Кибер халдлага гэдэг үг дэлхийн хэвлэлийн өдөр тутмын амны уншлага болжээ. Дэлхий дахинд хамгийн халуун сэдэв болоод буй Орос, Украины дайн болон бусад мөргөлдөөнүүдийн хувьд дижитал домэйны кибер халдлага нэгэн төрлийн дайны талбар болж байна. Өдөр тутмын амьдралд ч гэсэн кибер халдлага газар авч хувь хүний нууцад нэвтрэх болов. Цаашлаад цахим орчинд хэрэглэгчдийн анхаарлыг өөр тийш нь хандуулах, нийгмээс тусгаарлагдмал байдлыг бий болгох, хэт даврагч үзлийг өөгшүүлэх зэргээр энхтайван болон ардчилалд аюул учруулж байна. Нөгөө талаас эдгээр хор хөнөөлтэй зүйлстэй зэрэгцээд орчин үеийн цоо шинэ технологиуд хүч түрэн гарч ирж буй нь сайшаалтай.
Тухайлбал, АНУ-ын эсрэг кибер халдлагаас хамгаалах аргыг тус улсын кибер довтолгооноос хамгаалах “CISA” агентлаг судалж эхэлжээ. Том, жижиг бүх халдлага цахим орчинд хор хөнөөл учруулсан тохиолдолд хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байх ёстой гэж “CISA” үзэж байна.
ДАЙНЫ БҮСЭД ТАНК ОРЖ ИРЭХТЭЙ ЗЭРЭГЦЭЭД ХОРЛОН СҮЙТГЭГЧ ПРОГРАМУУД Ч НЭВТЭРЛЭЭ
Оросын танкууд хоёрдугаар сарын 24-нд Украинд нэвтрэн орохоос хэдхэн цагийн өмнө "Майкрософт" компанийн тагнуулын төвд дохиолол дуугарчээ. Ийнхүү "Майкрософт" компани өөрийн мэдэлгүй дайны оролцогч болсон агаад засгийн газрын яам, санхүүгийн байгууллагууд руу чиглэсэн урьд өмнө хэзээ ч байгаагүй хортой програм илэрснийг анхааруулжээ. Ердөө гуравхан цагийн дотор АНУ-д төвтэй технологийн компани 9000 орчим километрийн зайнаас Европ дахь хуурай замын дайны төвд орсон байна. Сиэтлийн хойхно оршдог аюулын төв тэр дорхноо өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хортой програмыг салгажээ. Улмаар Украины кибер хамгаалалтын дээд байгууллагад мэдэгдсэн. Гурван цагийн дотор "Майкрософт" компанийн вирус илрүүлэх системийг шинэчилсэн бөгөөд энэ нь сүлжээн дэх өгөгдлийг арчиж устгадаг кодыг блоклосон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед "Форд Мотор" компани "Шерман "танк үйлдвэрлэхийн тулд автомашины үйлдвэрлэлийн шугамаа өөрчилж байсны нэгэн адил "Майкрософт" компани ч Орос, Украины дайнд чухал нөлөө үзүүлжээ.
Киев хотод анхны дэлбэрэлт болоход Украины Цахим хөгжлийн яамны дэд сайд Валерия Ионан бусад удирдагчидтайгаа яаран холбоо барьсан аж. Тус яам нь төрийн үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлэх, Украины технологийн салбарыг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан байна. Оросын түрэмгийллээс өмнө Украины Дижитал өөрчлөлтийн яам “Diia” нэртэй програмаар дагнаж ажиллаж байв. Энэ нь цахим паспорт, жолооны үнэмлэх, замын хөдөлгөөний торгууль зэрэг төрийн үйлчилгээг хялбархан авах боломжтой програм юм. Тус яамны гаргасан төслүүд нь Оросын эсрэг тэмцлийн гол тулгуур болж, дэлхийн удирдагчид болон технологийн салбарын акулуудын дэмжлэгийг авч чадсан байна.
Мөргөлдөөн эхэлснээс гурав хоногийн дотор тэд АНУ-ын технологийн аварга компаниудтай холбогдох олон нийтийн кампанит ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд криптовалютаар хандив авч, Элон Маскийн Старлинк хиймэл дагуулын интернетийн үйлчилгээнд нэвтрэх эрхийг авсан. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Украинд өгсөн крипто хандив 100 сая ам.долларт хүрсэн байна. Сүүлийн үеийн төслүүдээс дурдвал Оросын цэргүүдийн хөдөлгөөнийг харуулсан зураг, бичлэг илгээх зориулалттай чатбот бий болжээ. Тус яамны зөвлөх Антон Мелник хэлэхдээ, “Бид Цахим хөгжлийн яамыг цэргийн байгууллага болгон өөрчилж чадлаа” гэжээ. Түүнчлэн “Apple”, “Google”, “Facebook” компаниуд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоосон.
АНУ-ын засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Украин дахь кибер осолд хариу арга хэмжээ авах, сэргээн босгоход нь туслах, чухал дэд бүтцийн кибер эсэргүүцлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд бусад холбоотнууд болон түншүүдтэй хамтран ажиллаж, хортой кибер техникүүдийн талаарх тагнуулын мэдээллийг хуваалцах, шаардлагатай тохиолдолд түргэн шуурхай зарлахад бэлэн байлгах ажил хийгдэж байгаа аж.
АНУ-ЫН ДИЖИТАЛ ЗАСГИЙН ГАЗАР
Дайн байлдаанаас түр сатаараад харвал шинэ технологи нэвтэрч, бүх зүйл дижиталчлагдаж байгаа нь төрийн үйлчилгээний хүртээмжийг эрс сайжруулах боломж гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл Хойд Америкийн орнууд энэ тал дээр нэлээд хоцрогдолтой байжээ. Харин Covid-19 цар тахал гарснаар тэд бусад оронтой хөл нийлүүлэх боломжтой болжээ. Цар тахлын хязгаарлалт, хөл хорио нь тэтгэвэр тэтгэмжийн хугацааг хойшлуулах зэрэг сул талтай байсан ч нөгөөтэйгүүр дижитал төрийн үйлчилгээний хөгжлийг хурдасгасан. Хойд Америкийн хамгийн том төлөөлөл болох Канад, Мексик, АНУ-д дижитал засгийн газрын инновацыг нэвтрүүлснээр тус тив нь энэ салбарт дэлхийн тэргүүлэгч болох боломжтой болжээ.
Эх сурвалж: ASPISTRATEGIST, NEW YORK TIMES, WIRED, US DEPARTMENT OF STATE
Холбоотой мэдээ