгрөгийн газрын хэвлийн баялгийг зарсан. Энэ орлогоос татварыг 100 хувь бүрдүүлсэн эсэх нь эргэлзээтэй. Задалж үзвэл, 17 их наядаас 2.5 их наяд төгрөгийг нь уул уурхайн компаниуд улсын төсөвт төвлөрүүлсэн гэж тооцвол 14.5 их наяд төгрөг нь аж ахуйн нэгжүүдэд үлдэж байна.  Үүнээс мэдээж зардлаа хасна. Тэгэхээр макро түвшин дэх орлогын чанарт хяналт тавих нь ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/ юм. Энэ механизмыг төр ашиглаж уул уурхайн салбар дахь том хөрөнгө оруулалт, орлогыг хянаж чадаж байна уу гэдэг нь дараагийн асуудал. Үүнээс харахад, Монгол Улсад Татварын тухай хуульд 17 төрлийн татвар бий. Энэ бүгд тус бүр өөр өөрсдийн үүрэг, онцлогтой тул хэрхэн ашиглах нь тухайн  Ерөнхий сайд, Засгийн газрын асуудал.

ТӨР ӨӨРӨӨ ЦЭВЭРШИХЭД НӨАТ-ЫН УРХИЙГ АШИГЛАХ ЁСТОЙ

-Засгийн газар авлигатай тэмцэхээ зарлаад байгаа. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь авлигачдыг илрүүлэхэд дөхөм болох юм биш үү?

-Авлига өөрөө төртэй холбоотой. Иймд төр өөрөө цэвэршихэд НӨАТ-ын урхийг ашиглах ёстой. Нэмэгдсэн өртгийн албан татварыг иргэн, аж ахуйн нэгж, төр гэсэн гурван этгээд төлж байна. Нөгөөтэйгүүр төр өөрөө худалдан авагч болж байгаа юм. Иймд НӨАТ-ыг 100 хувь эргүүлэн авбал хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээгээр далимдуулж нийтийн мөнгөнөөс хулгайлдаг этгээдүүдийн санхүүгийн механизм ажиллахгүй болно. Нэг үгээр хэлбэл тендер, концесс, хөрөнгө оруулалтаар далимдуулан мөнгө завших боломжгүй гэсэн үг.

-Татварын дарамт их болохыг иргэд шүүмжлэлтэй ханддаг. Өнөөдөр хуулийн хүрээнд 17 татвар бүгд хэрэгжлээ гэхэд ач холбогдол нь хэр вэ?

-Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны үеэс дэлхийн жишиг гэж ямар ч онол, судалгаагүй  маш их татварыг сагсанд хийж оруулсан. Энэ нь өнөөдрийн аюул болоод байна. 17 татвар хоорондоо уялдаатай, нэгийгээ нөхдөг байх ёстой. Зорилго нь Үндсэн хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийн сайн сайхны төлөө татварын систем үйлчилдэг байх юм. Тиймээс төрийн төлөө үйлчилдэг систем биш. Наад зах нь, үндсэн философийг нь бид буруу орчуулсан. Үүний тод жишээ нь “Төр байвал татвар байна, татвар байвал төр байна” гэсэн үг. Угтаа бол “Улс байвал татвар байна. Татвар байвал улс байна” гэсэн латин үг юм. Үүнийг л буруу орчуулсан. Улмаар бусад татвар нь буруу өгөгдөлтэй хэрэгжиж сүүлийн 30 жилд гай тарьсан нь ч их. Онолын дагуу хэрэглээгүй учраас тэр.

-Татварын бодлого уян хатан, тэр тусмаа  иргэн аж ахуйн нэгжид ээлтэй байх ёстой болов уу. Гэхдээ НӨАТ аж ахуйн нэгжид дарамт болж байгааг жижиг, дунд үйлдвэрлэгчид хэлдэг шүү дээ?

-2006 онд Сангийн сайд Н.Баяртсайхан байх үед би “Нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэл нягтлан бодох бүртгэлээс тусдаа бүртгэл. Тиймээс нягтлан бодох бүртгэл аккруэл суурьтай байна. Энэ зарчмыг нэмэгдсэн өртгийн албан татварт хүчээр хэрэглэж болохгүй. НӨАТ нь эцсийн хэрэглэгчийн мөнгө өгөхөд авдаг татвар тул мөнгөний суурин дээр байх ёстой” гэсэн асуудлыг дэвшүүлсэн. Өнөөдөр аж ахуйн  нэгжид үүсч буй гол асуудал нь нягтлан бодох бүртгэлийн  аккруэл суурийг НӨАТ-ын бүртгэлд хүчээр ашигласантай холбоотой. Мөнгөн суурь, аккруэл суурь хоёр хоорондоо ялгаатай. Мөнгөн суурь гэдэг нь мөнгө авах үед татвар авахыг орлогод тооцдог. Харин аккруэл суурь нь нягтлан бодох бүртгэлд хэрэглэдэг мөнгө авсан, бараа өгсөн, агуулахаас бараа хөдөлсөн гэх гурван төрлийн хөдөлгөөнтэй.  Эдгээрээс аль түрүүлж хийгдснийг нь аккруэл суурьт тооцдог. Энэ бол нягтлан бодох бүртгэлийн системийн асуудал.

