Хятадын радио, телевизийн үндэсний хорооны захирал Zhao
Shi дэлхийн зах зээлд гарах олон кино үйлдвэрлэж, кино театруудын тоог
нэмэгдүүлэхийг зорьж буй тухайгаа мэдээлжээ. Хятадад энэ онд баригдсан кино
театрын тоо өмнөх жилийнхээс илүү гараад байгаа ч хүн амынхаа ачааллыг дийлэхгүй
байгаа аж.
Сүүлийн үед Хятадын кино урлаг илт сэргээд байгаа ба “Aftershock” кино долдугаар сарын 27-нд дэлгэцэнд гарснаасаа хойш 532 сая юанийн орлого олоод байгаа бол
"The Founding of a Republic" кино 420 сая юанийн орлого олсон байна. “Aftershock” өөр нэг
рекорд тогтоосон нь дэлгэцэнд гарсан эхнийхээ өдөр 36.2 сая юанийн
орлого олсон явдал байв. Хятадын стандартаар нэлээд үнэтэйд тооцогдох 20
сая ам.долларын төсвөөр бүтсэн уг кино нь “IMAX” кино театруудад гарч
буй анхны Хятад найруулагчтай кино юм. Уг кино 500 сая юанийн ашиг олох
болно гэсэн таамаглалыг киноны мэргэжилтнүүд дэвшүүлээд байна.
Хятадын киноны түүхэнд байгаагүйгээр
4,000 кино театрт зэрэг нээлтээ хийн гаргаж байгааг харгалзаж үзвэл ийм
амжилтанд хүрч болзошгүй юм. “Aftershock” кинонд 1976 онд
Тангшанд болж, 250,000 хүний аминд хүрсэн газар хөдлөлтийн үеэр нэгэн
гэр бүлийнхэн бие биенээсээ төөрөөд 85,000 мянган хүний аминд хүрсэн
2008 оны Сичуан дахь газар хөдлөлтийн дараа дахин учирч байгаа үйл
явдлын тухай өгүүлдэг. Фэнг найруулагчийн бүтээсэн арилжааны
чиглэлийн кинонууд Хятадын зах зээл дээр амжилттай байгаа бөгөөд саяхан
гаргасан “If You Are the One” хэмээх кино нь 350 сая гаруй юанийн ашиг
олсон байна.
“Aftershock” нь Холливуд дэлхийн хамгийн хурдтай өсч байгаа
киноны зах зээл болох Хятадыг сонирхож байгаагийн илрэл болж байна.
2010 оны эхний хагас жилд Хятадын киноны зах зээл 2009 оныхоос 86 хувиар
өсөж 4.84 тэрбум юань болсон байна. Уг кино нь АНУ-ын “IMAX Corp” болон
Хятадын продюсер “Huayi Brothers”-ын түншлэлээр бүтсэн анхны кино юм.
“IMAX Corp”, “Huayi Brothers” нар хятад хэл дээр дахин хоёр кино
бүтээхээр тохиролцсон байгаа ч ямар кино байх талаар зарлаагүй байна.
Н.Наран