УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гуравдугаар сарын 23-нд Эдийн засаг, байнгын хорооны байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцохыг шаардсан. Тэгвэл өчигдөр /2022.04.05/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголбанкны Ерөнхийлөгч огцрохгүй гэдгийг мэдэгдсэн. Ингээд тэдний байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.
Ч.Хүрэлбаатар
УИХ-ын гишүүн:
-Эдийн засгийн байдал амаргүй байгаа. Чөлөөт уналт хийж байна шүү. Гаднаас валют авах гэхээр олдохгүй. Улмаар 2-4 сарын дараа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомсдол үүсэх эрсдэлтэй.
Мөнгөний бодлогыг 2011 оны сүүлээр хэлэлцэж байх үед бодлогын хүүг нэмэх талаар ярихад үгүй гэсээр байгаад өнөөдөр валютын нөөцийг тэрбум гаруй ам.доллараар хоосолсон. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороон дээр яримаар байна, Ж.Ганбаатар дарга аа. Эдийн засаг унаж дууслаа. Эргээд бүх гал гишүүд бидэн дээр ирнэ. Чимээгүй, ямар ч үйлдэл хийгээгүйнхээ төлөө бид хариуцлага хүлээнэ шүү. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг анх томилогдож байх үед бүлэг дээр би ганцаараа эсэргүүцэж байсан. Ажлаа хийж чадахгүй хүн гэж боддог. Үүний эцэст улс орны эдийн засаг ямар байдалд байгааг бид харж байна.
Л.Оюун-Эрдэнэ
Ерөнхий сайд:
-Ажил хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанк УИХ-ын харъяа байгууллага. Гэхдээ энэ цаг үе аль ч улсын төв банкны захирлуудад хүнд байна.
Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийнэ. Авлигатай холбоотой, ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Түүнээс биш хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан хаагчаа хэнээс ч айхгүйгээр хамгаална.