Бид сүүлийн 30 гаруй жил НӨАТ-ын суурийг аккруэль сууриар хийсний сөрөг үр дагавар нь аж ахуйн нэгжид хүнд байдалд орж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, нягтлан бодох бүртгэлийг НӨАТ-тай хольж хутгасан алдаа нь 1997 оноос хойш үргэлжилж байна. Тиймээс мөнгөн суурь луу даруй шилжих хэрэгтэй. Ингэж чадвал аж ахуйн нэгжид хүндрэл болохгүй.

"ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР"-ИЙН ЗОЛИОС НЬ ААН-ҮҮД БОЛЖ БАЙНА

Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ зарласан. Энэ нь зөв үү. Зарим нь хүмүүс төр үнэ тогтоож, чөлөөт эдийн засагт оролцох ёсгүй гэсэн байр суурийг хэлж байгаа.  АН-ын үед бас Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Тэр хөтөлбөр хэр үр дүнтэй байсан бэ? 

-2013 оны үетэй л хольж хутгаад байна. Тухайн үед уул уурхай уналтад орж орлого тасарсан үед Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэвч Монголбанкны захирал асан Н.Золжаргалын алдаа нь яамдуудтай хууль бус гэрээ хийж 2.7 их наяд төгрөг хэвлэж тараасан. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга нь бонд авчирч, мөнгө хэвлэсэн. 2013 оны нэгдүгээр сард 2.7 их наяд төгрөг тараасны гороор мөн оны есдүгээр сард төгрөгийн ханш 40 хувь унаж байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 260 гаруй компани мөнгө авсан ч төгрөгийн ханш унах үед эдгээр компанийн дийлэнх нь дампуурсан. Энэ бол төр дэмжлэг үзүүлж байгаа ч нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүдийг хохироосон үйл явц. Энэ алдааг эрх баригч нам давтах гэж байна. Тодорхой барааны үнийг тогтвортой барихад УИХ-аар хууль батлуулах гэж байна. Сонгодог утгаараа цөөн нэрийн барааны үнийг тогтоосноор бусад барааны үнийг тогтоох боломжгүй гэдгийг өмнө нь бид 2013 онд харсан юм. Энэ бол дайны үед түрдээ л амь зогоосон арга. Яах вэ дахиад л оролдож үзэг. Уг нь өмнөх туршлагатай хүмүүстэй одоо л эдийн засгийн форум дээр ярилцах хэрэгтэй.

-Таны хэлснээр Үнэ тогтворжуулах бодлого эдийн засагт эерэгээр биш сөргөөр нөлөөлөх юм биш үү?

-Монголбанканд асар их өр овоорсон. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн өр, “Сайн засаглал”-ын 600 тэрбум төгрөгийн өр, тэтгэвэр тэглэж байна гэж 700 гаруй тэрбум төгрөгийн өр зэрэг маш их бий. Монголбанкны өрийг төрийн залгамж халаагаар цайруулах ёстой атал нэг ч цайраагүй. Дахиад л өр тавих байлгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үеэр хоёр ч удаа төгрөгийн ханш унахад аж ахуйн нэгжүүд дампуурсан шүү дээ. Гэтэл аж ахуйн нэгжийн хохирлыг аль ч Засгийн газар төлж байгаагүй.  Өнөөдөр цар тахал, дайны эдийн засгийн онцгой нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой аж ахуйн нэгжүүд Засгийн газартай гэрээ хийвэл аливаа эрхзүйн маргааныг Монгол Улс дахь Арбитрын шүүхээр шүүлгэнэ. Ийм тохиолдолд аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулах магадлал өндөр. Засгийн газар нь ч өөрөө санаачилгатай байгаасай гэж хүсч байна. Хямралын дараа аль ч аж ахуйн нэгжүүд уйлаад дуусдаг. Яагаад гэвэл төр асуудлыг шийдэхдээ өөртөө ашигтайг нь л шийддэг. Тиймээс одоо үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнтэй байх эсэх нь гэрээнээс их хамаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ХахаХаха
21
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж