Краны стандартад тавих хяналтаа чангатга!

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Краны стандартад тавих хяналтаа чангатга!

Краны стандартад тавих хяналтаа чангатга!

Дулааны улирал эхэлж барилгын ажлууд ид өрнөхтэй зэрэгцээд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас гарах ослын тоо нэмэгддэг. Тухайлбал, орон сууцны олон давхар барилгын ажлыг гүйцэтгэх явцад кран унах, хүний амь эрсдэх явдал урьд өмнө цөөнгүй гарсан. Өнгөрсөн жилд энэ төрлийн ослоос шалтгаалж насанд хүрээгүй хоёр, дөрвөн том хүн хүнд бэртэж, амь насаараа хохирсон байна. Тиймээс эрсдэл өндөр энэ үед ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниуд хариуцлагатай байж амь насаар дэнчин тавьсан бүтээн байгуулалт хийхгүй байх нь зүйтэй юм.

Нийслэлд баригдсан зарим бүтээн байгуулалт хүний амиар боссон гэхэд хилсдэхгүй. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд аюулгүй байдлыг хангаагүй, стандартын бус аргаар суурилуулалт, бэхэлгээ хийснээс болж он гарснаас хойш крантай холбоотой хоёр осол бүртгэгджээ.

Тодруулбал, хамгийн сүүлд Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт кран унаж, замын байгууламж, ойролцоох хашаа зэргийг эвдсэн осол гарсан. Тус осол ямар шалтгааны улмаас гарсан талаар холбогдох мэргэжилтнээс тодруулахад стандартын бус аргаар кран угсарч, тусгай зөвшөөрөлгүй компани ажил гүйцэтгэсэн гэсэн юм. Золоор  хүний амь нас эндээгүй. Кран унасан газар өдрийн цагаар хүүхдүүд олноор зорчдог байна. Хэрэв краныг өдөр угсарсан бол хайс, хашаа, замын байгууламжаас гадна хүний аминд халтай байх байж. Тиймээс үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хариуцлагыг нэмэх шаардлагатай байна. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар нийслэлд баригдаж буй барилгын ихэнх нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс осол гарахад хүрдэг аж. Угтаа ажилдаа хариуцлагатай хандвал осол огт гарахгүй байх боломжтой.

КРАНЫ ХИЙЦ, ЭД АНГИ ГЭМТЭЛТЭЙ БАЙСНААС ОСОЛ ГАРАХАД ХҮРЧ БАЙНА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.ДАШДАВАА:

-Кран унах ослын дуудлага дулааны улиралд их ирдэг. Тухайлбал,  Баянгол дүүрэгт баригдаж байсан “Оршил” констракшны барилга дээр кран угсрах үед доош унасан осол саяхан гарлаа. Урьдчилсан байдлаар бүрэн бус техник хэрэгсэл ашиглаж байснаас осол гарсан гэсэн дүгнэлт хийсэн. Тухайн осол гарсан шалтгааныг тодруулахаар МХЕГ-аас шалгаж байна. Цамхагт кран угсрахад суурь, бэхэлгээ, гагнуур салсан эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Краны хийц, эд анги гэмтэлтэй байснаас осол гарахад хүрч байна. Аж ахуйн нэгж кран угсрахдаа ойролцоох талбайн зохион байгуулалтыг мөн сайтар харах хэрэгтэй.

Осол азаар хөдөлгөөн тайван байхад гарсан. Гэхдээ энэ маш аюултай. Эд ангиас гадна тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн туршлага, техникийн үзлэгийг сайтар хийж, туршлагатай хүмүүс гүйцэтгэсэн бол энэ осол гарахгүй байсан. Иймд аль аль талдаа анхаарах хэрэгтэй.

Одоогийн байдлаар тухайн барилгын ажлыг зогсоож, краныг дахин угсрах, суурийг бэхжүүлэх ажил хийгдэж байна. Тухайн краны хувьд металл хийц нь зэвэнд элэгдсэн байсан тул шинжилгээнд дээжийг нь өгсөн. Урин дулааны улирал болж, барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд, иргэд техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарч, дотоод хяналт, үзлэг шалгалтыг тогтмол хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, аливаа осол эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

БАРИЛГА ДЭЭР ГАРЧ БАЙГАА ИХЭНХ ОСОЛ ХАБ ХАНГААГҮЙГЭЭС БОЛДОГ

Хэдхэн хоногийн өмнө барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/-ын талаар нэгдсэн хэлэлцүүлэг болсон. ХАБ-ыг хангаж ажиллах нь яагаад чухал болохыг хүн бүр мэддэг. Гэхдээ мэддэг зүйлдээ компаниуд төдийлөн анхаарахгүй байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр онцолсон. Үүнээс болж ажлын байран дээр санамсар болгоомжгүй осол гарч техник хэрэгсэл эдвэрч, хүн гэмтэхэд хүрч байна. Барилгын талбайд гардаг нийтлэг аюул ослын тэргүүн эгнээнд кран хамаардаг. Тиймээс краны ажил гүйцэтгэх талбайг оновчтой тодорхойлж хашаалах нь чухал. Мөн кранаар гүйцэтгэх ажлыг эхлэхийн өмнө нь бэхэлгээг сайтар анхаарч, эд ангид эвдрэл, зэв үүссэн эсэхийг шалгах нь зүйтэй аж. Ингэснээр кран ажил гүйцэтгэх үеэр гэнэт саатаж, доош унах эрсдэл бага байна. Тэгэхлээр барилгын ажил явагдаж байх хугацаанд ойролцоох талбайн оршин суугчид ч хараа хяналт тавьж, гүйцэтгэгч компаниудад шаардлага тавих нь зүйтэй. Ингэснээр хүүхэд болон хэн нэгний дээр кран унах аюулаас сэргийлж чадна. Мөн илүү ноцтой ослоос сэргийлэх боломжтой. Байгууллага хяналт тавихгүй бол иргэд МХЕГ-т мэдээлэл өгөх эрх ч нээлттэй байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж