Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн дөрвөн тонн тахиа, загас, нугас болон далайн бүтээгдэхүүний дээжийг МХЕГ лаборатори руу гуравдугаар сарын 31-нд шилжүүлсэн. Дээрх бүтээгдэхүүнүүдийг контейнерт хурааж, шинжилгээний хариуг хүлээнэ гэж албаныхан хэлсэн юм. Тус муудсан бүтээгдэхүүнийг устгалд оруулах бөгөөд санаатайгаар нууж оруулж ирсэн хүмүүст хуулийн хариуцлага тооцох аж. Гэхдээ одоогоор махны дээжид хийж буй шинжилгээний хариу гараагүй байна.
Хятадаас их хэмжээний муудсан тахианы мах оруулж ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, шуурхай шалгалт явуулсан. Энэ талаар тус хэсэгт ажиллаж буй МХЕГ-ын хяналтын байцаагч Х.Нямбаатараас тодруулав. Тэрбээр "Хилээр муудсан их хэмжээний малын гаралтай бүтээгдэхүүн оруулсан байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Энэ дагуу шалгалтын ажил үргэлжилж байгаа. Энэ төрлийн зөрчил он гарснаас хойш хоёр удаа МХЕГ-т бүртгэгдсэн. Одоогоор махыг битүүмжилж устгалд оруулахаар бэлдсэн" гэсэн юм.
Өмнө нь Замын-Үүдийн гаалиар сар шинийн баярын өдрүүдэд 420 тонн буюу 17 чингэлэг тахианы махыг улсын хилээр зориулалтын бус тээвэрлэлт хийж оруулж ирсэн гэх мэдээлэл тархаж, шүүмжлэл дагуулсан.
Үүнд холбогдох зөрчлийн хэрэг үүсгэж, шалгалтын ажил явуулсан байна. Өнөөдрийн зөрчлийн талаар одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг хэллээ. Ямартай ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус шалгалтаар Хятадаас муудсан тахианы мах хилээр орж ирснийг тогтоон шалгалт явуулж эхэлсэн байна.
Холбоотой мэдээ